“Женко”-д холбогдох дуулиант хэргүүд хэрхэн шийдэгдэв?!

2017/05/01
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болон сунгаанд оролцоход тодорхой шалгуур байх ёстой. Харин тэрхүү шалгуурт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга тэнцэх үү- 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх сарын 26-нд болно. Харин нам, эвслийнхэн нэр дэвшигчээ энэ сард тодруулна. Үүнд АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой нөхдүүд эхнээсээ дотоод сунгаандаа оролцохоо илэрхийлэх болсон.

Яг л энэ жишгээр УИХ-ын гишүүн асан Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаа төлөөлж нэр дэвшин өрсөлдөх эрхийн төлөө дотоод сунгаандаа өөрийгөө сойхоо албан ёсоор мэдэгдэв. 

Тэрбээр “Би нэрээ дэвшүүлэх саналаа намынхаа удирдлагуудад албан ёсоор мэдэгдэж гишүүдээрээ шийдүүлнэ” гэв. Мэдээж түүний мэдээлэл олны анхаарлыг татсан. Өөрөөр хэлбэл, мань эрийг дотоод сунгаандаа өрсөлдөхөө илэрхийлсний дараа иргэдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болон сунгаанд оролцоход тодорхой шалгуур байх ёстой бөгөөд тэрхүү шалгуурт Х.Баттулга тэнцэх үү гэх асуултыг тавьж байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг хуулийнхан өнгөрсөн оноос эхэлж албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Тухайлбал, түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 263.2-т зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2016 оны долоодугаар сарын 20-нд “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын хөрөнгөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт холбож яллагдагчаар татаж байв.

Харин түүнд холбогдох хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард прокурорын байгууллагад шилжүүлсэн ч хэрхэн шийдэгдсэн нь өнөөг хэр нь тодорхойгүй байгаа билээ. 

Х.Баттулгын дуулиант хэргүүдийн төгсгөл хаана байна?

Уг нь өнгөрсөн оны наймдугаар сарын 17-нд Улсын Ерөнхий Прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Бясман нар мэдээлэл хийхдээ Х.Баттулга, А.Гансүх нарын талаар “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр тооцон шалгаж байгаа.

Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан нь үнэн. А.Гансүх одоогоор эх орондоо байгаа. Харин УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан” гэх мэдээллийг өгч байв.

Гэхдээ түүнд холбогдох хэрэг ганц үүгээр дуусахгүй. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сард Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан эмэгтэйчүүдийг “Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хөрөнгөнөөс таван тэрбумыг завшсан" гэж үзээд саатуулж байсныг уншигчид мартаагүй биз ээ. Дараахан нь УИХ-ын гишүүн асан Х.Баттулга олны нүднээс далдхан байж улстөрөөс хөндийрсөн гэх ойлголтыг нийтэд өгөх болсон юм.

Харин зарим эх сурвалжийн хэлж буйгаар түүнийг МАН-ын нөлөө бүхий эрхмүүдтэй уулзалт хийж өөрт нь холбогдуулаад буй дээрх хэргүүдийг хэрэгсэхгүй болгож улстөрийн ямар нэгэн тохироо хийх болсон гэх утгатай үгсийг дайж байна. 

"Шинэ төмөр зам"-ын хэргийг гэрээгээр хаав уу?

“Самсунг Си энд Ти” компанитай хийсэн гэрээг хүчингүй болгосон талаар салбарын сайд Д.Ганбат өнгөрсөн оны арваннэгдүгээр сард албан ёсоор зарласан. Угтаа бол өнгөрсөн хугацаанд хүчин төгөлдөр байсан ч гүйцэтгэл байгаагүй дээрх гэрээ дүгнэх үйл ажиллагаа гурван сарын турш үргэлжилж байгаад ийнхүү арваннэгдүгээр сард дуусгавар болгож уг төсөл цаашид хэрэгжих боломжгүй боллоо гэдгийг Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат хэлж байв.

Тэрбээр "Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, замыг үргэлжлүүлэн барих хүсэлт тавьсан боловч “Самсунг Cи энд Tи” компанийн зүгээс хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн ч үргэлжлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн. Тийм учраас бид дараагийн хөрөнгө оруулагчийг олж хамтран ажиллахын тулд уг гэрээг цуцлахаас өөр аргагүй боллоо гэж үзсэн. Гэрээгээ дүгнээд хоёр тал гэрээгээ р хүчингүй болголоо.

Ямар нэгэн гомдол санал гараагүй. Энэ төмөр замыг "Энержи Ресурс компани өөрөө ашиглалтад оруулаад 30 жилийн дараа улсад тодорхой хувийг нь өгөх нөхцөлтэй байсан. Уг компанийн боловсруулсан ТЭЗҮ-гээр энэ зам 1.1 тэрбум ам.доллараар босно” гэсэн юм. Ямартай ч монголчуудыг олон жил талцуулсан Шинэ төмөр замын эргэн тойронд хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс, тодруулбал "Женко” Х.Баттулга нарын хүмүүсийн хэрэг хэрхэн шийдэгдэх вэ гэсэн асуултын хариултыг олон нийт хүлээж байна. 

Уг нь дээрх хоёр хэргийг хууль хяналтын байгууллага тухайн үед шалгаж тогтоосон бол магадгүй Х.Баттулга улстөрд хүч үзэх боломжийг нь хаах байсан. Тэгвэл тэрбээр дуулиан болоод байсан дээрх хоёр хэргийг ямар тохироогоор намжааж нам дотроо Монгол Улсын Ерөнийлөгчийн сонгуулийн сунгаанд орох болов гэдэг нь хачирхалтай. 

Юутай ч тэрбээр дээр дурьдагдсан хэргийн талаар дараах тайлбарыг өгсөн юм. “Тэрбээр намайг өнгөрсөн хугацаанд ганцхан удаа 30 минут байцаасан” гэх хариултыг өгч байв. Хэрвээ үнэхээр Х.Баттулаг гэх хүн албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй бол яагаад нийгэмд дуулиан шуугиан тарих болов. Мөн түүний гэх холбогдолтой дуулиант хэргүүдийг эцэслэн шийдэж олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхгүй бол гэмт хэрэгт холбогдсон хэнбугай ч Төр түшилцэж болох юм гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлэх бололтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна