Э.Бат-Үүл: Орлого багатай иргэдийн 70 орчим хувь нь мөнгөөр санал өгнө гэсэн судалгаа гарсан байна лээ

2017/05/03
Хотын дарга асан Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. 

Тэрбээр "Өнөөдөр гэр хороололд ойрын үед хэрэгжүүлэх гэж байгаа маш том луйврыг илчлэх зорилгоор хэвлэлийн бага хурал хийж байгаа юм. Гэр хороололд амьдарч буй иргэдийн өмч хөрөнгийг хохироосон их хэмжээний луйвар явагдах гэж байна. 

Өчигдөр АН-ын байран дээр гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон хэсэг иргэд цуглаан хийж, гомдол мэдүүлж улс төрийн үйл ажиллагаа явуулсныг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ дахин төлөвлөлтийн иргэдийн дотор төрийн албан хаагчид оролцсон. Үнэн  хэрэг дээрээ.  Ялангуяа дахин төлөвлөлтийг хариуцах ёстой ажилтнууд оролцсон цуглааныг манай намын байрны өмнө хийсэн.

Дахин төлөвлөлттэй холбоотой биднийг гүжирдэж байгаа зорилго бол дахин төлөвлөлт гэдэг үйл ажиллагааг мушгиж, ард иргэдийн өмч хөрөнгө дээр гадны хөрөнгө оруулалттай маш том хэмжээний луйвар хийх гэж байна. Хийх гэж байгаа луйврыг илчилнэ гэдгийг мэдэж байгаа хүний хувьд над руу зориуд дайраад байгаа юм.

2016 онд би ажлаа өгөхөөс өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийн дуусаагүй барилгуудыг дуусгахаар 76,5 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөөд үүнийхээ 40 тэрбумыг нь бий болгосон байсан.

Нийслэлийн төсөвт 20 тэрбумыг суулгаад арилжааны банкууд 20 тэрбумыг гаргаад ингээд 10 хувийн гүйцэтгэлээс дээш гүйцэтгэлтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбай дээр эхэлсэн барилгуудыг дуусгахаар шийдвэрлэсэн. 25 барилга. Энэ 25 барилга барьж дуусгахад 3291 иргэн үүнээс 1200 иргэн 2016 оны намар орон сууцанд орохоор төлөвлөгдсөн байсан.  Тэгсэн МАН эрх бариад 20 тэрбумыг тодотголоор байхгүй болгосон.

Бүх төсөв хөрөнгийн үйл ажиллагааг зогсоосон. Уг нь намар гэхэд газраа чөлөөлсөн 1800 иргэд бүгд байрандаа орох гэж байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар дээр орон сууц авч байгаа иргэдэд 5 хувийн моргэйж өгөх Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын гарын үсэгтэй Засгийн газрын шийдвэр гарсан. 

Энэ ажлыг зогсоосон. Зогсоосон шалтгаан нь борлуулалтын хяналтыг нь өөртөө гартаа авсан ийм бизнес хийхээр шийдэж. Гэхдээ гэр хорооллын иргэдийн хашааны газрыг маш хямд авах луйвар хийх гэж байна. Би одоо гэр хорооллынхонтойгоо нэг бүрчлэн уулзаж, иргэдтэйгээ уулзана. Энэ луйврыг илчилнэ" гэсэн юм. 

-Та яагаад өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлээгүй юм бэ?

-Би намын гишүүддээ уриалсан. 10-аад хоногийн өмнө Baabar.mn дээр энэ сонгуулийг бойкотлох хэрэгтэй гэдэг уриалгыг би тавьсан. Яг үнэндээ сонгуулийн ажлыг луйвардаж, санал худалдаж авах ажлын бэлтгэл хангагджээ. Хууль бусаар төрийн эрх мэдэл авах бэлтгэл үнэндээ хангагдсан.

АН-ын дарга С.Эрдэнэ гишүүдтэйгээ уулзаж явахдаа “Өнгөрсөн жил 50 мянгаар саналыг чинь худалдаж авсан. Энэ жил нэмэгдэх байх. Гэхдээ мөнгийг нь авчихаад саналаа өөрийн итгэл үнэмшлээр өгөөрэй” гэж хэлээд учирлаад явж байгаа. Судалгаа хийж үзэхэд орлого багатай иргэдийн 70 орчим хувь нь мөнгөөр санал өгнө гэсэн судалгаа гарсан байна лээ. Хууль бус аргаар санал худалдаж авдаг явцыг таслан зогсоохгүй бол бид тайван замаар дарангуйлал руу шилжих гэж байна.

Өнөөдөр төр нь авлигалд автсан нийгэмд хэн нэгэнд эрх мэдлийг төвлөрүүлбэл дарангуйллыг бий болгоно. АН үүнд оролцсоноороо, мэдсээр байж сонгуульд оролцоно гэдэг хамтран оролцогч болно гэсэн үг. Бид бүх нийтийн бойкот хийх ёстой. Санал худалдан авалт урьд хожид байгаагүй өргөн цар хүрээтэй болно. Хүмүүс Ерөнхийлөгчийн сонгууль 2 үе шаттай байдгийг мэддэггүй юм. Эхлээд ард түмнээсээ дараа нь УИХ-аар ордог. Би өөрөө бойкот хийе гэж уриалчихаад нэр дэвшинэ гэдэг утгагүй. Тиймээс би ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй.

-Та сунгаанд АН-аас хэнийг дэмжиж байгаа вэ?

-Би хэнийг ч дэмжихгүй байгаа. Бойкотол гэж байгаа. Ардчиллаас дарангуйлал руу шилжсэн Турк зэрэг улсууд одоо үүнийг хууль ёсны болгосондоо амаа бариад сууж байна. Одоо та нар харж байгаа. Тэнд Ардчилсан хүчнийг гудамжинд гаргачихаад бүгдийг нь барьж хорьж байна. 

Т.Очир
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна