БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/-ийн тэргүүн Б.Эрдэнэ нар 2017-2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. БОАЖЯ, төрийн бус байгууллагуудтай шийдвэр гаргах түвшний оролцоог хангах,төрийн тодорхой чиг үүрэг, зарим үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгүүлэх, мэдээллийн нээлттэй байдлыг хангах, мөн иргэний нийгмийн байгууллагууыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажилладаг. МБОИЗ нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сургалт судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1400 гаруй ТББ-ыг нэгтгэсэн шүхэр байгууллага юм. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг МБОИЗ нь үндэсний хэмжээний байгууллага болсон. Байгаль орчин эх дэлхийгээ хамгаалах үйлдсэд гар бие оролцож, хамтран ажиллаж чаддаг хамт олон болж төлөвшсөн байгууллага гэж ойлгодог. Хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд ТББ-ууд мэргэшиж, төрөлжиж, чадавхжиж байгааг онцлоход таатай байна. Эдгээр ТББ нь иргэд, олон нийтийн байгаль орчны мэдлэгийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй дадал хандлагыг нь өөрчлөх, тухайн орон нутгаа тогтвортой хөгжүүлэх шийдвэр гаргах, шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцогч нь болгон хөгжүүлж өгдөг ач холбогдолтой” гэв. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлээр 26 зорилт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 90 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгаагаа ч сайд онцлов. Мөн ТББ нь сайн дурын зөвшилцөл, сонирхлын үндсэн дээр байгуулагдаж, төртэйгээ түншилж ажиллахдаа эрх мэдлийн төлөө, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг өмнөө тавьдаггүй байх ёстой гэж үзэж буйгаа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол илэрхийллээ.
Түүнчлэн хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, Орхон голын эхэнд олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг тодорхой ажлууд дээр хамтрах, яам, харьяа газрын тендерийн үнэлгээний хороодод ТББ-уудын төлөөлөл албан ёсоор оролцон ажиллаж байгааг салбарын сайд онцоллоо. МБОИЗ-ийн хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сард ээлжит тавдугаар чуулганаа хийж, удирдлагуудаа шинээр сонгосон. МБОИЗ-ийн тэргүүн С.Эрдэнэ гэрээнд гарын үсэг зурах үеэрээ, байгаль орчинд тулгамдаж байгаа олон асуудал бий. Энэ бүхнийг шийдвэрлэхийн төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад Д.Оюунхорол сайдад талархал илэрхийлж, төр, засгийн зөв бодлого, үйл ажиллагааг МБОИЗ дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.
Мөн тэрээр МБОИЗ-ийг шинэ шатанд гаргахад хамтарч ажиллах зүрх сэтгэлтэй, байгаль орчны чиглэлээр олон жил ажил ажилласан туршлагатай эрдэмтэн судлаачид баг болж нэгдсэн. Бидний хамтын ажиллагаа байгальд орчинд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид аливаа асуудлыг өөрсдөөс шалтгаалах бүхий л бололцооныхоо хэрээр шийдвэрлэж, хийнэ гэдгээ хэлмээр байна” гэсэн юм. Мөн энэ үеэр тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос уучлалт гуйж байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр байгаль орчны хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хариуцдаг нь байгаль орчны эсрэг хууль бус үйлдлүүд багасахгүй байгаа нэг шалтгаан гэж үзэж явдгаа хэлсэн. Байгаль орчныг хамгаалахад БОАЖЯ, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх боломж их бий гэдгийг Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл онцлоод БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос уучлалт гуйсан. Тэрбээр шонхор шувууны экспортын зарим асуудлыг БОАЖ-ын сайдын шийдвэр мэтээр буруу ойлгож явсан гэв.
Эх сурвалж: БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба
Сэтгэгдэл бичигдээгүй байна