Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын дэд заалтыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталсан.
Мөн энэ өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоол батлагдсан юм. Уг тогтоолоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр 13 заалт бүхий тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.
Харин Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “11/ гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” гэсэн дэд заалт нь ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа учраас Сангийн сайд тогтоолын энэ заалтыг хүчингүй болгох хүсэлтийг Төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Иймээс чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Төсвийн байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын тогтоолын дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын төсөл боловсруулан өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна. Энэ талаархи тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 11 дэх заалтыг хүчингүй болсонд тооцохоор тусгажээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат албан тоотыг дэгийн хууль зөрчин оруулж ирсэн нь буруу, тогтоолын энэ заалтыг хөндөхгүйгээр асуудлыг шийдэх боломж бий, энэ бол ихээхэн ач холбогдолтой заалт гээд энэ асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн юм. Харин Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар улс орны эдийн засаг амаргүй байгаа ийм үед цаг алдах эрх бидэнд алга, нөгөө талаар энэ хүндрэлтэй байдлаас хурдан гарч эдийн засгаа хурдан сэргээхэд ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр маш чухал болоод байна, иймээс аль аль талдаа ойлголцоод явах хэрэгтэй байна гэдгийг хэллээ.
Ингээд хуралдаан даргалагч Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт 30 минутын завсарлага өгснөөр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарласан.
Чуулганы нэгдсэн хуралдаан 19 цагаас үргэлжилж, эхлээд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ асуудлаар танай манай гэх асуудал байхгүй. Гол нь гаднаас хараат бус байх бодлого барьж ажиллах ёстой, гадагш нь түүхий эдээ үнэгүй өгөөд оронд нь зээл аваад байж таарахгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр, Ё.Баатарбилэг, А.Сүхбат, Т.Аюурсайхан, Д.Ганболд нар тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Я.Санжмятав нар саналаа хэлсний дараа тогтоолын төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 36 нь буюу 65.5 хувь нь дэмжлээ. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна