- МОНГОЛД "ТАТВАР ТӨЛӨХГҮЙ БАЙХ" МЯНГАН ШАЛТГААН БАЙНА -
Арав гаруй жилийн өмнө Монголд далд эдийн засаг бугшиж, бараг л байгууллага болгон хоёр тайлан гаргаж байсан. Энэ байдлаасаа салах гэж их ч ажил хийж, их ч хугацаа зарцуулсан. Татварын шатлалыг багасгаж, “Өршөөлийн хууль” хүртэл баталж байсан. Одоо байгаадаа хүрэх гэж багагүй үнэ төлсөн. Харин одоо хийснээ бага, багаар баллуурдсаар дахин татварын өршөөлийн хууль санаачлахдаа тулжээ. Шалтгаан нь ямар нэг давагдашгүй хүчин зүйл биш, ердөө л тэвчиж болох зардал ихтэй төсөв байсан гэж бодохоор харамсмаар, бачуурмаар...
Улсын төсөв 2025 оны эцэст 2.3 их наяд төгрөгөөр тасарч магадгүй нөхцөл байдал үүссэн гэдэг асуудал Засгийн газрын өчигдрийн хурлын гол сэдэв байжээ. Улмаар "Тэвчиж болох зардлуудаа тэвчих" чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс танхимынхаа сайд нарт өгсөн гэх. Төсвийн зардлыг тэвчиж болно оо. Гэхдээ төсөв бүрдүүлж байгаа эх үүсвэрээ яаж хамгаалах вэ гэдэгт бүр илүү ач холбогдол өгөхгүй бол болохоо байлаа.
Төсөв хүндэрсэн талаар эдийн засагч Д.Ангар "Төсөв тасарлаа гэнэ. Биш ээ, ААН-үүд чинь тасарч байгаа юм" гэж хэлсэн нь үнэн. Улсын төсөв тасрах эрсдэл 2025 оны дундаас л мэдэгдсэн бол төсөв бүрдүүлдэг ААН-үүд татварын дарамтад сөхөрч, унах нь үнаж, тэсэх нь тэссээр гурав, дөрвөн жилийн нүүр үзэж байна. Эцсийн эцэст иргэдээ дэмжиж, урамшуулж, "нэг юм хийх" хүслийг нь ориглуулж, орлого олсон бол татвараа шударгаар төлж, бүр ч ихийг төлөх юм сан, тэгвэл улсад хэрэгтэй гэдэг бодлыг төрүүлж, алсдаа татварын бааз сууриа нэмэгдүүлж, төсвөө ханатай баталж тасрах эрсдлээс хамгаалах нь төрийн л үүрэг. Чадахгүй бол хохь нь шүү дээ, өөрт ээлгүй эрх баригчдыг ард түмэн сонгуулиар солиод л хаяна.
Улсын төсөв 2021 онд 15.6 их наяд, 2022 онд 17.9 их наяд байснаа 2025 онд 35 их наяд болж нэмэгдсэн. 2026 онд хаа очиж бага зэрэг буулаа. Ард нь татвар өссөн л гэсэн үг.
Төр эхлээд ААН-үүдээ шулдаг байсан бол ААН-үүдийн тоо нэмэгдэхээ болиод эхлэхээр иргэд рүүгээ орсон.
Хуучин жилд сая хүрэхгүй төгрөгийн татвар төлдөг ААН олон байлаа. Харьцангуй бага дүн ч гэсэн тэд чинь ариглаад явбал өсөж томрох боломжтой ААН, хуулийн этгээд. Одоо харин ажил хийдэг иргэн бүр цалингаасаа хуучнаар бол ААН-ийн төлдгөөс ч илүү татварлуулж байна.
Гурван жилийн өмнө, төсөв огцом тэлэхийн наахантай "ААН-үүдийн “давхар тайлан” хөтөлдөг үе сэргэж байна" гэж бичиж байлаа. Одоо энэ үе нэгэнт иржээ. Гэхдээ энэ бол шуналтайдаа биш, амьд үлдэхийн төлөө аргагүйдсэн үйлдэл гэж харахаас өөрцгүй нөхцөл байдал үүссэн байна.
Байгууллагууд НДШ-ийн өрөнд орохгүйн тулд хэрэгжүүлдэг нэг л арга байдгийг бүгд мэднэ. Энэ бол давхар тайлан гаргах. 2007-2011 онд ААН удирдаж байсан, ажиллаж байсан хүмүүс бүгд санаж байгаа даа. НДШ нэмэгдсэний маргаашаас тэр үе эргэж ирнэ. Байгууллагын санхүү ажилтнуудаа нэг, нэгээр нь дуудаж, “Цалинг чинь хаслаа. Гэхдээ гар дээр очих мөнгө чинь нэмэгдэнэ” гэж хэлнэ. “Ажлаа алдах уу, даатгалаа бага бичүүлээд арай илүү мөнгө гар дээрээ авах уу” гэдэг сонголтын өмнө очсон хүн ямар шийдвэр гаргах нь дэндүү ойлгомжтой шүү дээ.
ААН-үүдийн найдлага нь одоо Ардчилсан нам. 2026 оны төсвийн хэлэлцүүлэг дээр Ерөнхий сайд Г.Занданшатартай мэтгэлцэхдээ О.Цогтгэрэл дарга зөв ярьсан. Дараа нь хүндрэлтэй нөхцөл байдалд үүссэн татварт өршөөл үзүүлэх асуудлыг хөндсөн. Өршөөл байж болох хувилбар ч шийдэл биш. Эрх баригчдын яг одоо зүтгүүлж байгаа "Жижиг ААН-үүдээс авах татвараа томчуудаас нөхөж авах" /Томоос их, жижгээс бага/ агуулгатай нүд хуурсан, алсдаа хорлонтой Татварын шинэчлэлийг л зад эсэргүүцээд, төсвийг танах, ТӨК-иудыг хувьчлах, төрийн албыг цомхотгох гэх мэт эдийн засагт эзлэх төрийн мөнгөний жин нөлөөг бууруулах, татварыг мэдэгдэхүйц буулгахад анхаарах хэрэгтэй байна. Энэ тал дээр дуу нь тод, чанга байгаасай гэж хүсэж байна. ТӨК-иудын алдагдлыг төсвөөр санхүүжүүлэхээ болиод, төрийн захиргааны алба хаагчдыг цомхотгоод, төсвийн зарцуулалтыг хянаад эхлэхээр угаасаа эерэг дүн гарна. Үгүй бол далд эдийн засаг цэцэглэж, авлигадаа живнэ. Живж ч байна.
НӨАТ-Д НАЙДСАН НЬ "ДҮЛИЙДЭЭ НАЙДААД УНГАХ"-ТАЙ АДИЛ БОЛОВ 
Засгийн газар нэг хэсэг НӨАТ-ын сугалааг болиулсан нь иргэдийн баримт бүртгүүлэх сонирхлыг бууруулж, хяналтыг сулрууллаа.
Төр маргаашаа болдохгүй өөрөө сайн дураараа ийм үр дагаврыг бий болгоод яваад байгаа нь хамгийн сонин, ойлгомжгүй байна. Манай улс нэн шинэ түүхэндээ дөрвөн төрийн нүүрийг үзэж, үндсэн хуулиа мөн тоогоор шинэчлэхдээ /1924, 1940, 1960, 1992/ тухай бүрд илүү зүүний чиг баримжаатай болгон өөрчилж байжээ. Тодруулбал, нийгмийн халамжийг түлхүү оруулж ирсэн байна. Нийгмийн халамжид зарцуулагдах мөнгө нэмэгдэхийн хэрээр аж ахуйн нэгжээс авах татварын хувь хэмжээ нэмэгдэх нь мэдээж. Гэхдээ 1992 оноос хойш шинэ аж ахуйн нэгжүүд олноор байгуулагдаж, хувийн хэвшил унаж, босон хөгжлийн замдаа орж байсан үе тул татвар төдий л нэмэгдэлгүй өдийг хүрсэн.
Өөрөөр хэлбэл, татварын хувь хэмжээг нэмэх бус татварын бааз суурь буюу ААН-ийн тоо нэмэгдэж байсан нь бидний өнгөрсөн 30 жилийн аврал нь байжээ. Тийм ч учраас Монгол Улс дэлхийн бусад улсуудтай харьцуулахад татварын хэмжээ нь дундаж гэж тооцогдоно. Монгол Улсын татварын орчин нөхцөл хоёр хөрштэй харьцуулахад хүнд биш. Гэтэл одоо энэ тодорхойлолтыг өнгөрсөн цаг дээр хэлэх болчихлоо.
Өмнөх жилүүдийн ганц аврал болох, өсөн нэмэгдэж асан ААН-ийн тоо нэмэгдэх биш хасагдаж, чадамж буурч, төр татвар нэмэх арга руу орлоо. 100 ААН мөлжиж амьдардаг Монголын төр уг нь жижиг ААН-үүдээ сайтар дэмжиж, цаашдаа 1000 ААН-ээс төсвөө бүрдүүлдэг болохыг зорих ёстой баймаар.
ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг нэрийн дор нийгмийн даатгалын шимтгэлийг юун түрүүнд нэмсэн. “Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж” байсан ААН-үүд нь энэ дарамтыг даалгүй дампуурч, арай дөмөгхөн нь давхар тайлан руу орж байна. Шийдвэрээ буцаагаад ч энэ байдлаас гарах нь юу л бол.
Татварын албанд бүртгэлтэй ААН-ийн тал нь үйл ажиллагаа явуулдаггүй, үлдсэн хэдийнх нь дунд ажил хийдэг нэг иргэний нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвараас бага татвар төлдөг нь олон байна. Яагаад ийм болов.

Барууны улсууд шиг орлогын талыг татварт өм цөм хурааж авдаггүй хэрнээ яагаад ААН-үүд нь татвар төлөхөөс бултаад байна вэ. Яагаад хувь хүн нь татварт өгөх мөнгөө нууж, олноороо шүүх цагдаагийн хаалга татна вэ. Энэ тал дээр олон асуудал ярьж болох ч ААН-ийн захирлууд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн өөрсдийнх нь ярьж байгаагаар бол татвар төлөх хүслийг унтрааж буй гол шалтгаан нь төрийн чадамжгүй байдал гэнэ. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч нь энэ байр суурийг баталж, хэвлэлээр уриалга гаргаж байсан ч удаатай.
"ПОП" УЛСТӨРЧИД ТАТВАР ТӨЛӨХ ХҮСЛИЙГ УНТРААЖ БАЙНА
Уг нь бол төр иргэддээ "Та татвараа төл, төлсөн татвар тань эргээд таны сайн сайхны төлөө зарцуулагдана" гэж хэлэх ёстой. Гэтэл өнөөгийн нөхцөлд "Та татвар төлөх ёстой, таны төлсөн татварыг яахаа УИХ мэднэ" гэж хэлэх болчхоод байна. Татварт өгсөн мөнгийг нь эрхэм гишүүд тэрбум, тэрбумаар нь хувааж аваад тойрогтоо зарцуулчихна. Эс бөгөөс хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдсан иргэдэд өгчихнө.
Заримдаа бүр ямаанд хуваарилж, ноолуурын бизнес эрхлэгчдэд тарааж өгнө. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр тутам явж буй иймэрхүү мэдээллүүд өөрөө "Та татвараа битгий төл, мөнгө чинь танд эргээд зарцуулагдахгүй, төр найдваргүй шүү" гэсэн сурталчилгаа болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумслах халбага нь дэндүү олон, даанч том байгаа нь аж ахуйн нэгжүүдийг орлогоо нуун дарагдуулах нэг шалтгаан болж байна. Төсвийн ихэнхийг бүрдүүлдэг томоохон аж ахуйн нэгжүүд энэ байдалд урам хугарч, татвараа нуун дарагдуулж байгаа нь нууц биш юм. Үүнийг нотлох ч шаардлагагүй, орчин нь тийм байдал руу түлхэж байна.
ХӨГЖИЛТЭЙ ОРНУУД ТАТВАР ТӨЛСНӨӨРӨӨ БАХАРХАЖ, МАНАЙХ НУУСНААРАА БАХАРХДАГ
Өндөр хөгжилтэй орнуудад татвар төлөгч байна гэдэг өөрөө том "бахархал" байдаг. Үүнийг "Тэр хүн татвар төлснийхөө үр ашгийг бүрэн эдэлж чаддаг болохоор бахархдаг юм байна" гэж ойлгож ч болно.
Гэтэл манайд байдал эсрэгээрээ, татвар нуун дарагдуулснаараа бахархах шахдаг. Татварт өгсөн мөнгө өөрт нь эргэж ирнэ гэсэн итгэлгүй учраас ингэж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй л болов уу. Үнэндээ эргэж ирэхгүй ёроолгүй сав руу Туулын мөсийг долоох шахаж байж цуглуулсан хэдэн юмаа цутгахыг хэн хүсэх билээ дээ.
Хэн нэг улстөрчийг "Төсвөөс төрсөн тэрбумтан" гэж цоллоод байхаар хэн татвар өгөхийг хүсэх билээ. Өнөөдөр сонгогчдыг төлөөлж суусан хэдхэн хүн татвар хураамж, шийтгэврийг байнга нэмдэг, иргэд эсэргүүцэхгүй дуугүйхэн байвал тэр хэвээр нь явуулж, эсэргүүцвэл болиулдаг дураараа байдал тогтлоо. С.Амарсайханы үед зам ашигласны татварыг НИТХ тав дахин нэмээд, иргэд эсэргүүцэхэд буцаасан үйл явцаас энэ байдал тод харагдана.
Дээр нь харалган бодлогууд дэндүү их явуулсан. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангаасаа хэд дахин илүү хөрөнгийг Хүний хөгжлийн санд төвлөрүүлчхээд үр ашиггүй зарцуулж орхисон жишээ хуучраагүй, шийдвэр гаргасан хүмүүс нь одоо ч УИХ-д байж л байна.
Жижиг аж ахуйн нэгжийн татвар төлөлтийг идэвхжүүлэхийн тулд дээр өгүүлсэн хэвлэл мэдээллээр байнга гарч байдаг сөрөг сурталчилгааг арилгах (хэрэггүй зүйлд төсвийн хөрөнгө зарцуулахгүй байх), татвар төлснийхөө үр шимийг үзнэ гэсэн итгэлийг татвар төлөгчдөд суулгаж өгөх, татварын бодлогоор дэмжих хэрэгтэй байна.
Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнийн ч, Г.Занданшатарын ч төлөвлөж байгаа татварын шинэчлэлт алсдаа олигтой үр дүнд хүргэхгүй. Том ААН-үүдээс их, жижигээс бага татвар авах нь жижчүүдийг томруулах гэхээсээ илүү том компаниуд холдинг болж жижигрэх нөлөө үзүүлдэг. Гэтэл жижиг компаниуд ажлын байр, том компаниуд хөгжил дэвшил бий болгодог гэдэг үг бий.
Товчхондоо манай улс хэдэн том аж ахуйн нэгжээ тартагт нь тултал "мөлжиж", томрох гэж байгаагийних нь замыг хаах биш, жижиг аж ахуйн нэгжүүдээ дэмжих, татвар төлөгчдийн сэтгэл ханамжийн баталгааг гаргаж өгөх, үүний тулд хэрэгтэй, хэрэггүй зүйлд захиран зарцуулдаггүй байх нь шинэ шударга Монгол Улс бүрэлдэн тогтох гол үндэс суурь юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна