E-Mongolia системээс “Мал тооллогын лавлагаа”-гаа цахимаар аваарай

Х.Есү
13 цаг 50 минутын өмнө

Статистикийн байгууллага 1961 оноос эхлэн нэгдсэн арга зүйгээр бүх нутаг дэвсгэрийг хамруулан тогтсон хугацаанд буюу жил бүрийн 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг явуулж, өмчийн бүх хэлбэрийн малыг тооллогод хамруулдаг болсон.

2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 57.6 сая толгой мал тоологдсон тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Мал тооллогын үр дүн нь иргэд болон аж ахуйн нэгжүүдэд төрөл бүрийн үйлчилгээнд шаардлагатай баримт бичиг болдог. Тухайлбал:

  • Банк, санхүүгийн байгууллагад хөрөнгийн баталгаанд,
  • Мал аж ахуйн бүтээгдэхүүний урамшуулалд хамрагдахад,
  • Малын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх, гарал үүслийн гэрчилгээнд,
  • Малтай эсвэл малтай байсан гэдгээ нотлох шаардлага гарсан бусад тохиолдолд ашиглагддаг.

Өмнө нь мал тооллогын лавлагааг авахын тулд иргэд аймаг, дүүрэг, хороо зэрэг харьяа байгууллагад биечлэн очих шаардлагатай байсан бол одоо E-Mongolia цахим системээр дамжуулан энэхүү лавлагааг онлайнаар авах боломж бүрдээд байна. Энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Тэгвэл цахимаар 167,263 иргэн, 105 аж ахуйн нэгж байгууллага мал тооллогын лавлагааг авсан байна.

Гэсэн хэдий ч мэдээллийн хүртээмжтэй байдлаас шалтгаалан одоог хүртэл иргэд лавлагаагаа биечлэн очиж үйлчилгээ авах хандлага багагүй байна. Тиймээс цахимжсан үйлчилгээг малчин иргэдэд сурталчлан таниулах, мэдээ мэдээллийг олон талт сувгаар түгээх, хүртээмжийг нэмэгдүүлэх, уялдааг хангах тал дээр илүү ач холбогдол өгч анхааран төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийг хариуцсан удирдлага, алба хаагчидтай хамтарсан уулзалтыг шат дараатай зохион байгуулж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд өнөөдөр “И-Монгол академи” УТҮГ-ын СОНХГ, Үндэсний статистикийн хорооны алба хаагчид уулзаж харилцан санал солилцов.

Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн мэдээлэл түгээх төдийгүй, иргэдийн цахим үйлчилгээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн мэдээллийг шуурхай,бодитой хүргэх суурь нөхцөлийг бүрдүүлэх чухал алхам болж байгаагаараа онцлог байна.

Жич: 2014 оноос хойших мал тооллогын мэдээллээ цахимаар авах боломжтой бөгөөд энэхүү лавлагаа нь тухайн өрхийн тэргүүлэгчийн нэр дээр бүртгэгдсэн байдаг. Тиймээс лавлагаа авахдаа өрхийн тэргүүлэгчийн регистрийн дугаар эсвэл иргэний үнэмлэх ашиглан үйлчилгээ авах боломжтой юм.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна