Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Төв банкны үйл ажиллагаанд гаднаас нөлөөлөх оролдлого гарч байна гэж мэдэгдсэн билээ. Энэ нь сүүлийн жилүүдэд үе, үе хурцаар гарч ирдэг "Монгол Улсын Төв банк Засгийн газраасаа хараат бусаар ажиллаж чаддаг уу" гэх асуултыг дахин тавихад хүргэж байна.
Монгол банк Засгийн газраасаа хараат бусаар ажиллаж чадаж байгаа эсэх тухай асуудал олон жилийн турш хариултаа нэхэж, басхүү шүүмжлэл дагуулсаар ирсэн. Уг нь УИХ анх Төв банкны тухай хуулийг батлахдаа Засгийн газраас хараат бус байхаар хэд хэдэн зүйл заалтууд оруулж өгсөн байдаг. Тухайлбал:
Олон улсын зүгээс манай улсын Төв банкны тухай хуулийг хараат бус байдлыг хангасан чамгүй сайн зохицуулалттай хэмээн үнэлэх нь бий. Гэвч дээрх заалтууд сүүлийн хэдэн жил хэрэгжсэнгүй. Төв банк Засгийн газраас хараат, үүрэг авч ажилладаг жишиг тогтжээ. Тэгвэл хуулийн хэрэгжилтийг хангахын тулд яах ёстой вэ. Төв банк хараат бус байдлаа хэрхэн нэмэгдүүлж, баталгаажуулах вэ.
Хараат бус байдал гэж юу вэ
Онолын төвшинд Төв банкны хараат бус байдал нь гурван ангилалтай. Нэгдүгээрт, Засгийн газраас хараат бус байх /ЗГ-ын хүссэнээр мөнгө хэвлэхгүй байх эрх/, хоёрдугаарт, зорилтын хараат бус байдал /Тухайн жил болон дунд хугацааны зорилтоо Төв банк бие даан тодорхойлох/, гуравдугаарт, үйл ажиллагааны хараат бус байдал /мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх арга, хэрэгслээ хэн нэгнээс хараат бусаар тогтоох/ юм.
Засгийн газар үргэлж эдийн засгийн өсөлтийг тэтгэх, ажилгүйдлийг хамгийн бага төвшинд байлгахыг зорьдог. Энэ нь Төв банкнаас механикаар мөнгө хэвлэж, зах зээлд нийлүүлэх шаардлагыг бий болгодог. Хэрэв Төв банк Засгийн газрын хүссэнээр мөнгө хэвлэж өгсөөр байвал эдийн засгийн тогтвортой бодлого хэрэгжүүлж, өсөлтийг бий болгох бараг боломжгүй. Тийм учраас олон улсын жишигт Төв банкууд Засгийн газраасаа хараат бусаар ажилладаг. Ялангуяа Засгийн газрын хүссэнээр мөнгө хэвлэдэггүй, Засгийн газарт зээл олгодоггүй.
Хоёрдугаарх хараат бус байдал буюу зорилтын хараат бус байдал. Энэ талаар онолчид хоёр хуваагдсан гэдэг. Нэг хэсэг нь Төв банк өөрөө өөрийнхөө зорилгыг тодорхойлох нь бүхий л нөөц, боломжоо дайчлахгүй байх эрсдлийг дагуулна. Тийм учраас Төв банкны зорилтыг Засгийн газар тогтоож өгөх ёстой гэдэг. Харин нөгөө хэсэг нь Төв банк өөрөө зорилтоо тогтоож, УИХ эсвэл Засгийн газартаа танилцуулснаар батлагдсанд тооцож, хэрэгжүүлэх ёстой гэж үздэх нь бий. Олон улсын жишигт ялангуяа инфляцийг онилсон Төв банкуудын зорилтыг Засгийн газар тодорхойлох нь бий. Энэ тохиолдолд зорилтын хараат бус байдал алдагдаж буй ч эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийн зорилтыг хангах талдаа сайн жишиг болдог байна. Энэ талаар доор жичдээ өгүүлэх учраас түр орхиё.
Тэгвэл гуравдугаарх буюу үйл ажиллагааны хэрэгслийн хараат бус байдал. Товчхондоо бол Төв банкны өдөр тутмын үйл ажиллагааны хараат бус байдал. Энэ нь арилжааны банкуудад тавих хяналт, зээл, хадгаламжийн хүүгийн түвшинг тодорхойлох, банкуудын заавал байлгах нөөцийг тогтоох, шаардлагатай бол банкийг дампууруулах, эсвэл аврах эрх юм.
Хараат бус байдлыг хангах гарц
Төв банкны тухай хуулиар Монголбанк Засгийн газарт тухайн жилд олгож болох зээлийн дээд хэмжээг зааж өгсөн. Гэвч Төв банк Засгийн газрын үнэт цаасыг худалдан авахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулаагүй байдаг. Тийм учраас бодит байдалд Төв банк Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээлээс худалдан авах замаар мөнгө зээлэх тохиолдол гардаг байна.
Хөгжингүй орнуудад Төв банк Засгийн газарт ямар нэгэн байдлаар зээл олгохыг хуулиар хориглосон байдаг. Харин Монголын нөхцөлд Засгийн газар Төв банкнаас тодорхой хязгаартайгаар зээл авч болно. Хүсвэл Үнэт цаас гаргах байдлаар Төв банкнаасаа зээл авчихдаг буруу жишиг тогтох хандлагатай байгааг дээр дурьдсан.
Тэгэхээр Засгийн газар Төв банкнаас зээл авахыг хүсвэл УИХ-аар хэлэлцэж, шийддэг байх зохицуулалтыг хуульд хийж өгч болно. Гэхдээ энэ тохиолдолд Төв банк УИХ дээр өөрийн байр сууриа илэрхийлэх бөгөөд татгалзах эрхтэй байхаар өөрчлөлт оруулах юм.
Түүнчлэн Засгийн газраас хараат бусаар ажиллах тухайд Төв банкны Ерөнхийлөгчийг томилж буй үйл явцыг онцолж болно. Өнөөгийн хуулиар бол Төв банкны ерөнхийлөгчийг УИХ-ын дарга санал болгож, УИХ-аар томилуулдаг. Энэ нь сонгуульд ялсан нам буюу намын дарга нь “өөрийн хүнээ” Төв банкны Ерөнхийлөгчөөр томилох байдлыг бий болгодог. Хуулиар Төв банкны Ерөнхийлөгчийг УИХ зургаан жилийн хугацаагаар томилно гэдгийг заасан. Гэвч саяхныг хүртэл О.Чулуунбатыг эс тооцвол бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан хүн Төв банкинд гараагүй байв.
Тэгэхээр, хэдий УИХ ерөнхийлөгчийг нь томилдог ч "УИХ-ын харъяаны байгууллага" гэдэг буруу ойлголтыг зассан үг, өгүүлбэр хуульд хийж өгөх нь зүйтэй болов уу.
Хоёрдугаарт, зорилтын хараат бус байдлын тухайд Төв банк жил бүр зорилтот инфляцийн төвшинөө өөрөө тодорхойлж, УИХ-аар батлуулдаг. УИХ-аар мөнгөний бодлогыг хэлэлцэх явцад Үндсэн зорилтыг өөрчлөх нь ховор. Энэ утгаараа зорилтын хараат бус хангагддаг гэж хэлж болно. Гэхдээ УИХ хүсвэл мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ зорилт, зорилтод хүрэх арга, хэрэгслүүдийг өөрчлөх, эсвэл Төв банкинд тодорхойлж өгөх бүрэн эрхтэй. Энэ өнцгөөс харвал Монгол Улсын Төв банкинд хараат зорилтын болон үйл ажиллагааны хараат бус байдал төдийлөн хангагдаагүй байгаа юм.
Ялангуяа манай нөхцөлд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байна. Өөрөөр хэлбэл, Төв банк ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг шууд бус байдлаар Засгийн газар мэдэлдээ авах боломж бүрдчихээд байна.
Тийм учраас УИХ мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ зөвхөн санал өгөх байдлаар оролцдог байх зэрэг өөрчлөлтийг хийх шаардлагатай гэдгийг судлаачид онцолдог.
Хараат бус байдлын “төлбөр” нь нээлттэй байдал
Нэгэнт “Төв банк хараат бусаар ажиллах ёстой” гэж байгаа бол үүний нөгөө талд ил тод, нээлттэй байдал хамгийн чухал. Жишээ нь Төв банк үйл ажиллагааныхаа тайлан, үр дүнг улирал бүр, шаардлагатай тохиолдолд тухай бүрт нь УИХ-д тайлагнадаг байж болно. Мөн Төв банкин дээр болж буй үйл явдал, хурал, зөвлөгөөн, шийдвэрүүд олон нийтэд нээлттэй байх ёстой. Олон нийт Төв банкны вэб хуудсаар дамжуулан Төв банкны үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал, статистик, мөнгөний нийлүүлэлт гэх зэрэг бүхий л мэдээллийг авах боломжтой байх нь чухал юм. Төв банк хараат бусаар ажиллах ёстой гэдэг нь хэнд ч захирагдахгүй тусдаа “вант улс” шиг байна гэсэн үг биш. Засгийн газрын төсвийн бодлого болон Төв банкны мөнгөний бодлого тодорхой хэмжээнд уялдаа, холбоотой байх ёстой. Хараат бус байдлаа хэтрүүлээд, хэнд ч хаалгаа тайлдаггүй, бүрэн “хаалттай ертөнц” байж болохгүй. Хараат бус байгаагийн нөгөө талд хариуцлага гэж зүйл бий. Хариуцлагыг бий болгохын тулд ил тод, нээлттэй байдал чухал юм.
Төсөв, мөнгөний бодлогын уялдаа
Төв банк хараат бусаар ажиллана гэдгийг Засгийн газрын бодлогыг “жадлан” эсэргүүцэх гэж ойлгож болохгүй. Засгийн газрын төсвийн бодлого болон Монголбанкны мөнгөний бодлого хоёр хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. Монголын нөхцөлд төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдахгүй байна гэх шүүмжлэл байнга өрнөдөг. Үндсэндээ төсөв нь хэт тэлчихсэн, үүнийг дагаад мөнгөний бодлогын орон зай хумигдсан байдалтай байна. Тэгвэл Төв банкны хараат бус байдал дээр тодорхой зохицуулалт хийснээр хоёр бодлогын уялдаа, холбоог хангах гарц харагдаж байгаа юм.
Инфляцийг онилсон ихэнх орны хувьд Төв банкныхаа зорилтыг Засгийн газар нь тогтоож өгдөг гэдгийг дээр дурьдсан. Энэ тохиолдолд Төв банкны зорилтын хараат бус байдал алдагдана. Гэхдээ энэ нь нөгөө талдаа төсөв, мөнгөний бодлогын уялдаа, холбоог хангахад эерэг нөлөөтэй гэдэг. Учир нь Засгийн газар өөрийн хэрэгжүүлэх гэж буй бодлого, үйл ажиллагаа, төсөвтэйгөө уялдуулаад “Төв банк инфляцийг энэ түвшинд барих боломжтой” гэх чиглэл өгнө. Үүн дээр Төв банк тодорхой саналаа хэлээд, зөвшилцөх замаар инфляцийн зорилтоо тодорхойлж байгаа юм.
Нэгэнт Засгийн газар төсөвтэйгөө уялдуулаад, мөнгөний бодлогын зорилтыг зааж өгсөн учраас дагаад өөрсдөө ч бас хариуцлагатай ажиллах шаардлагатай. Төсвөө мөнгөний бодлоготойгоо уялдуулж батлах, хаа хамаагүй төсвийн тэлэлт хийхгүй байх, алдагдлыг тодорхой төвшинд барих гэх зэрэг хариуцлага Засгийн газрын өмнө ирнэ. Мэдээж энэ механизм УИХ-аар Засгийн газрын төсвийг батлахдаа өөрчлөлт оруулахгүй байх, эсвэл тодорхой зааж өгсөн хүрээнд л өөрчлөлт оруулах гэх зэрэг хуулийн өөрчлөлтийг хийж байж л төгс ажиллана. /Өнөөгийн нөхцөлд улсын төсвийг УИХ-ын гишүүд 76 талаас нь “зулгааж” өөрчилж баталдаг. Эргээд хариуцлага хүлээдэггүй./
Эцсийн дүндээ төсөв, мөнгөний бодлогын уялдаа нь хоёр хамтдаа макро эдийн засгийн зохистой, зөв бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрэх тухай ойлголт юм. Түүнээс биш Засгийн газар нь Төв банкнаасаа зээл авдаг, Төв банк нь Засгийн газрынхаа буруу, зөв бүх бодлогыг хязгааргүй дэмжинэ гэсэн үг биш.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна