​Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргажээ

2017/05/05
МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Бага чуулган өнөөдөр 10 цагаас эхлэн  хуралдлаа. Бага чуулганы XVI хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр давшүүлэх тухай, МАХН, түүний нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг танилцуулах гэсэн хоёр асуудлыг хэлэлцэж батлав.

Бага чуулганы гишүүдийн 100 хувийн саналаар МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нэр дэвшүүллээ. Тус намын Гүцэтгэх товчоо  нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж, нэр дэвшүүлэхдээ бусад намууд шиг ардчилал нэртай дүр эсгэсэн ардчиллаас таталзаж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлыг илүүд тавьж, таван шалгуураар нэр дэвшигчээ гаргаж ирсэн гэв. Нэгдүгээрт, Сонгуулийн тухай хууль дахь тухайн хүний Ерөнхийлөгч байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулах гэсэн шалгуурыг авч үзсэн. Хоёрдугаарт, улс орны өнөөгийн хямрал, мухардлаас гаргах өөрийн гэсэн арга хэрэгсэл, бодлогыг харсан. Гуравдугаарт, мэргэжил, туршлагыг харгалзан үзсэн. Дөрөвдүгээрт Монгол төрийг өнөөгийн  доройтлоос гаргах туршлага ур чадвар, санал дүгнэлт,  байгалийн баялгийн хараалд үнэлэлт дүгнэлт өгч, баялгийг дундын өмч болгох, ард түмэн хүртээх талаар өөрийн гэсэн концепц, арга зам нь  тодорхой  байх шалгуурыг харсан. Тавдугаарт, Монгол Улсын гадаад харилцаа, өнөөгийн геополитик, гео эдийн засаг, гео стратегийн ээдрээтэй үед улс орноо хэрхэн нэр хүндтэй авч явж, дэлхийн тавцанд нөлөө бүхий улс орон болгох вэ гэдэг талаас үнэлэлт, дүгнэлтээ өгч нэр дэвшигчээ тодруулсан гэв.

Энэ байр суурьт МАХН-ын Гүйцэтгэх товчоотогтож, МАХН-аас МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшүүлэхээр Бага чуулганд  санал оруулсныг Бага чуулганы гишүүд 100 хувийн саналаар дэмжин баталлаа.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна