Р.Амаржаргал МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тохироо хийж байгаа гэнэ

2017/05/04
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нар өрсөлдөнө. Тэгвэл энэ цаг мөчид УИХ-д суудалтай гурав дахь хүчин болох МАХН-аас хэн нэр дэвших вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Н.Энхбаярын тухайд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй ч өнөөх л улигт шүүхийн шийдвэрээр энэ удаад сонгуульд нэр дэвших боломжгүй болсон аж. Мөн өөр нэг нэр дэвшигч болох Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун нэрээ дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Л.Эрдэнэчулуун, Н.Энхбаяр нарын оронд хэн нэр дэвших вэ гэдэг асуулт урган гарч ирж байгаа юм. Улстөрийн хүрээнд С.Ганбаатарыг тус намаас нэр дэвшихээр тохироо хийсэн тухай яриа эртнээс өрнөсөн. Үүнийг батлах мэт өнөөдөр хуралдсан МАХН-ын их хуралдайд С.Ганбаатар илтгэл тавьж, Н.Энхбаяртай мөр зэрэгцэн сууж харагдсан нь уг таамаглалыг улам батлах мэт.



Тэгвэл эх сурвалжаас авсан өөр нэг мэдээллээр АН-ын санал асуулгад ялагдал хүлээсэн Р.Амаржаргал МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Н.Энхбаяртай яриа хэлэлцээр хийж яваа сурагтай. Баттай эсэхийг бүү мэд. Р.Амаржаргалын тухайд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх туйлын хүсэлтэй нэгэн гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулсан. Ард түмэн ч бас Р.Амаржаргалыг дэмжиж байгаа гэдгийг тэрбээр мэдэрсэн учраас сонгуульд өрсөлдөхөөр зориг шулуудсан нь энэ аж.

Учир нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол түүний хувьд алдаж болохгүй түүхэн боломж юм.

Ямартай ч дээрх мэдээлэл үнэн бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас С.Ганбаатар, Р.Амаржаргал нарын аль нэгийг нь нэр дэвшүүлэх сонголт Н.Энхбаярт байна.
 
 Х.Онон 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна