С.Ганбаатар: Улс төрийн хатуу, хэцүү нөхцөлд намайг дэмжиж ирсэн ард түмэндээ би талархаж явдаг

2017/06/05
ААВЫНХАА ЗАХИЖ ХЭЛСЭН ЗӨВ БАЙХ, ШУДАРГА БАЙХ ЗАРЧМААР ӨДИЙГ ХҮРЛЭЭ

-Таныг Баянхонгорын гаралтай гэдэг ч аль сум юм, хаанаас гарал үүсэлтэй талаар хүмүүс сайн мэдэхгүй байна. Та бусад хүмүүсийг бодвол тэгж их нутгархаж, жалга довны үзэл гаргаад байдаггүй хүн гэж ойлгогдож байлаа. Аав, ээжийн тань талаар ярилцлагаа эхэлье?

-Миний аав, ээж Баянхонгор аймгийн улсууд. Нэг буурал аав маань Баян-Овоо сумын, нөгөө буурал аав маань Архангайн гаралтай хүмүүс байсан. Миний аав Б.Сайнхүү инженер хүн байлаа. Маш шударга, хэнээс ч айлгүй үгээ хэлчихдэг. Би долоон хүүхэдтэй айлын том нь. Баянхонгор аймагт төрж, Дарханд гурван настайдаа ирж байлаа. Долдугаар анги хүртлээ Дарханд сурч, эргээд нутаг руугаа манайх гэдэг айл нүүж байсан юм. Аав маань социалист нийгэмд ч дарга нарынхаа болохгүй бүтэхгүйг нь ил гаргаж, шүүмжилчихдэг нэгэн байсан. Ажилтнуудаа шударга бусаар халсан дарга нараа шүүмжилж, хавчигдаж шахагдаад нутгаадаа зорьж байсан гэдэг. Аавынхаа захиж хэлсэн зөв байх, шударга байх зарчмаар өдийг хүртэл явж ирлээ. Болохгүй байгааг ил хэлж, тэмцэж, хүний төлөө явдаг чанар маань аавын маань захиж хэлж байсантай холбоотой гэж үздэг. Аав, ээж маань харьцангуй эрт хорвоогоос буцаж дээ. Ээжийнхээ захиснаар дүү нараа эрдэм номтой хүн болгоё гэж нэгэн үе зорьж явлаа.



Архангай аймгийн Чулуут сумын уугуул, Монгол Улсын гавьяат багш Намжилын Биндэръяа, гэргий Д.Цэвэлмаагийн хамт. Архангай аймгийн уугуул Н.Биндэръяа харин Баянхонгор нутгаас төрсөн гавьяатуудын анхдагчдын тоонд багтдаг. Тодруулбал, 1942-1971 он хүртэл 19 жилд Баянхонгор нутгийн багш нараас гавьяат төрөөгүй. Гавьяат төрөх салхийг хагалж 1971 онд Намжилын Биндэръяа хэмээх энэ хүн аймгийнхаа ууган гавьяат багш болсон хэмээн түүний шавь Ардын боловсролын тэргүүний ажилтан Г.Түнтгэр дурдатгалдаа бичжээ. Монгол Улсын гавьяат багш, Ардын Их Хурлын депутат асан Н.Биндэръяагийн дурсгалыг мөнхөлсөн гэрэлт хөшөө түүний ажиллаж байсан сургуулийн төв талбайд 2005 онд сүндэрлэн босчээ.

-Тэгэхээр та Баянхонгор аймгийн төвийн сургуулийг төгсчээ. Та арван жилийн сургуулиа төгсөөд яг ямар сургуульд анхлан орж байсан юм бэ?

-Би Германы инженерийн бэлтгэл ангийн хуваарь авч байлаа. Тухайн үедээ хамгийн гайгүй сурлагатай хүүхдүүд гадаадын хуваарь авдаг байсныг манайхан мэдэж л байгаа байх. Бэлтгэлд явж ирээд үндсэн сургуульдаа сурах үедээ гадагшаа явж чадаагүй, энд Политехникийн дээд сургуульд шилжин суралцсан.

-Бэлтгэлээ тэнд хийсэн хүн яагаад үргэлжлүүлж сураагүй юм бэ. Зодоон цохион хийгээгүй бол наашаа шилжүүлж сургамааргүй юм?

-Ний нуугүй үнэнийг хэлье л дээ. Миний Германы хуваарийг даргын хүүхэд авчихсан юм. Хэн авсныг нь ч мэднэ. Хөдөөний хүүхдийн хуваарийг даргын хүүхдэд өгөөд намайг дотоодын сургууль руу шилжүүлэхээр болсон байдаг. Амьдралынхаа анхны гараанаас эхлээд шударга бустай би нүүр тулж эхэлсэн нь энэ. Тэр цагаас л надад шударга бустай тэмцэх ёстой гэсэн үзэл санаа суусан юм болов уу даа. Над руу дайрахдаа оюутан цагийн маань талаар, хүнд хэцүү өнгөрсөн тэр үеийг их өлгөж авдаг юм. Оюутан цаг маань хүнд хэцүү өнгөрч, дүү нараа авч явах гэж тэгж зүтгээгүй болж, гүрийж хичээгээгүй бол өнөөдөр түмэн олны төлөө тэмцэж дуугарах хат суугаагүй ч байсан байж болох юм гэж боддог. Ижийнхээ захиасыг биелүүлэхээр тэр үедээ өөрөө сурахаа орхиод ч болов зүтгэж чадсандаа би одоо ч баяртай явдаг.



Нутаг усандаа хүндлэгдсэн, олон шавь нараараа хүрээлүүлсэн эрдэмт багш Н.Биндэръяа гуайн ууган ач хүү нь С.Ганбаатар билээ.


-Ээж тань хэдтэй байхад өнгөрөв.  Ямар захиасыг танд үлдээсэн юм бэ?

-Намайг Политехникийн дээд сургуулийн геодезийн хоёрдугаар курст байхад ээж маань бурхан болсон. Ээж маань “Миний хүү алзахгүй ээ. Ээж нь санаа зовохгүй байна. Дүү нараа сургуульд сургаж, эрдэм боловсролтой хүн болгоорой” гэж хэлсэн. Би ижийнхээ тэр хэлснийг үргэлж санаж, дүү нараа сургуульд сургаж, боловсролтой болгох гэж хэрдээ хичээсэн. Зургаан дүүгийн маань тав нь Англи, Австралид сургууль төгслөө. Тэднийгээ сургах гэж би цаг наргүй ажиллаж, амаргүй үеийг туулсан. Үнээн, миний оюутан цаг амаргүй үеийг туулж, би хэцүү бэрхийг давсан. Одоо над руу дайрдаг хүмүүсийн ганц зэвсэг нь оюутан цагийн маань хүнд үеийг чичилдэг. Би ажиллахын хажуугаар давхар сурч явсан юм. Дүү нарыгаа эрдэм боловсролтой болгоё, тэднийгээ сайн сайхан явуулья гэсэн ганцхан бодлоор би өөрийгөө ч орхиж зүтгэж байлаа. Хүмүүсийн төлөө зүтгэх сэтгэл, хат олж авсан тэр цаг хугацаандаа би байнга талархдаг.
 
БИ СУРЧ БАЙСАН ГЭЖ БИЧИХЭЭСЭЭ ХЭЗЭЭ Ч ИЧИЖ БАЙГААГҮЙ

-Та хэд хэдэн сургуульд ороод дуусгаж чадаагүй гараад байсан юм байна лээ. Аль нэгийг нь дуусгачихсан бол гэж бодогддог уу?

-Тухайн үедээ сургуулиа дуусгаж чадахгүй, мөнгө санхүүгийн байдлаас болоод сургуулиа орхиж байгаа маань хэцүү санагддаг байсан. Боломжтой айлын хүүхдүүд таксидаад явж байхад би үргэлж алхаж, гутал маань 14 хоног болохгүй цоорчихдог байлаа. Намайг аяга угааж байсан гэж их доромжилж бичих юм. Тийм ээ би аяга угааж байсан. Гэхдээ би толгойгоо цэнэглэж байсан. Харин Оюутолгойн гэрээг хийсэн улстөрчид толгойгоо угаалгаж, түрийвчээ цэнэглэх арга ухаанд суралцаж байсан байх. Би дүү нарынхаа хувьд сайн ах. Үүнийгээ хаа ч хэлнэ. Сайн ах байна гэдэг хариуцлагатай байхыг хэлнэ гэж ойлгодог. Тэр үеийн хариуцлагыг ойлгож мэдрэх ухаан намайг уул уурхайн асуудал дээр Монголын баялгийг зүгээр тавиад туучихаж болохгүй гэдгийг ойлгуулсан. Монголын баялгийг ард түмэндээ ашигтайгаар үлдээж, ажлын байрыг бий болгохын төлөө мань мэт шиг хүмүүс зүтгэхгүй бол тэр чигт нь тавиад алдчих мэт санагддаг. Тэгж болохгүй гэсэн сэрэхүй маань хариуцлага юм.

-Гэхдээ таныг дипломгүй боловсролгүй гэдгийг нэлээд ярьж байгааг анзаарсан биз дээ. Хамгийн гол нь сургууль төгссөн гэж худлаа ойлголт өгсөнд хүмүүс эгдүүцдэг. Та яагаад тэгсэн юм бэ?

-Би энэ сургуулийг төгссөн гэхээсээ энэ, энэ сургуульд суралцаж байсан гэж анхнаасаа хэлж бичдэг байсан. Намайг элдвээр л хэлж байх шиг байна. Тэмцэгч хүний нэг сул тал нь өөрийгөө өмгөөлж хамгаалж чаддаггүй юм. Улс төрд хүнийг харлуулахад их амархан. “Непко” хэвлэлийн газраас “Британика Монгол” хураангуй толийг хийхдээ намайг олон нийтийн хөдөлгөөний удирдагч, Монголын Үйлдвэрчний эвлэлийн түүхэнд ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч гэж оруулсан байдаг юм. Тэр үед намайг намтраа бичиж өг гэхэд би суралцаж байсан бүх сургуулиудаа жагсаагаад суралцаж байсан гэж бичээд өгч байсан. Магадгүй миний тэр бичиж өгсөн хадгалагдаж байдаг байх. Би чинь үнэндээ Хөдөлмөрийн дээд сургуульд магистрын зэргийг хамгаалсан хүн шүү дээ. Одоо бүх зүйлийг утгагүй болгоод тэрийг ч худлаа болгоод байгаа болохоос биш.

-Бакалавраа аваагүй хүн магистр хамгаалсан гэж үү?

-Би тухайн үедээ энэ, энэ сургуульд ийм хугацаанд суралцсан. Би бакалавртай тэнцэхүйц боловсролтой  гэж үзэж байна. Миний энэ байдлыг харгалзан үзэж магистрын зэрэг хамгаалах хүсэлтийг маань хүлээн авна уу гээд өргөдөл бичиж өгөөд элсэн суралцаж байсан юм. Тухайн үедээ эрдмийн зөвлөлийнхөн миний нөхцөл байдлыг харж үзээд зөвшөөрч байсан. Сүүлдээ намайг харлуулах гэж бүх хяналт шалгалтыг хийж, бөөн асуудал босгосон байх. Би тэр хүмүүст их төвөг болсон байх аа. Би ажилд орж байхдаа ч үүнийгээ хэлдэг байсан. Би номыг нь үзсэн, мэднэ гэж.

-Яг сурсан сургууль, суусан жилүүдийг нь харвал та чинь бараг долоон жил сурсан, нөгөө хоёроосоо олон жил ширээний ард суусан харагдаж байсан шүү?

-Тийм байна уу. Би ажиглаагүй юм байна. Бодоход тийм юм байна шүү. Манай нөгөө хоёр намайг бодвол хуучин социалист үед төрийн тэтгэлэг дэмжлэгтэй үед сурсан. Тэд азтай хүмүүс. Би бол яг шилжилтийн үед дунд сургуулиа төгсч байсан. Ерээд оноос оюутнуудад өгч байсан бүх дэмжлэг зогсох үед би сурч таарсан. Ганзагын наймаа хийдэг ахгүй бол өөрөө ганзагад явахаас аргагүй тийм л үе байсан даа. Амаргүй үе байсан ч би сурахын төлөө хичээдэг байсан. Их ч зүтгэсэн. Би сурч байсан гэж бичихээсээ хэзээ ч ичиж байгаагүй. Яагаад гэвэл тэнд миний хөдөлмөр шингэсэн амьдралын маань үнэ цэнэтэй он жилүүд учраас. Аяга угааж олсон мөнгөөрөө, ямар ч төр засаг, ямар ч аав ээж, ах дүүсийн дэмжлэггүй өөрөө зүтгэж сурч байсан маань миний түүх. Миний намтар. Зүтгээд хоёрдугаар курс, гуравдугаар курс хүртлээ сураад байсан нь үнэн түүх.

Бакалавргүй гээд магистрын ангид сурсныг үгүйсгэж байвал, хамаагүй ээ. Би арван жилийн боловсролтой гэдгээрээ үлдэе. Миний сурч байсныг хамаагүй гэж үзвэл тэр биз. Тэглээ гээд миний уншсан харсан, үзсэн дуулсан надаас явчихгүй. Хамгийн гол нь сэтгэл минь хаана байна гэдгийг ард түмэн мэднэ. Ялгаж салгана гэдэгт итгэлтэй байна. Маргарет Тетчер хэлсэн байдаг юм. “Намайг асуудал гаргаж тавихад тэр асуудлаа биш өөр зүйл, хувийн асуудал ороод байна. Уг нь асуудал тавихад асуудлаа л ярих ёстой” гэж. Түүн шиг намайг Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ гээд яриад эхлэхээр тэр асуудлыг биш миний дипломын асуудлыг ярьдаг юм. Намайг Оюутолгойн гэрээг засч сайжруулья гээд ярихаар 25 жилийн өмнө намайг хаана байсныг яриад байдаг нь нэг талаасаа би бусад улстөрчид шиг элдэв зүйлд хутгалдаагүй, хамгийн цэврээрээ байгаа улстөрч гэдгийн баталгаа юм даа. Би төр түмний төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэх ажил руу сэтгэл шуударч, арав гаруй жил ажиллаж байна, гэтэл надаас асуудал олдохгүй болохоор нөгөө ярьдгаа л хэлдэг юм.

-Энэ хугацаанд хүмүүст харуулчих дипломтой болох боломж бүрэн байсан байх л даа. Яагаад болчихоогүй юм бэ дээ?

-Боломж бүрэн байсан. Монголдоо ирээд олон жил болохдоо аль нэг газар сураад дипломтой болж болох л байсан.  Олон улсад үйлдвэрчний эвлэлийн байгууллага маш хүчтэй. Тэдний шугамаар суралцаад үзүүлэх дипломтой болж ч болох байлаа. Гэхдээ улстөрч “Хүн намайг юу гэж бодох бол” гээд эхэлбэл л биш болж байгаа юм. Би байгаагаараа байя л гэж бодсон. Сурсан маань энэ гэхээр үгүй ээ гэж байгаа бол тэднийхээр больё. Надад ямар ч нэр хоч зүүлгэсэн би Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа зургаан удаа цалин нэмүүлж, хоёр удаа тэтгэвэр нэмүүлсэн нь үнэн юм даг.

БИ УУЛ УУРХАЙГ ЗОГСОО ГЭДЭГГҮЙ. АШИГТАЙ АЖИЛЛУУЛ ГЭДЭГ


-Ашигт малтмалыг ашиглаж болохгүй гээд “поп”-доод байхаар бид чинь алтан дээр суусан гуйлгачин болж амьдраад байгаа юм биш үү. Бид уул уурхайгаа хаах ёстой юм уу, эсвэл таныхаар хөрөнгө оруулагчдаа хөөгөөд байх нь зөв юм уу?

-Би уул уурхайг зогсооё гэж боддоггүй. Харин зөв зохистой, шударга ашиглах ёстой гэж боддог хүн. Өнөөдөр манайд юу хэрэгтэй байна вэ. Сургууль, цэцэрлэгийг ажиллуулж, цалин тэтгэврийг тавьж, шинжлэх ухааны байгууллагуудыг ажиллуулахад юу хэрэгтэй юм. Валют. Валют хаанаас орж ирэх юм. Өнөөдрийн байдлаар уул уурхайгаас валют орж ирэхээр байна. Улс маань өртэй байна. Өрийг төгрөгөөр өгөхгүй валютаар өгнө. Тэрийг малчдаасаа авах уу, эмч багш нарынхаа татварыг нэмж олж авах уу. Эсвэл бизнес эрхлэгчид, Нарантуул дээр үүргээр бараа зарж байгаа хүмүүсээсээ авах уу. Уул уурхайгаасаа олсон валютаар бид өрөө төлөхөөр байна. Одоогийн байдлаар бид баялгаа гаргаж байж Монголынхоо өрийг шийднэ. Тэгэхдээ баялгаа ашигтай өгч байж л олно. Түүнээс аманд нь багтаад өгөөд байх юм бол бид ашиг олж ч чадахгүй, өрөө төлж ч чадахгүй. Би баялгаа олборлохыг, гаргахыг зогсооё гэдэггүй. Оюутолгойг зогсоо гээгүй. Ганцхан Оюутолгойг яаж ашигтай ашиглах вэ, монголчуудад ашиг нь яаж ирэх вэ гэдгийг л асуудаг. Асууна гэдэг тийм ичгэвтэр зүйл биш. Баялгийн эх оронч гэдэг үзлийн тухай бид ярих ёстой. Хэдхэн хүн, хэдхэн гэр бүлд ашигтайгаар шийдэх биш нийт монголчууддаа ашигтайгаар шийдэх тийм эх оронч үзэлтэй байх ёстой.

-Тан шиг хүн Ерөнхийлөгч болчихвол гадны хөрөнгө оруулагчдыг хөөж туугаад Оюутолгой ажиллахгүй болно гэсэн зүйл цахим ертөнцөд их явж байсан л даа. Харин та баялгаа ашиглана аа, эх орончоор олон хүнд ашиг нь ирэхээр ашиглана гэж хэлээд байна л даа...

-Баялгийн эх оронч үзлийг аль болох олон хүнд суулгаж өгөх хэрэгтэй гэж боддог. Яг үнэндээ уул уурхайн баялгаа ашигтайгаар ашиглаж, олон түмэндээ үр ашиг нь ирэхээр байлгахын төлөө бид нар зүтгэхгүй бол эрх мэдэлтэй хэдхэн хүн өөрсдийнхөө төлөө ашигтайгаар эргүүлж, хэдхэн компани, хэдхэн гэр бүлийг хагартал баяжуулж, үндэстэн дамнасан корпорациудын бодлогоор аманд нь ороод байна шүү дээ. Одоогоос хоёр жил гаруйн өмнө байна уу даа би хэвлэлд нэг нийтлэл гаргасан. Хэрэв Оюутолгойг энэ янзаар нь явуулах гэж байгаа юм бол үргэлжлүүлснээс зарчихсан нь дээр гэж бичиж байлаа. Оюутолгойг зогсооё гээгүй шүү. Дахин хэлье. Би зогсоо гэдэггүй. Ашигтай ажиллуул гэдэг. Би ийм байдлаар үргэлжлүүлснээс зарах нь ашигтай юм байна гэж бичсэн. Оюутолгойн талаар анх ярьж, тэмцэж байхад яагаад гацаагаад байгаа юм бэ гэдэг байлаа. Харин одоо “Оюутолгойг бид нар тавиад туучихсан юм байна. 2038 он хүртэл ногдол ашиг авахгүй юм байна, 2039 онд нөөц нь дуусах юм байна. Одоо нэгэнт өнгөрчихөж, наадахаа хаяач” гэж хэлж байна. Эндээс жилд хоёр тэрбум ам.доллар гадагшаа гарч байна, одоогийн байдлаар долоон тэрбум гарч. Тиймээс бид нэгэнт өнгөрсөн гээд орхиж болохгүй цаана 98 хувь нь байна. Асуугаад адлуулаад явахаас айж болохгүй ээ. Хэрэв тэгэх л юм бол бид алдана. Би бол айхгүй байна, эрдэм номыг нь сурсан, хэнтэй ч ярьж мэтгэлцэхээс эмээхгүй.

-Та өөрийгөө сайн ах гэж байна. Та УИХ-ын гишүүн байхдаа дүү нарыгаа ажилд оруулах тал дээр хэр харж үзсэн бэ. Тэр үед танаас бусад бие даагчид нэлээд томоохон тохироо хийж, ах дүү нараа ажилтай болгож байсныг мэдэх учраас асуугаад байна л даа?

-Би дүү нараа боловсролтой болгох тал дээр сайн ах, хариуцлагатай ах байсан болохоос төрийн нэрээр ажилд албанд оруулах тал дээр хөдөлж байсангүй. Тэд маань ч өөрсдийнхөө олж авсан мэдлэгээрээ тус тусдаа замаа хөөж явдаг. Ер нь ихэнх нь хувийн салбарт ажиллаж ирсэн. Магадгүй хүний ах байж ажилд төрөлд оруулахад дэмжээд өгдөггүй гэж бодож байсан байж магадгүй ээ. Гэхдээ тэд намайг мэднэ, төрийн эрх мэдэл, танил талаар асуудалд хандахгүй гэдгийг мэддэг учраас надаас илүү ихийг хүлээж байгаагүй байх аа.

МОНГОЛЧУУД УЛААН, ЦАГААН Ч БИШ ХӨХ ЦЭРГҮҮД

-Одоо ярилцлагаа арай өөр чиглэлд шилжүүлье. 2005, 2006 оны үеэс санагдаж байна. Та хөх цэргийн талаар ярьдаг байсан шүү дээ. Монголын залуу үе хөх цэргүүд гээд. Тэр ямар учиртай байсан юм бэ?

-Энэ талаар хөндөж асуусанд маш их баярлаж байна. Сүүлийн үед надаас ямар ч сэтгүүлч энэ талаар асуусангүй. Ярилцлага авна гэхэд энэ талаар асуугаасай гэж боддог ч хэн ч сонирхож асуудаггүй байлаа. Олон жилийн өмнө би Израилд явж байхдаа “Еврей хүмүүсийг дэлхийд хамгийн ухаантай үндэстэн гээд байдаг. Энэ ямар учиртай юм бэ” гэж асуусан юм. Тэгтэл “Еврей хүн ухаантайдаа биш ээ. Еврей хүн болгож төлөвшүүлдэг еврей хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөрт учир бий” гэж байлаа. Тухайн үед энэ яриа надад сэтгэгдэл төрүүлсэн юм. Еврейчүүд ямар зовлон туулсан, ямар хүнд нөхцлөөс өнөөдрийн улс орныг бий болгов, давуу тал нь юу юм, сул тал нь юу юм. Түүнийг хэрхэн давуу тал болгож болох талаар тун нарийн заадаг тусгай хөтөлбөр байдаг юм билээ. Автобус, автобусаар хүүхдүүдээ дагуулан музей үзүүлж, тайлбарлаж өгч байсан. Би ирэнгүүтээ л Монголдоо тийм зүйл хийхийг хүссэн. Орост “Төмөр ба түүний команд”, АНУ-д скаутууд гээд хүүхдүүдээ багаас нь чиглүүлж, хат суулган үндэсний омогшлыг нь бий болгодог. Харин манайд юу ч байгаагүй. Монголчууд улаан, цагаан ч биш хөх цэргүүд. Тэгж “Хөх цэрэг” хөтөлбөрөө эхэлж байлаа.

-Энэ хөтөлбөр чинь хэр үр дүнтэй байсан бэ. Хэр удаан үргэлжилсэн бэ?

-Тэр үед их зоригтой байжээ. Нэг их гэгээн хүсэл зорилготой. Компаниудаас хөрөнгө мөнгө босгож, хүүхдүүдийн ээж, ааваас хоолны мөнгөнд нь тодорхой төлбөр аваад Хар зүрхний Хөх нуур руу явж байлаа. Зүрх ууланд очиж залбирсан, үүх түүхийг нь хүүхдүүддээ яриулсан. Монгол түүх, омогшлыг нь бадрааж явлаа. Арав хононо гээд явсан улсууд 14 хоноод ирсэн. Найз нөхөд маань айлын олон эрх нялх хүүхдүүдийг авч яваад аюултай ажил хийж байна гэж анхааруулж байсан. Гэхдээ би хийхгүй бол хэн ч хийхгүй гэсэн сэтгэлээр зориглон явж байлаа. Уг нь би юм уу, хэн нэгэн хүн үүнийг хийх биш Монголын төр хийх ёстой ажил л даа. Хэзээ нэгэн цагт төр үүнд анхаарлаа хандуулна гэдэгт итгэдэг. Эцэг, эхчүүд ч тухайн үед хүүхдүүд маань их өөрчлөгдсөн байна, баярлалаа гэж байсан. Арван хэдэн жилийн өмнө явж байсан тэр хүүхдүүд том залуучууд болчихсон “Тэр аяллын ачаар би хат сууж, эр хүн болсон шүү. Ах аа танд баярлалаа” гэсээр уулзахад надад хачин их баяр төрдөг. Шилийн богд дээр гарч, хилийн зурвас дээр очсон хүүхдүүд их өөр болно шүү дээ. Адилхан өвс ургамалтай газар хилийн зурвасынхаа наана, цаана гарахаараа ямар ялгаатай болж байгаа талаар бид ярих жишээтэй. Эх орноо хайрладаг, аливааг өөрөөр хардаг болдог юм. Одоо ч энэ үзэл санааны хөх цэргүүд маань ажлаа хийж л байгаа. Тухайн үед өөрсдөө жаахан хүүхдүүд явж байсан тэр хөвгүүд нас биед хүрээд өөрсдөө энэ ажлыг аваад явж байна гэхээр гоё байгаа биз.

-Олон жилийн өмнө “Танайд хоноё” нэвтрүүлгийг тань үзэж байлаа. Угсармалын хоёр өрөө байранд, тагтаа ажлын өрөө болгочихсон нь содон санагдаж байсан. Танай гэр өөрчлөгдөө юу?

-Өөрчлөгдсөн.

-Хаашаа тэр вэ?

-Гэр нүүгээгүй ээ. Өөрчлөгдсөн гэдэг нь тагтаа өөрчилснөө хэлж байна. Тухайн үед ажлын өрөө гаргаад тагтаа өөрчилсөн чинь дэндүү хүйтэн байсан. Зориулалт бол зориулалт юм байна лээ. Хуучны байруудыг тэгж өөрчлөх хэрэггүй гэж зөвлөе. Эдээрээ тоглох нь эвдэхийн цондон гэдэг. Тэгээд нэлээд ажил болж байж хуучнаар нь янзалсан. Үр дүнд нь ажлын өрөөгүй болсон гэх үү дээ (инээв). Гал тогооны өрөөгөө томруулах гээд ханаа нурааснаа хэвд нь оруулж амжаагүй л байна. Түүнээс 13 дугаар хорооллын хоёр өрөө байрандаа эхнэр, хүүхдүүдтэйгээ аз жаргалтай амьдарч л байна. Охид маань 84 дүгээр сургуульдаа, бага охин маань гэрийн дэргэдэх улсын цэцэрлэгтээ албаа хашаад. Ер нь улстөрч хүн олон түмнийхээ дунд байх ёстой гэж боддог. Түүнээс тансаг чамин газарт амьдрах тусам ард түмнээсээ тасарна. Улстөрч хүн тусгай машин унах эрхгүй байдаг юм шүү дээ. Баруунд улстөрч хүн нийтийн унаа унах ёстой бичигдээгүй хууль байдаг. Английн Ерөнхий сайд У.Черчиль тамхиа зуусаар машинаас гарч ирдэг зураг элбэг байдаг даа. Тэр машин чинь такси юм. Харин манайд улстөрч болохоор 13 дугаар хорооллын угсармал байшинд амьдрахаар ичгэвтэр хэрэг болж, улстөрч болохоор том тансаг машин унах болдог. Уучлаарай, ингээд ирвэл их зардал гардаг. Тэр зардлаа нөхөхийн тулд алдаа гаргадаг. Дараа нь тэр алдаагаа засахын тулд бүх эрч хүч, чадлаа зарцуулж эхэлдэг. Ард олныхоо төлөө, улсынхаа төлөө зарцуулах эрч хүчээ өөрийнхөө балгийг баллуурдахад л зориулах болдог. Хуучин байсан 13-ынхаа байшинд байна гэдэг намайг эрх чөлөөгөөр шагнаж байгаа хэрэг шүү дээ. Би олныхоо дунд газартаа л байсан хүн, албанд очсон ч газар дээрээ, унасан ч газар дээрээ.

ҮЙЛДВЭРЧНИЙ БАЙГУУЛЛАГА НАДАД ИХИЙГ СУРГАСАН

-Та зургаан удаа цалин нэмүүлж, хоёр удаа тэтгэвэр нэмүүлсэн гэлээ. Ажиллаж байсан хугацаандаа жил бүр цалин нэмүүлж байжээ?

-Би өөрийгөө тэгж чадсан, ингэж чадсан гэж дөвийлгөмөөргүй байна. Монголын Үйлдвэрчний холбооны аймаг салбаруудын удирдлагууд гайхалтай тэмцэгч, хүчирхэг улсууд байдаг. Энэ хүмүүстэйгээ хамтарч, үе үеийн ерөнхийлөгч зүтгэлтэн нарын гаргаж баримталж ирсэн зам мөрийг дагаж бид ажиллаж байсан.

-Та үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллаж, дараагийн сонгуулиар нь дахин сонгогдож бараг 2017 он хүртэл ажиллахаар болсон байсан байх аа. Ажлаа өгөхөд хүрсэн шалтгаан юу байсан бэ?

-Яасан сайн мэдэж байна вэ. Тийм ээ, би дөрвөн жил ажиллаад 100 хувийн саналаар улиран сонгогдож, хоёр жил шахам ажилласан. Би үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зарим өмч хөрөнгийг авахын тулд маш их тэмцэл хийсэн. Авч ч чадсан. Энэ нь надад маш их дайсан төрүүлсэн. Тэр хүмүүс УИХ-ын гишүүн, Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчийн ажлыг хамт хийж болохгүй талаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Гомдлыг шийдэх явц удаан үргэлжилдэг, тэр нь бидний ажлыг хойш татах учраас албан тушаалдаа хоргодож холбооныхоо ажлыг баллахыг хүсээгүй. Тэгээд өргөдлөө өгөөд гарч байлаа. Үйлдвэрчний байгууллага надад ихийг сургасан. Том байгууллагыг удирдаж сургасан, хүн удирдаж сургасан. Тэмцлийг зохион байгуулалттай хийж, олон улсад бусад үйлдвэрчний байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллахыг сургасан. Яриад байвал олон зүйл бий.

-Үйлдвэрчний эвлэлийн өмч хөрөнгийн асуудал босч байсныг санаж байна. Та тэдгээр өмч хөрөнгийг буцааж авсан ч дундаас нь бас өөрсдөдөө зувчуулсан гэсэн шүүмжлэл нөгөө талаас гарч байсан шүү?

-Надад тийм асуудал байхгүй гэдгийг 100 хувь баталгаатай хэлж чадна. Яагаад баттай гэж хэлж байна гээч. Түмний төлөө хүчтэй дуугарч, эрх баригчдын өөдөөс ингэж хамаагүй босдог хүн жаахан ч гэсэн алдаа гаргаж болдоггүй юм. Алдаа гаргавал намайг чинь барьж аваад шарж идэх гээд бэлэн зогсч байгаа шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд олон удаа намайг шалгууллаа, шалгалаа. АТГ-т Үйлдвэрчний байгууллагын өмчтэй холбоотой олон өргөдөл өгч байсан, шалгаж байсан. Одоо ч баахан гүтгэлгүүд гаргаж эхлэх биз. Гэхдээ АТГ-аас хамааралгүй, гэм зэмгүйг тогтоосон байдаг юм. Тийм болохоор би ам бардам хэлж байна. Үнэндээ үйлдвэрчний холбооны ерөнхийлөгч хүнд өмчтэй холбоотой ямар нэг зүйл дээр гарын үсэг зурах эрх нь ч байдаггүй. Энэ миний бас бардам хэлж байгаагийн нэг баримт. Тэр эрх нь санхүү хариуцсан дэд ерөнхийлөгчийн мэдлийн асуудал байдаг л даа.

ХҮНД ЦААС БИШ ЧАДВАР МЭДЛЭГ ЧУХАЛ

-Дипломтой холбоотой асуулт дууссан гэж бодож байсан ч асуухаас аргагүй нэг асуулт байна аа. Та өөрөө төгссөн биш сурч байсан гэж бичдэг гэсэн. Гэтэл тийм хүн төрийн албанд УИХ-ын даргын зөвлөх, томоохон банкинд албан тушаалтан, багш хийгээд яваад байсан гэхээр. Тэр газрууд чинь таныг ажилд аваад байдаг байсны учир юу вэ?

-Би их азтай хүн. ХААН банкинд ажилд орохдоо удирдлагуудад нь би үнэнээ хэлсэн.Сургуулиа төгсч чадаагүй ээ, ийм ийм бэрхшээл тулгараад. Гэхдээ надад туршлага нь байна, мэдлэг нь байна. Та нар өөрсдөө шийд ээ гэж хэлэхэд Дебра Бойер, Питер Морроу гээд америк захирлууд нь намайг ажилд авч байлаа. Туршилтаар нэг сар ажиллаад албан ёсоор авч, сүүлд ажлаа өгье гэхэд цалингаа нэмье үлдээч гэж байлаа. Тэгэхээр хүнд чадвар мэдлэг чухал гэдгийг хэлмээр байна. Боловсрол өөрөө ашигллагддаг байх ёстой, хэрэглэгддэг байх ёстой. Түүнээс шошго шиг, хүмүүст харуулдаг цаас шиг байж болохгүй. Дараа нь Удирдлагын академи, Санхүүд цагаар багшилж байхдаа ч би үнэнээ хэлээд орж байсан. УИХ-ын дарга зөвлөхөөрөө тавихдаа ч миний нөхцөл байдлыг мэдэж байсан, сүүлд ажлаа өгөхдөө ч сурах хэрэгцээ байна гэхэд ойлгож ажлаас чөлөөлж байсан. Би үнэнээрээ л байсан. Миний залуу насны хүндрэл бэрхшээл бол миний шагнал. Хэрэв тэр үедээ сургуулиа төгсчихсөн байсан бол би нэг төслийн удирдагч л байх байсан даа гэж боддог юм.

-Одоо тэр цаастай холбоотой асуудлууд босч байгааг харж байна. Цаашид тэр дипломыг авчихья гэж бодож байна уу?

-Бодохгүй байна. Тэр байхгүй байлаа гээд би дутуу бодоод дутуу сэтгээд байна гэж байхгүй. Өнөөдөр тэгвэл тэр дипломгүй гээд би муу байгаа юм бол миний Оюутолгой дээр гаргаж тавьсан баримт нотолгоонуудыг буруу байна гээд олон эрдэмтэн багш нар яагаад гаргаж ирэхгүй байгаа юм бэ. Хуулийн, эдийн засгийн том эрдэмтнүүд яагаад дүгнэлтээ хийхгүй байна вэ. Миний дүгнэлтүүдэд яагаад няцаалт өгөхгүй байна вэ. Энэ өөрөө судлагдахуун байна шүү дээ.

-Та монголчууд эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсан гээд байдаг. Чухам хэдийд яагаад алдчихсан гэж үзэж байна вэ?

-Оюутолгойн гэрээг хийх үед монголчууд бид эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсан юм. Бид газар нутаг, соёл түүхийнхээ тусгаар тогтнолыг алдаагүй ч эдийн засгийн тусгаар тогтнолоо алдчихсан. Гэтэл Дубайн гэрээг үзэглэснээр газар нутгийн тусгаар тогтнолд нөлөөлөөд эхэлчихсэн. Бид гурван сумтай тэнцэх хэмжээний газар нутгаа барьцаанд тавьж байж Дубайн гэрээг хийсэн. Тэр барьцаанд тавьсан 4.2 тэрбум ам.доллар нь Монголд орж ирэхгүй нь эмгэнэл юм. Монгол Улсын Ерөнхий сайд нь Дубайд нэг баяны гал тогоонд гарын үсэг зураад зогсч байна гэхээр. Бид үүнийг ярих ёстой. Зүгээр орхиж болохгүй. Төрийн шагналт хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуай хэлсэн байдаг даа. “Ганбаатар үнэн хэлээд байвал энэ Ерөнхий сайд удирдлагуудаа шоронд хийгээч ээ, худлаа хэлээд байвал Шар хаданд нь хэвтүүлээч” гэж. Одоо энэ хоёрын аль нэгийг шийдэх цаг болсоон. Би буруутай бол хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Дахин хэлье. Би Оюутолгойг зогсооно, Монголоос гар гэдэггүй. Нүүр нүүрээ хараад сууж ярилцья гэдэг. Жилд ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын баялаг Монголоос гарч байна. Энэ бол нийт эмч, багш нарын цалинг зургаан жилийн турш өгөх мөнгө шүү дээ. Эрүүл мэнд, боловсролын салбарынханд зургаан жил өгөх хөрөнгө ганцхан жилд манайхаас гарч байдаг. Хоёр тэрбум ам.доллараар нефтийн үйлдвэр, ган хайлуулах, бордооны үйлдвэр гээд гурван том үйлдвэр барина шүү дээ. Үүнийг гаргах ёстой юм гээд зээл авч амьдрахыг би ердөө ойлгохгүй байгаа. Зээл авч хөгжсөн улс орныг мэдэхгүй юм, гуйлгаар боссон айл хаа ч байхгүй. Улс орон маань ийм болчихоод байхад Монголоо аврах хавчаахай нумтай хүү Монгол орны маань хаа нэгтээ төрж л таараа. Хүн бүр өөрийгөө тэр баатар хүү шиг бодож амьдрах хэрэгтэй. Би ч тэгж боддог нэгэн.

МҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ГЭВЭЛ МОНГОЛЫН БҮХ УЛСТӨРЧ ХОЛБОГДОХ БАЙХ

-Та өнгөрсөн жилүүдэд Монголын хамгийн өндөр рейтингтэй улстөрч гэгдэж байлаа. Гэтэл жижиг тойргоос гараад ирж чадсангүй. Одоо тэгтэл том тойрогт өрсөлдөх гэж байна. Тэр судалгаа худлаа байсан уу, юу болсон бэ?

-Би тэр судалгааг худлаа байсан гэж боддоггүй ээ. Харин над шиг ийм хүмүүсийг парламентад дахин оруулж ирэхгүйн тулд эрх баригчдын хийсэн ажил. Тойргийг жижиглэж, сонгуулийн хуулийг өөрчилсөн. Тойрог жижиглэнэ гэдэг мөнгөгүй хүмүүст аюултай. Мөнгөний нөлөөлөл жижиг тойрогт их. Харин одоо гурван хүн Монгол даяараа нэг том тойрогт өрсөлдөж байна. Энэ тохиолдолд мөнгө биш үзэл санаа, чин сэтгэл, шударга байдлыг олон түмэн дүгнэнэ гэдэгт итгэж байна. Нэг том тойрог буюу Монгол орныг тэр чигт нь худалдаж авахад олигархиудад хүнд. Монголын маань иргэд хувь заяа, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө зөв сонголт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-Тантай холбоотой яригддаг нэг зүйлийг асуумаар байна. Мүүн гэдэг дээр?

-Би Мүүн энэ тэр биш ээ. Мүүн гэдэг чинь яг ч тийм нэртэй биш Дэлхийн энх тайвны төлөө гэр бүлийн холбоо бил үү дээ тийм нэртэй Монголын Хууль зүйн яаманд бүртгэлтэй нэг байгууллага. Хэрэв Мүүнтэй холбоотой гэвэл Монголын бүх улстөрч холбогдох байх. Тэр байгууллагын нэг хуралд БНСУ руу явж оролцсон нь үнэн. Түүнээс надад өөр ямар ч холбоо, гишүүнчлэл энэ тэр байхгүй. Одоо сонгуулиар бас энэ талаар баахан ярих биз. Тэгэхэд манай буддын шашны гурван хамба, нэртэй зохиолчид, улстөрчид явсан. МАН-ын нэг улстөрч хамт явья гэснээр би явж байсан. Тэд нар байсан гээд хэлчихвэл хам хэрэгтэн болчих байх. Би дэлхийн энх тайвны төлөө гэсэн хуралд явсан нь үнэн. Түүнээс шашны талаас ямар ч холбоо байхгүй. Би мөнх хөх тэнгэрээ шүтдэг монгол хүн. Сонгуулиар намайг хорин хэдтэй байхдаа хэдэн хүнд виз гаргаж өгч байсан талаар муулахаар бичлэг хийж байгаа гэж дуулсан. Гадагшаа амьдрал хайж яваа монголчууддаа визтэй болоход нь тусалж чадсан бол залуу хүн миний хувьд бахархам ажил байжээ гэж би хэлнэ. Намайг буруушаах идсэн уусан, хуйвалдсан хулгайлсан зүйл байхгүй учраас диплом энэ тэрээр л оролдох юм даа.

-Та гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу. Нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаар ирэх үедээ та гэргийгээ охидоо дагуулсан байсан. Дөрвөн охинтой хүн юм аа. Хүүтэй болохсон гэж боддог уу?

-Тийм ээ. Би дөрвөн охинтой. Том охин маань ээжтэйгээ Лондонд амьдардаг. Энд би эхнэр, гурван охины хамт амьдарч байна. Телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа өмнө амьдрал зохиож байсан талаараа ярьж байсан болохоор хүмүүс мэдэж байгаа байх. Миний гэргий их сайхан сэтгэлтэй эмэгтэй. Хүүтэй бол сайхан л байх. Гэхдээ охидоо харж хамгаалж явах сайхан. Би эр хүн, аав хүн ч гэсэн охин үр улсын үндэс гэдэг болохоор охин үрийг хүндэлж, хайрлах ёстой гэж боддог.

-Та өнгөрсөн сонгуулиас хойш юу хийж байв даа. Бараг жил тойрох нь...

-Монголын шинэ үеийн улстөрчдийг бэлтгэх академийг найз нөхөдтэйгөө байгуулж, хөтөлбөр программыг нь боловсруулж бэлдлээ. Энэ хүрээндээ “Надад төлөвлөгөө байна” илтгэлээ тавьсан. Энэ илтгэлээ бэлдэхийн тулд чамгүй судалгаа хийж суусан даа.

-Судалгаа хийж суухад орлого олохгүй байх. Нууц биш бол амьдрал ахуйгаа авч явахад орлого хаанаас олж байв?

-УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүс ажлаа өгсөн ч нэг жил цалингаа авдаг юм билээ. Үүнийг хүмүүс огт мэддэггүй. Энэ бол хүмүүсийн мэдэж байх ёстой зүйлийн нэг гэж бодож байна.

-Юу гэсэн үг вэ. 2012-2016 оны хооронд парламентад сууж байсан гишүүд 2017 онд ч цалингаа авч байна гэж үү?

-Тийм ээ. Хүмүүс мэддэггүй юм билээ. Үүнийг мэдэх ёстой. Ард түмний мэддэггүй хэчнээн олон зүйл байгаа бол. Надаас гадна АН, МАН-ын унасан нөхөд жилийн турш цалингаа авдаг юм билээ. Энэ бол нуух зүйл биш. Хаанаас орлоготой байсан бэ гэдэг дээр тэндээс цалин авч байсан гэдгээ хэлье.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна