Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл анги буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ. Өмнө нь ийм тохиолдол гарч байсангүй. Тиймээс олон нийт АН-ын энэхүү шийдвэрийг гайхаж хүлээн авлаа. Шүүх гэм буруутайг нь тогтоогоогүй бол хэнийг ч буруутгаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн ойлголт бий. Түүнийг нэр дэвшүүлсэн АН-ын даргад үүнээс өөр хэлэх тайлбар олдохгүй нүүрээ улалзуулж сууна.
Арга ч үгүй юм. Учир нь, гэм буруутайд тооцогдон яллагдагчаар татагдаж, бүр хилийн хорио тогтоолгосон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг ес зүйгүй хэрэг. Нам нь нэр дэвшүүлнэ гэдэг ард түмнийг доромжилсон үйлдэл гэхэд буруудахгүй. Уг тэрээр гэм буруутай эсэхээ шүүхээр эцэслэн тогтоолгосных нь дараа нэр дэвшсэн бол нэр цэвэр, сэтгэл амар. Боловсролгүй, гадаад эхнэртэй гэхээс өөрөөр түүнийг өөлөхгүй л байсан болов уу.
Товчхондоо, боловсролгүй байж болно. Харин яллагдагч байж болохгүй. Асуудлаа шийдүүлж, нэрээ цэвэрлэчихээд нэр дэвшсэн бол намынх нь нэр хүндэд ч сөргөөр нөлөөлөхгүй байв. Гэхдээ ганцхан түүнд ч асуудал байгаа юм биш. АН-ын удирдлага, гишүүд ч үүнд буруутай. АН-ын удирдлагууд нэр дэвшигчийг бүртгэхдээ алдаа гаргасан байж болно. Харин гишүүд нь тэр алдааг засах байлаа. Яллагдагчаар татагдсан Х.Баттулгын оронд харьцангуй нэр цэвэр Р.Амжаргал, Л.Болд гэх мэт сонголт их байв.
С.Баярцогт, бүр Н.Энхбаярт шударга бус шийдвэр
Монголчууд мартамхай, ялангуяа улстөрчид загасны ой санамжтай гэдэг яасан үнэн үг вэ. Саяхан АН-ын дотоод сонгууль болоход аль хэдийнэ буруугаа хүлээж хариуцлагаа үүрсэн С.Баярцогтыг оффшор данстай байсан гэдгээр нь буруутгаж Сэлэнгэ аймгийн намын даргад өрсөлдүүлээгүй. Гэтэл яллагдагчаар татагдсан хүнийг Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшүүлсэн нь гайхмаар. Энэ нь С.Баярцогт, бүр Н.Энхбаярт ч шударга бус санагдаж байгаа.
Буруугаар шүүхээр тогтоолгуулж, ялаа эдэлсэн, төр уучлагдсан Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй гэдэг үндэслэлээр нэр дэвшүүлээгүй. Тэрээр Х.Баттулгын хажууд асуудлаа шийдүүлж, хариауцлагаа үүрчихсэн хүн. Харин одоогийн нөхцөл байдал Х.Баттулгын эсрэг байна. Тухайлбал, УИХ-аар хэлэлцэж байгаа Төрийн албаны тухай хуульд албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл хүлээсэн төрийн албанд ажиллуулахгүй байх заалт багтжээ. Энэхүү заалтыг УИХ өчигдөр дэмжлээ. Албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн хүн бага, хорооны Засаг дарга, бүр мэргэжилтнээр ажиллах эрхгүй гэсэн үг. Гэвч яллагдагчаар татагдаж, шүүхийн босгон дээр ирсэн хүн бүр Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байгаа нь шударга бус.
Өөрөөр хэлбэл, төр буюу улсын яллагч яллагдагчаар татчихаад байхад улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа нь төрийг ялж өөрийн болгох гээд байгаа ч юм шиг. Гэхдээ бадарчин баярлах болоогүй гэдэг шиг Х.Баттулга баярлах болоогүй. Одоо намууд нэр дэвшигчдээ Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж баталгаажуулна. Сонгуулийн ерөнхий хороо хууль шүүхийн байгууллагаас лавлагаа авах нь тодорхой. УИХ-ын сонгуульд нэр дэвшээд Сонгуулийн ерөнхий хорооны босгыг давж чадаагүй тохиолдол олон бий. Түүний адилаар Х.Баттулга ч давж чадахгүй байх магадлалтай.
эх сурвалж: shuud.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна