Ардчилсан намын наймдугаар Их хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын нэрийг олонхийн саналаар баталгаажууллаа. Нэр дэвшигчээ албан ёсоор баталгаажуулсны дараа түүнтэй хамт өрсөлдсөн Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нар нэр дэвшигчид хандаж амжилт хүсч, үг хэлсэн бол АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар нэр дэвшигчдээ амжилт хүсч баяр хүргэлээ.
Ингээд АН-ын 8-р их хурлын индрээс тэдний хэлсэн үгийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал: БИ РЕНЧИННЯМЫН АМАРЖАРГАЛ ГЭДЭГ НЭРИЙГ ӨӨРӨӨСӨӨ ХАРАМЛАЖ ИРСЭН
"Би Ренчиннямын Амаржаргал гэдэг нэрийг өөрөөсөө харамлаж 27 жил явж ирсэн. Тийм ч учраас АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд өрсөлдсөн. Энэ өрсөлдөөнд надад өгсөн намынхаа гишүүдийн саналд сэтгэл маш их хангалуун байгаа. Намд хэрэгтэй гэвэл би тэнд зогсч л байна. Үүнд эргэлзэх хэрэггүй.
2000 онд АН-ыг би өөрийнхөө гараар байгуулж байлаа. Тухайн үед миний удирдаж байсан Үндэсний ардчилсан нам АН-ыг үүсгэн байгуулахад манлайлан оролцож одоогийн АН-ыг үндэс суурийг тавьж байсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн томоохон сорилтод АН-ыг төлөөлөн нэр дэвшиж буй Х.Баттулгадаа амжилт гаргаж, ялалт байгуулахыг хүсэн ерөөе.
УИХ-ын гишүүн асан Д.Дорлигжав: ОДОО БИД ЯЛАХ ЁСТОЙ
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин нам доторх өрсөлдөөнд намайг дэмжсэн журмын нөхөд, намын гишүүддээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Сая нэг сэтгүүлч “АН хагаралтай байна, цаашдаа яах вэ” гэж асууж байна. энэ бол сонгууль эхэлж байгаагийн нэг илрэл. Үүнд та бидний хариулт нэг байх ёстой.
АН өрсөлдөөнийг сонгосон. Зөв талаас нь харвал эрүүл өрсөлдөөн, буруу талаас нь мушгивал хагарал. Одоо бид ялах ёстой. Ялах ёстой гэдэг нь монголчуудыг нэгийгээ ялах биш түүхийн эгзэгтэй цаг үед сонгогдох Ерөнхийлөгч түүхэн эргэлт хийх ёстой гэж хардаг. Энэ түүхэн эргэлтийг АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга хийх ёстой.
Х.Баттулга бүх чадлаа дайчлан өрсөлдөх нь гарцаагүй. Харин намын бүх шатанд сонгуулийн зохион байгуулалтаа зөв хийж, ялалтанд хүргэх нь чухал байна. Үүнд онцгой анхаарах учиртай. Ялангуяа АН-ын даргад, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөн нөхдүүд маань нэг баг болж, нэг хүсэл зорилготой оролцох нь чухал.
Ерөнхий сайд асн Н.Алтанхуяг: Х.БАТТУЛГЫГ ДЭВШҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДСАНД БАЯР ХҮРГЭЕ
Өнөөдөр АН төдийгүй Монгол Улсын хувьд чухал өдөр. Нэлээн том ялагдал амссаны дараа бидэнд том сорилт тулгарч байна. Энэ сорилтод яаж орох, хэнийг сойх асуудлаа сар шахам нам дотроо ярилцаж амжилттай шийдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулж чадлаа. Халтмаагийн Баттулгыг нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргаж чадсан хамт олондоо баяр хүргэе.
Намынхаа 8-р ир хурлын индрээс үг хэлж буй боломжийг ашиглаад намайг олон жил тууштай дэмжиж ирсэн, хамтдаа олон ялалтыг байгуулсан та бүхэндээ байнга талархаж явдагаа хэлье. Одоо бид ажил хийнэ. Алдаагаа засч, ялагдалдаа маш сайн дүгнэлт хийх хэрэгтэй. Эв түнжингээ сайжруулах хэрэгтэй. Хэрэгтэй хэрэггүй үгээ залгих хэрэгтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч хүн эв эеийг эрхэмлэдэг байх учиртай. Х.Баттулгадаа эвийг эрхэмлэх асуудлыг онцгой анхаараасай гэж хүсч байна. Бас эдийн засагт шунах хэрэггүй. Харин чинээлэг, дундаж давхаргын бий болгохын төлөө ажиллаарай, эцэст нь Монгол ахуй соёлыг хадгалан авч үлдэхэд онцгой анхаараарай гэж захимаар байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: АН СЭРСЭН ГЭДЭГТ 100 ХУВЬ ИТГЭЛТЭЙ БАЙНА
Би нэг л зүйл хэлмээр байна. 27 жилийн өмнө олж авсан тусгаар тогтнол, хүний эрх, өмчлөх эрх хаашаа алга болов гэдгийг бодох цаг болжээ. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн гол асуулт энэ байх болов уу. Асуудал нь хэн нэг бие хүн Ерөнхийлөгч болохдоо биш. Асуудал нь 27 жилийн өмнө олж авсан ардчилал орших уу, эс орших уу гэдэг асуултын хариу.
АН 2016 оны сонгуулиас хойш шинэ өнгө төрхийг шинэчлэлээрээ олж авлаа. АН сэрсэн гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа. АН сэрсэн юм бол ардчилалаа хамгаалж үлдэх ёстой. Жилийн өмнө үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригчид дарангуйллын шинж рүү орсон. Монголын эдийн засаг, санхүүгийн эрх мэдэл гадны санхүүгийн байгууллагад хараат болж байгааг бид харлаа.
АН-ын дарга С.Эрдэнэ: АН НЭГЭН ЦУЛ, ХҮЧТЭЙ УЛСТӨРИЙН ХҮЧИН ГЭДГЭЭ БАТАЛЛАА
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших дотоод өрсөлдөөнд нэр дэвшсэн нөхөд маань АН-ын шинэчлэл, монголын улстөрийн шинэчлэлийн эхлэлийг тавьж, үүд хаалгыг нээхийн төлөө хичээсэн юм. Тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилалын төлөө хувь нэмрээ оруулсан гэж харж байгаа.
Бид 2016 онд УИХ, орон нутгийн сонгуульд төсөөлж байгаагүй ялагдал хүлээсэн. Гэхдээ АН тэмцэж, босч, алдаагаа засч чаддаг нам гэдгээ харуулж богино хугацаанд шинэчлэл хийлээ. Монголын улстөрийн намын түүхэнд анх удаа бүх гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгох хариуцлагатай ажлын ард амжилттай гарлаа.
Би намын даргын сунгаанд оролцож 21 аймгийн гишүүдтэйгээ уулзахдаа нэг л зүйлийг хэлж байсан. “АН гишүүдийнхээ саналыг сонсч, улстөрийн шийдвэр гаргадаг бодлогын нам байх ёстой”гэж. Бид эвтэй, хүчтэй, зангидсан гар шиг нэг цул улстөрийн хүчин гэдгээ батлаж харуулж байна. намынхаа гишүүдийн дэмжлэгийг авч Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд өрсөлдөх эрхээ авсан Халтмаагийн Баттулгадаа дайчин зоригтой өрсөлдөгч байгаарай гэж хэлье. Х.Баттулга ялагч байж чадна.
С.ОТГОН
Сэтгэгдэл бичигдээгүй байна