МЕКСИК: Нэг мафийн толгойлогчийг устгасан ч нөгөө мафийнхны дайн энгийн иргэдийг айдаст автуулж эхэлжээ

Х.Батсайхан
1 цаг 32 минутын өмнө

Мексикийн хуулийн байгууллага хамгийн зартай мафийн толгойлогчдын нэг Эль Менчо хочит Немесио Осегера Сервантесийг өнгөрсөн ням гарагт устгасан билээ.

Үүнээс улбаатайгаар түүний тэргүүлж байсан Халискогийн шинэ үеийнхэн бүлэглэлийн гишүүд зэвсэглэн гудамжинд гарч, хүчирхийлэл үйлдэж эхэлсэн ч Засгийн газар хүчирхийлэл гарсан хот бүр рүү цэрэг илгээж, нөхцөл байдлыг хяналтдаа авч, Ерөнхийлөгч нь хууль, хүчний байгууллагаа магтсанаар асуудал цэгцрэх тийшээ хандсан.

Тэгвэл тус улсын хар тамхины бас  нэгэн хүчирхэг бүлэглэл болох “Синалоа”-д эрх мэдлийн төлөөх тэмцэл гарсан нь энгийн иргэдийг хохироох магадлалыг өндөрсгөсөн талаар ВВС агентлаг мэдээллээ.

“Синалоа” бүлэглэлийн толгойлогч Исмаэль "Эль Майо" Замбадаг АНУ баривчлан хорьсон бөгөөд ард нь үлдсэн орон зайг нь эзлэхийн төлөө доодчуул нь дайтаж байгаа аж. Кулиакан хотод өдөр бүр мафийнхны үйлдсэн хүн амины хэрэг, хүн хулгайлах хэрэг гарч байгаа бөгөөд гэмт хэрэг жилийн өмнөхөөс 70 хувиар нэмэгджээ. 

“Синалоа” нь фентанилын үйлдвэрлэлээр тэрбум ам.долларын эргэлттэй болтлоо томорсон мафи бөгөөд АНУ, Мексикийн харилцаанд чухал үүрэгтэй субъект болж хувирсан.    

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хар тамхины картель болон бусад байгууллагуудыг террорист байгууллага гэж зарлаж, фентанилыг үй олноор нь устгах зэвсэг гэж нэрлэн, Мексик улс хар тамхи болон наймаачдыг хяналтандаа авахгүй бол шууд цэргийн ажиллагаа явуулна гэж сүрдүүлсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна