МАН-ын Бага хурлаас 2017 оны Ерөнхийлөгчид намаа төлөөлж, намын дарга М.Энхболд оролцохоор болсон. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарын дунд санал хураалт явуулахад М.Энхболд 222, Ц.Нямдорж 37 санал авсан юм.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, "М.Энхболд даргад амжилт хүсье. Ийм дүн гарна гэдгийг би таамаглаж байсан болохоор цочирдож хүлээн авсангүй. Хариуцлагатай сонгууль дөхөж байна. Монгол түмний Төрийн тэргүүн байна гэдэг бол асар их хариуцлага байдаг. М.Энхболд дарга энэ удаагийн сонгуульд ялж Төрийн тэргүүн болох ерөөлийг дэвшүүлж амжилт хүсч байна. Би М.Энхболд даргын сонгуульд чадах ядахаараа ажиллах болно. Намайг дэмжиж байсан бүх хүмүүс минь Ц.Нямдорж явж байна гэж бодоод М.Энхболд даргыг дэмжээрэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Бид энэ сонгуулийн цаана гарах байх гэж найдаж байна" гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд, “Асар их итгэл, хариуцлагыг гэж хүлээж авч байна. Би өндөр босготой өлзийт хоймортой энэ айлд жирийн нэгэн төрийн албан хаагчаас их Хотын дарга, Засгийн газрын сайд, УИХ-ын дарга хүртэл явсан минь их завшаан юм. Миний амьдралын 30 гаруй жил энэ намтай холбоотой. Улс эх орныхоо зүтгүүр нь болсон энэ намыг удирдах ховор хувь заяа хоёронтоо тохиосон. Энэ хугацааны турш гаргасан амжилт, ялалт бүхэн минь биднийх байсан. Миний амьдрал, намтар түүхэнд минь гайхалтай тодоор бичигдэх үйл явдал болж байна. Би заавал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн хатуу зорилго байгаагүй. Нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг би байсан юм. Учир нь манай намд чансаатай улс төрчид цөөнгүй бий. Надтай өрсөлдсөн Ц.Нямдорж даргадаа сайн сайхныг хүсэн ерөөе. Надтай хамт та нар минь байгаа болохоор халшрах зүйл арга. Хамтын ялалт бидэнд ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм нөхдөө ард түмний амьдрал тааруухан байна. Хэн ийм болгосон талаар олныг ярихыг хүсэхгй байна. Хамгийн гол ард иргэдийнхээ сэтгэлд итгэлийн гал асаах нь чухал байна. Надад буруу зүйл байгаа засъя. Зөв зүйл байгаа бол баталгаажуулъя. Өнөөдрөөр биш маргаашаар амьдаръя. Монголчууд цөөн ч гэлээ гайхалтай оюунлаг ард тиүмэн. Бидэнд асар их ирээдүй байна. Тиймээс нэгдмэл байр суурьтайгаа урагшлан зүтгэцээе. Болохгүй зүйлээ буурин дээрээ хаяад урагш тэмүүлцгээе. Монголчууд нэг зорилго, нэгдмэл эвтэй байсан цагтаа хүчирхэг байсан. Энэ цаг үе зөвшилцөл, эв нэгдэл, тогтвортой байхыг шаардаж байна. Монгол улс мандан бадран болтугай" гэлээ.
Нэр дэвшигч М.Энхболдын танилцуулга
Тэрбээр Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн юм.
1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1987 онд Монгол Улсын Их Сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Орос хэлтэй.
Ажилласан байдал
1987-1989 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны харъяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч
1989 - 1991 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны Төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн
1991 - 1992 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга
1992 - 1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
1996 - 1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга
1997-2005 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2005-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2005-2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дарга
2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд
2007-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2013 оноос Монгол Ардын Намын дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын дарга
Шагнал
1999 онд Алтангадас одон
2005 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
2005 онд Монгол Улсын Нийслэлийн хүндэт иргэн
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2014 онд Сүхбаатарын одон
Х.Онон
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна