Улсууд нэг, нэгэндээ тавьж байсан хамгийн хачирхалтай хоригууд

Zuv.mn
1 цаг 32 минутын өмнө

Европын холбоо ОХУ-д визийн хориг  тавихаар зэхэж байгаа билээ. Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд оролцсон орос цэргүүдийг Европын холбооны визийн хоригт хамруулах бөгөөд бүэж гэмээ нь энэ нь бүх цаг үеийн хамгийн хачирхалтай хоригийн тоонд баттай орно. Өмнө нь АНУ ОХУ-д тавьсан хоригоо өргөжүүлэхэд Москвад үйл ажиллагаа явуулдаг мотоциклын төв, нийтийн хоолны газруудыг багтаасан түүхтэй. Америкчууд өмнө нь “Чайка” нэртэй усан бассейнийг “Крымын гүүр, Москва голтой ойр байршилтай” гэдэг шалтгаанаар хоригтоо оруулж байсан гэнэ. Дэлхийн улс орнуудын хооронд тавигддаг энэ мэт хачирхалтай хоригуудыг хүргэж байна.  

Хачирхалтай арга

Хориг гэдэг маш барьцгүй зүйл. Зарим нь ямар ч үр дүнгүй байхад нөлөө багатай гэсэн нь санаанд оромгүй амжилт авчрах нь ч бий. Итали улс 1935 онд тухайн үеийн Абиссин, одоогийн Эфиоп улс руу халдан довтлоход Үндэстний лиг нефть, нүүрсний импортод нь хориг тавьсан байна. Энэ бол нэг улсад олон улсын байгууллагын зүгээс улс төр, эдийн засгийн шахалт үзүүлэх анхны оролдлого хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн юм. Гэвч харамсалтай нь анхны энэ оролдлого ямар ч үр дүнгүй болсон билээ. Итали хориг тавиулсныхаа дараа зүгээр л Үндэстний лигээс гарч, Англи, Францтай бие даасан худалдааны гэрээ байгуулсан байдаг. Үүнээс хэдэн жилийн хойно АНУ шатахууны импортын 80 хувийг нь хянадаг давуу талаа ашиглан Японд хориг тавьж байв.

Ерөнхийдөө хориг гэдэг нь өрсөлдөгчөө улс төр эдийн засгийн хувьд туйлдуулж, буулт хийхэд хүргэх зэвсэг мөн ч амьдрал дээр байгаа онохоосоо онохгүй нь олонтаа. Апартейдийн дэглэмийг унагахын тулд олон улсын зүгээс ӨАБНУ-д олон жил хориг тавьж байсан ч хар арьст ард иргэд л зовж, эрх баригчид удтал санаа амар засагласаар байсан түүх бий. Саддам Хусейний эсрэг тавигдсан олон жилийн хориг түүнийг унагаж чадаагүйг бид мэдэх билээ.

Усан сангийн хориг

2016 оны есдүгээр сард АНУ ОХУ-ын эсрэг хориг тавихдаа Москва орчмын “Чайка” усан спортын цогцолборыг оруулжээ. Ингэхдээ өмнөтгөлд дурдсан шалтгааныг дурдсан аж. Гэвч үнэн хэрэгтээ цогцолборыг ОХУ-ын Гадаад худалдааны банк эзэмшиж байсанд хоригийн гол учир оршиж байсан аж.


 Хамгийн инээдтэй нь, хориг тавигдах үед банк цогцолборыг аль хэдийнэ хувийн хэвшлийн “Перспектив” гэх компанид зарсан байжээ. Оросод ажилладаг АНУ-ын тагнуулууд хуучирсан мэдээлэл дамжуулж байсан нь ингэж мэдэгджээ.

Цаг, “Мерседес”-ний хориг 

“Rolex” цагаар гоёж, цасны мотоциклоор зугаацан “Хеннеси” коньяк шимдэг байсан цаг умард солонгосчуудад бий. Гэвч энэ тансаг хэрэглээний барааг зөвхөн эрх мэдэлтнүүд л эдэлдгийг мэдээд НҮБ 2006 онд 1718 дугаар тогтоолоороо хориг тавьсан юм. Хориг эрх баригчид төдийгүй эхнэр хүүхдүүдийг нь ч хамарч, дизайнерын урласан хувцас, аяга, тавагны цуглуулга, хивс, үхрийн мах, шоколад, бөмбөг, гольфийн цохиурыг ч хоригложээ.

Бага Ж.Бушийн тооцоолсноор энэ хориг нь өөр хэнийг ч биш, Ким Чен Ирийн гэр бүл, тойрон хүрээлэгчдийг нь онох ёстой байв. Хойд Солонгосын удирдагч коньякны хэнээтэй нэгэн бөгөөд жилд 720 мянган ам.долларыг зөвхөн “Хеннеси” худалдаж авахад зарцуулдаг, нийт үнийн дүн нь 20 сая ам.доллар элбэг татахаар “Мерседес” автомашины цуглуулгатай байжээ.  


Коммунист улсын удирдагчид гавьяа байгуулж үнэнчээ баталсан иргэндээ бугуйн цагаа тайлж өгөх уламжлал байдгийг бид мэднэ. Хойд солонгосчуудын хувьд ч Ким даргаас цаг авах нь насны хишиг буян болдог байж. Цаг авч чадахаа больсноор удирдагч ард олныхоо дунд нэр хүндээ өсгөх боломжоо тодорхой хэмжээгээр алдана гэж Вашингтон тооцоолсон ч санаснаар нь болсонгүй. Чөлөөт Ази радио зөвхөн 2010 онд Ким Чен Ир тойрон хүрээлэгчиддээ 160 ширхэг “Мерседес” бэлэг хэлбэрээр өгсөн талаар мэдээлжээ. 

Ким Чен Ир үхэж, хориг хэвээрээ үлдсэн ч Ким Чен Ун одоо ч дажгүй тансаг амьдарсан хэвээрээ л байгаа билээ.

Иванова, Ун, Ахмед нэрний хориг

Вашингтоноос тавьсан хориг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сергей Ивановын хамаатнуудад хоёр удаа айхтар нөлөөлжээ. Нэг хамаатан нь АНУ-аас гутал худалдаж авах гээд чадаагүй бол нөгөө нь “PayPal” төлбөрийн картаа хаалгуулсан байна. Нэр овгоор тавьсан хориг үүгээр дуусахгүй.

БНАСАУ-ын иргэн Ким Чен Ун гэгч төрсөн эгчдээ ӨАБНУ-д байшин худалдаж авч өгөхөөр 27 мянган ам.доллар шилжүүлтэл мөнгө нь замаасаа алга болчихож. Вашингтон Хойд Солонгосын удирдагчийг Өмнөд Африкт алан хядагчдыг санхүүжүүлэх гэж байна гэж сэжиглээд мөнгийг замаас нь авсан нь тэр юм байжээ. Гэтэл хохирсон иргэн нь удирдагчтай ямар ч хамаагүй овог нь ч Un биш Yn гэж бичигддэг байсан аж.    

Гэхдээ нэртэй холбоотой хамгийн гажиг хориг нь сомали гаралтай Их Британийн иргэн Ахмед Исмайл Ясинд хамаарна. ХАМАС бүлэглэлийн удирдагч, шейх Ахмед Исмайл Ясинтай ижил нэртэйхээ уршгаар нэг бус удаа баривчлагдаж, онгоцны буудал дээр саатуулагдан нислэгээсээ хоцорч байжээ. Нэр нэгтэй этгээд нь 2004 онд нисдэг тэрэгний ослоор амь үхэгдчихээд байхад ч энэ шахалт хавчлага үргэлжилсээр байгаа аж.

Лалын шашинтай харш “Лего” тоглоом

Данийн “Jyllands-Posten” сонины 2006 оны нэгэн дугаарт гэгээн Мухаммедын 12 ширхэг зураг нийтлэгджээ. Дараагийн өдөр нь уулзаж хилэгнэсэн хэдэн мянган лалууд гудамжинд гарч ирэн өөр, өөрсдийн улсдаа байх Данийн ЭСЯ руу дайрчээ. Түүгээр ч зогсохгүй Ливи, Саудын Араб, Иран, Судан улс Даниас ЭСЯ-аа буцаан татаж, бараа бүтээгдэхүүн худалдаж авахаа зогсоож байв.


 Эдгээрээс Судан улс Даниас зөвхөн бараа бүтээгдэхүүн ч бус, мөнгөн тэмдэгт кроныг нь улсдаа нэвтрүүлэхийг хориглож байв.  Дубайд суух Данийн Ерөнхий Консул Томас Бэй АНЭ-ын эрх баригчидтай хэлэлцээр хийх гэж оролдсон ч бүтэлгүйтжээ. Дээр нэр дурдагдсан улсуудын лангуун дээрээс “Лего” тоглоом, “Дирол” бохь гээд Данийн гэсэн тодотголтой бараа таваар ганцхан өдрийн дотор алга болсон юм. Данийн эрх баригчид ч нөхцөл байдлыг мэдэрч, хэргийн эзэн сониноор уучлалт гуйлгаснаар асуудал намжиж байжээ. Гэсэн ч үл ойлголцол бүрэн алга болоогүй хэвээр, Арабын орнууд үе, үе даничуудад сургамж өгөхөөр оролддог хуучтай болсон гэнэ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна