Мексикийн Засгийн газар толгойлогчоо алуулсны дараа хүчирхийлэл үйлдэж эхэлсэн мафийнхныг даруулахаар Халиско муж руу цэрэг илгээжээ. Илгээсэн цэргийн нийт бие бүрэлдэхүүн 9500 цэрэг офицер бөгөөд тэд Халиско болон бусад мужийн хотуудад хүчирхийлэл үйлдэж буй мафийнхныг дарах юм байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, ням гаригаас хойш тус улсын 20 мужид хүчирхийлэл, эмх замбараагүй байдал ажиглагдсан байна.
Мексикийн хар тамхины картелийн толгойлогч, хамгийн зартай гэмт хэрэгтнүүдийн нэг "Эль Менчо" хочит Немесио Осегера Сервантес уржигдар Засгийн газрын цэргүүдтэй зэвсэгт мөргөлдөөн үүсгэж байгаад амиа алдсан. Үүний дараа түүний толгойлж байсан Халискогийн шинэ үеийнхэн хэмээх мафийн гишүүд гудамжинд гарч ирэн хүчирхийлэл үйлдэж эхэлсэн юм. ВВС агентлагийн мэдээлснээр, мафийн гишүүд гудамжинд хүчирхийлэл үйлдэхээс гадна тус, тусын хотууддаа автомашин шатааж, замын хөдөлгөөнийг хааж байгаа аж.

Дээрх хэргийн улмаас Халиско мужийн захирагч захирагч Пабло Лемус Наварро улаан түвшний аюултай байдал зарлаж, нийтийн тээврийг зогсоон, олон нийтийн арга хэмжээ болон танхимын сургалтыг цуцалжээ.
Гвадалхара зэрэг хотуудад ийм үйл явдал болж байгаагаас хамгийн хүнд нөхцөлтэй нь Пуэрто Валларта хот бөгөөд гэрчүүд тэндхийн нөхцөл байдлыг "дайны" гэж тодорхойлжээ.

Түүнчлэн Халиско мужийн төв-баруун хэсэгт орших Тапалпа хотод болсон тусгай ажиллагааны үеэр Халискогийн шинэ үеийнхнхний бүлгийн дөрөв, армийн гурван алба хаагч амь насаа алдсан гэж Мексикийн БХЯ мэдээлээд байгаа юм.
Хүчирхийллийг даруулахаар Засгийн газар ням гарагт 7000, даваа гарагт 2500 цэрэг дайчилсан тул ойрын үед амиа алдагсдын тоо эрс нэмэгдэх эрсдэлтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна