УИХ-ын Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдах асуудал УИХ-ын 29-р тогтоолоос хамаарч хугацаа алдаж байна. МАН-ын бүлэг хөтөлбөрт хамрагдах ёстой гэдэг зарчмын байр сууриа нэгтгэсэн. Монголын банкны систем тэр ачааллыг авч чадахгүй гэдгийг анхнаасаа яагаад тооцоогүй юм бэ?
-Хэн нь ч тийм заалт оруулчихдаг юм. Шал утгагүй зүйл. Олон улсын байгууллага нь цочирдоод манай намынхан ч өөрсдөө ч яахаа мэдэхгүй болсон. Би ерөөсөө ойлгохгүй байгаа. Тогтоол гарлаа гэхэд манайд банк нь алга. Манайдаа томоохонд тооцогдох Худалдаа хөгжлийн банк, Голомт банк ч тэр шаардлагыг хангахгүй. Хэрэв ямар нэг гамшиг болж банкинд байсан мөнгө түгжигдвэл яах вэ. Баталгааг нь олон улсын даатгалын компани гаргана шүү дээ. Монголд хоёр тэрбум ам.долларын хөрөнгөд баталгаа гаргах чадавхитай компани өнөөдөр алша. Энэ бол буруу зөрүү мэдээлэлтэй хүмүүсийн улсынхаа ажлыг зогсоож буй нэг жишээ. Намын бүлэг хөтөлбөрт хамрагдах ёстой гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах шаардлага үүссэн. Хамрагдахгүй явах бололцоо огт байхгүй биш, байгаа. Гэхдээ тэр нь илүү мөнгө төлнө, илүү хохиролтой, бидэнд хатуу тусна. Өнөөдрийн хүнд нөхцлөөс хурдан, хохирол багатай гарах арга зам нь ОУВС-ийн хөтөлбөр. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ Монгол Улс өөрөө тавьсан болохоос тэд шахаагүй шүү дээ.
-Ганц ОУВС-аас зээл хүсээд байгаа асуудал биш. Хөтөлбөрийг авснаар ямар боломжууд нээгдэх вэ?
-Гурван давуу нөхцөл үүснэ.Нэгдүгээрт, олон улсад баталгаа гаргаж өгнө. Өөрөөр хэлбэл Монгол Улсын бодлого зөв болно, алдаагаа засна, ингэснээр эдийн засаг нь сэргэнэ гэсэн баталгаа. Хоёрдугаарт тулгамдаж буй өр зээл, зээлийн хүүгийн төлбөрүүд, төсвийн алдагдлаа хүү багатай, урт хугацааны санхүүжилтээр шийдэх боломж нээгдэнэ. Гуравдугаарт, олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын талаар эерэг зөв мессеж очно. Ийм л хүлээлттэй байгаа. Гол нь ямар нөхцлүүд тохирох вэ, тэр нь Монгол Улсад сөрөг нөлөө бага үзүүлэх вэ гэдэг чухал. Мэдээж эдийн засаг хүндээр өвчилсөн. Өвчнийг анагаахын тулд эм ууж, тариа тариулна. Эм нь гашуун, тариа нь өвтгөж таарна. Ийм арга хэмжээ авахгүй бол илааршихгүй. Өөрөөр хэлбэл энэ нь зарим салбар, иргэдийн амьдралд хүнд тусахыг үгүйсгэхгүй.
-Хэдийн хүндээр тусаад эхэлчихлээ. Хэдхэн хоногийн өмнөөс зарим татварууд нэмэгдсэн. Үүнийг дундаж давхаргынхны нуруунд хүнд ачаа үүрүүллээ гэж үзэх хэсэг байгаа?
-Ерөнхий зарчим бол боломжтой хэсэг нь арай илүү ачаалал авах асуудал. Арай бага олж байгаа нь бага, нийгмийн нийт массд ачаалал бага байх зарчим баримталсан. Шууд иргэдийн өдөр тутмын хоолонд нөлөөлөл бага байгаасай л гэж бодож байна. Тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа нь олон жил яригдсан нийгмийн даатгалын шинэчлэлтэй холбоотой хийгдэж буй ажил. Олон нийтэд маргааш 65 нас хүрэх гэж байгаа мэт ойлгогдсон байх талтай. Гэхдээ бид тодорхой асуудлуудыг авч үзсэн. Энэ бол 20 жилийн турш хийгдэх шинэчлэлийн эхлэл.
-ОУВС-тай хийсэн хэлэлцээр багагүй хугацаанд үргэлжилж байна. Хэзээ эцэслэн шийдэгдэх вэ?
-ОУВС-тай олонх асуудлаар тохиролцсон. Гол нь өнгөрсөн жилүүдэд гарсан бодлогын алдааг засах шаардлагатай. Алдаагүй байсан бол заавал ОУВС-д хамрагдах шаардлагагүй. Хэлэлцээрийн явц төгсгөлийн шатанд яваа. Энэ хөтөлбөр яаралтай хэрэгжвэл хөрш, түнш орнууд, олон улсын бүхий л байгууллагуудаас дэмжлэг авах нөхцөл бүрдэнэ. Энэ бол түнш орнууд, олон улсын байгууллагуудын хамтын хэлэлцээр. Тэр байгууллага зээлийн эргэн төлөлтөө бодож үр дүн хүлээж байгаа. Сонгууль дөхсөн учраас үүнийг сөрөг талаас нь олон нийтэд ойлгуулахыг хичээх оролдлогууд гарч байна. Гэтэл энэ шаварт машинаа суулгасан, уруу руу алдсан жолооч хариуцлага хүлээх ёстой болохоос намаг балчигаас гаргах гэж байгаа нь буруудах учиргүй. АН-ынхан одоо энхийн цагаан тагтааны дүрд тоглож байна. Машинаа шаварт суулгачихаад эрэг дээрээс “Яагаад машин шаварт суучихав” гэж хашхирч болохгүй биз дээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТОМИЛГООНЫ БОЛОН ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХИЙГ ХАСАХ ЁСТОЙ
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн зөвлөлдөх санал асуулга боллоо. Санал асуулгад оролцогчдын санал бодлыг дүгнэсэн дүгнэлт хараахан гараагүй байна. гэхдээ ямар зарчмын асуудал дээр нэгдсэн бэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын түвшинд хэлэлцүүлгүүд өрнөсөн. МАН УИХ-ын сонгуульд оролцохдоо Ард нийтийн санал асуулгад үндэслэж олон нийт дэмжвэл олон жил яригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ард түмэн бидэнд санал өгөхдөө энэ амлалтыг харсан байх. УИХ-д 65 суудал бүхий улстөрийн хүчний хувьд мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлүүдээ ажил хэрэг болгох алхмуудыг хийж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг ард түмэн шийдэх учиртай. Үндсэн хууль бол тухайн нийгмийн харилцааг зохицуулдаг гол эрхзүйн баримт бичиг, нийгмийн харилцааны араг яс нь. Өөрөөр хэлбэл нэг амьсгаагаар хийдэг зүйл биш. Хэдийгээрэ МАН үнэмлэхүй олонх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих кноптой ч олон түмний зөвшилцөл ойлголцолд тулгуурлан шийдвэрлэхийг зорьж байгаа. Тиймээс УИХ дээр Д.Лүндээжанцан гишүүнээр Ажлын хэсэг, Үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэшсэн 15 хуульч ажилласан. Эндээс 25 жил хэрэгжсэн Үндсэн хууль сайн хууль юм байна. Гэхдээ зарим зүйлийг нь засахгүй бол цаашдаа төр засгийн үйл ажиллагаа хэвийн явахад, улс орны хөгжилд чөдөр тушаа болох зарим заалтууд байгаа учир энэ цаг үед өөрчлөх нь зүйтэй гэдэг ерөнхий дүгнэлт гарсан. Энэ хүрээнд УИХ намрын чуулганы төгсгөлд Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль баталсан. Энэ хуулиар иргэдийн оролцоо, санал бодлыг авдаг арга аргачлалыг нарийвчлан тусгасан. Ингээд анхны санал асуулгыг сая хийлээ. Эндээс гарсан дүгнэлтийг үндэслэн Үндэсний хороо байгуулагдах байх. Үндэсний хороо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналын томъёоллыг боловсруулж УИХ-д өргөн барина. УИХ зарчмын хувьд өөрчлөлт оруулж болохуйц зүйлийг гаргаж ирсний дараа УИХ-аас шийдвэр гарахын өмнө олон нийтийн санал асуулга хийнэ. Ард түмэн зөв гэж үзвэл УИХ нэмэлт өөрчлөлтийг батална.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа 35 хүртэлх заалтыг хөндөнө гэж мэдээлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуулийн 35 хүртэлх зүйл заалтад өөрчлөлт оруулж болно. Үүнээс олон заалтыг өөрчлөх бол нэмэлт өөрчлөлт биш, шинэ Үндсэн хуулийн асуудал яригдана гэдгийг тодорхой заасан. 1992 оноос хойш шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал парламентад 8 удаагийн оролдлого явсан. Сүүлийн хоёр парламентад ажлын хэсэг байгуулагдаж байсан. Эдгээрийг нэгтгэж үзээд харвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад зургаан багц асуудал байж болох юм гэдэг ойлголтод хүрсэн. Энэ хүрээнд саяын зөвлөлдөх асуулга зохион байгууллаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хөндөхгүйгээр яриад байгаа зарчмын гол өөрчлөлтүүдээ хийж чадах уу?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнээс хальж байж Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэдэг байр суурийг зарим УИХ-ын гишүүн илэрхийлсэн. Гэхдээ нэмэлт өөрчлөлтөөс хэтэрч шинэчлэх шаардлага өнөөдөртөө тулгарсан эсэхийг судалж байж эцсийн шийдвэрийг гаргах ёстой. 1992 онд сонгосон ардчилал, зах зээлийн нийгэм, парламентын засаглалтай байх зэрэг Үндсэн хуулийн суурь зарчимд өөрчлөлт оруулах асуудал тулгарсан уу гэдэг дээр эрдэмтэн судлаачдын олонх нь үгүй гэдэг хариулт өгдөг. Харин тодорхой асуудлууд дээр буюу гүйцэтгэх эрх мэдэл, хот суурингийн зохицуулалт, ерөнхийлөгчийн эрх мэдэл, парламентын гишүүдийн тоо, чадавхи, засаглалаа боловсронгуй болгох зэрэгтэй холбоотой зарим заалтад өөрчлөлт хийх асуудал яригдаж байна. Зарим улстөрийн хүчин, судлаачдын зүгээс шинэ Үндсэн хуулийг ярих ёстой гэдэг байр суурь илэрхийлдэг. Энэ асуудал энэ парламентын хүрээнд хараахан яригдаагүй.
-Таны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэх байр суурийг эртнээс илэрхийлж байсан. Чухам аль заалтад ямар өөрчлөлт оруулах нь засаглалын хямралаас гарах гарц байж чадах вэ?
- Төрийн эрх мэдлийн хуваарилалтын хэсэгт л өөрчлөлт оруулах ёстой, ингэхдээ гурван чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг хувийн байр суурь бий. Тухайлбал, 1990-1992 онд хэрэгжиж байсан Ардын их хурал, Улсын бага хурлыг сэргээвэл яасан юм бэ. Ингэж чадвал гишүүдийн ирц, давхар дээл, хариуцлага, парламентын чадавхи, төр ард түмний харилцаатай холбоотой олон асуудлууд шийдэгдэнэ гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл Улсын их хурал, Улсын бага хурал гэсэн хоёр танхимтай болох. УИХ нь томилгооны эрхтэй, хяналтын эрх хэрэгжүүлдэг. Зөвхөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хууль тогтоох эрх хэрэгжүүлдэг. Харин доод танхим нь буюу бага хурал нь байнгын ажиллагаатай, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг байх. Энэ санаа зөвлөлдөх санал асуулгын сэдэвт багтаж байгаа. Цаашдаа нээлттэй хэлэлцэгдээд явна. Хоёрдугаарт, гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийг тодорхой болгох асуудал өнөөдөр тулгамдаж байна. Өнгөрсөн 25 жилд Монгол Улс хамгийн олон удаа Ерөнхий сайд, Засгийн газраа сольсон байна. Үүнийг дагаад төрийн тогтвортой бодлог, боловсон хүчний бодлого алдагдсаар 25 жил явлаа . Хэн эцсийн хариуцлага хүлээж шийдвэр гаргах вэ гэдэг асуудал бүрхэг явж ирлээ. Том асуудал дээр зоригтой шийдвэр гаргадаг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төрийн зүтгэлтэн ховордсон. Тэгэхээр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн, гүйцэтгэх эрх мэдэл нь Ерөнхий сайддаа төвлөрсөн байвал яасан юм бэ гэдэг байр суурьтай байгаа. Нэг ёсны ерөнхийлөгчийн томилгооны болон хууль санаачлах эрхийг хасах нь зөв гэж үзэж байна. Ерөнхийлөгч ард түмнээс биш дээд танхимаас юмуу УИХ-аас сонгогддог байвал гүйцэтгэх эрх мэдэл хоёр толгойтой байхаа болино. Өнгөрсөн хугацаанд санаатай болон санамсаргүй байдлаар ерөнхийлөгчийн эрх мэдлийг 60-аад хуульд оруулж өгсөн байдаг. Өнөөдөр ерөнхийлөгч нэг талаас үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, бэлгэдлийн чанартай мэт харагдавч нөгөө талаас гүйцэтгэх эрх мэдлийн олон шатанд оролцдог институт болж хувирчээ. Хэн ерөнхийлөгч байхаас үл хамаараад ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах нь зүйтэй юм байна гэж үзэж байгаа. Ерөнхий сайдад эрх мэдлийг нь бүрэн өгч байж эргээд хариуцлага тооцох эзэнтэй, парламент зөв голдрилд орно. Хоёр хөршийн дунд байгаа Монгол оронд парламентын бүгд найрамдах улс байх нь оновчтой. Энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа.
-Нөгөө талаас Ерөнхийлөгчийн засаглалтай болох, хугацааг нь уртасгах ёстой гэдэг байр суурь бий. Таны бодол?
-Ерөнхийлөгчийн засаглал манайд тохиромжгүй. Нэг хүний засаглал, гадна дотны эдийн засгийн болон геополитикийн элдэв шахалтад орох магадлал өндөр. Монгол Улс 1990 онд нэг нийгмийн харилцаанаас нөгөө нийгмийн харилцаанд шилжихдээ парламентын засаглалаар явсан нь зөв шийдэл байжээ гэж хувьдаа дүгнэдэг. Ерөнхийлөгчийн засаглалтай бага азийн орнуудад нэг хүний засаглал ноёрхож, ардчилал үндсэндээ алга болж байгаа дүр зураг харагдаж байна. Мэдээж ардчилсан нийгэмд хүн бүр санал бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэж байна.
-Өмнө нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хэд хэдэн удаа байгуулагдаж байсан ч амжилт олоогүй. Энэ удаагийнх үр дүнд хүрч чадах уу?
-1999 оны 12-р сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа иргэд олон нийт, эрдэмтэн судлаачдын санаа бодлыг сонсоогүй. Улстөрийн хүрээн дэх ойлголцлоор шийдсэн байдаг. Хэдийгээр долоон өөрчлөлт нь тухайн цаг үеийнхээ гацааг арилгасан ч урт хугацаандаа олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нээлттэай, олон түмний санаа бодлыг тусгаж хийвэл хүлээн зөвшөөрөгдөх, урт хугацаанд оршин тогтноход тустай гэдгийг олж харсан. Тиймээс хуулийн хүрээнд үндэсний ойлголцлоор энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх гэж байна. Өмнө нь өнөөдрийнх шиг улстөрийн нөхцөл бүрдээгүй байсан. Мөн хуулийнх нь дагуу процесс явагдаагүй учраас тухай бүртээ амжилтгүй болж байсан. Энэ удаа үр дүнд хүрнэ гэж итгэж байгаа.
Ярилцсан сэтгүүлч С.Отгонсүрэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна