Хүмүүн төрөлхтөний дотроос хөөрхий монголын зохиолчид оо, гэж…

2018/01/19
Х ба Х –гийн зуунд уран зохиол нэгдүгээрт: 

Эдийн засгийн ухааны “зөн билигтэнгүүд” бидний энэ зууныг Х ба Х-гийн зуун гэж тодорхойлоод үнэн болох нь өдөр тутам мэдрэгдэх боллоо. Х ба Х гэж юу вэ? Маш товчхондоо бол Хямрал ба Хомсдол гэсэн үг юм. Тэгэхээр энэ зуун хямрал болоод хомсдолын зуун болох нь. Өөр яах ч билээ. Нэгэнт дэлхий ертөнц хүч нөөцөө бараг шавхаж байна. Иймэрхүү гунигтай түүхтэй эвлэрмээр санагдавч хүний мөрөөдөл хамгийн сүүлд “үхдэг” гэдгийг санаж өөрийнхөө “мөрөөдлийг” зах зухаас нь дэлгэж байна. Минийхээр юун мэдээлэл технологи, юун Хятадын, юун даяарчлалын, юун Х ба Х –гийн зуун. Алин ч биш. Харин ч эсрэгээрээ амар амгаланг эрмэлзэх зуун болж хувирна. Тангарагласан ч бэлэн байна. Удахгүй хүн бүхэн амар амгалан байх, хормын тайвшрал ямар үнэтэй болохыг яс махандаа шингэтэл мэдрэх болно. Тэр цагт уран зохиол тэр тусмаа яруу найраг хамгийн эрхэм дээд “урлагт” тооцогдох болно. Одоогийн зарим нэр нөлөөтэй “эрхэмсэгүүд” шиг монголын зохиолч, яруу найрагчийг “утсан хүүхэлдэй төдий ч юм уу, сонгуулийн нүүр царай ч юм уу, тайзны салбадай, захилгын ерөөлч магтаалч мэтээр “доош” нь хийж үнэлдэгээ болино. Оюун санааны дээд тайвшралыг бүтээгч хэмээн дээдлэн үзэх болно. Энэ цаг нэг их удахгүй ирнэ. Гэтэл хөөрхий монголын зохиолч та цаг зуурын ялимгүй доройтлоос болоод өнөөх хожим үнэд орох “ уран зохиол, яруу найргаа” үгүй хийчихсэн байх юм гэж үү? Тэнгэр бурхнаас хайрласан ер бусын авъяас билгээ өчүүхэн төдий зүйлээр арилжиж буй “зохиолч” та хоромхон ч болов өөрийнхөө бус уран зохиолынхоо ирээдүйг эргэцүүлэн бод л доо? 

Утсан хүүхэлдэй, тайзны салбадай ба хоёрдугаарт : 

Магтаж байгаа юм биш. Аюурзаны орчуулан түүвэрлэсэн “Дэлхийн сонгодог яруу найраг” ном гарсан нь манай утга зохиолын ертөнцөд “нэг үзэгдэл” боллоо. Нилээд олон жилийн өмнөөс бид бид гэдэг чинь зохиолчид шүү дээ? нэгнийхээ гаргасан сайн бүтээлд үнэний болоод зүрхний үгээ хэлэхээ больжээ. Тэр түүвэр гарснаас хойш Монголын зохиолчид нам гүм. Эгээ л эртний Оросын Куликовын, эсвэл хэдэн жилийн өмнөх манай Мэнэнгийн тал тал шиг. Тэр түүврийн талаар дуугарсан ганц нь аяаяяаяаяаяааа ч билүү гэж дуу алдсан ноён Баабар юун зохиолч, юун судлаач шүүмжлэгч, юун доктор профессор зүгээр л биологич. Ичмээр юм. Яагаад зохиолчид нь дуугарахгүй байна вэ? гэсэн асуулт гарч ирнэ дээ. Тэр асуултанд ганцхан энгийн үгүүлбэрээр хариу өгөхөд “зохиолчид маань огт уншихгүй байна”. Уншихгүй байгаа учраас хэн нэгнийхээ хийсэн сайн бүтээлийн тухай бичихгүй байна. Ярих ч үгүй байна. Дээрээс нь бүх зохиолчид залуу хөгшингүй өөрөөс нь өөр “аугаа зохиолч хийгээд “зохиолч дүртэн” Монголд байхгүй гэж үздэг учраас. Нуулгүй хэлэхэд залуучууд нь нутгийн ахын сэтгэлд “юм” хийчихнэ гэж айгаад, багшийнхаа нөмрийг алдана гэж эмээгээд бие биенийхээ тухай зоригтой дуугарч чадахгүй байгаа бололтой. Японы Акутагава Рюноскэ нэгэн цагт Нацумэ Сосокэгийн шавь байсан ч багшаасаа “том” зохиолч болсон гэдэг. Гэтэл монгол шавь нар багш нарынхаа бараг дордсон хуулбар болчихдог нь харамсмаар. Бас утга зохиолын 90-ээд оныхон үнэндээ ичиж үхмээр сонголттой “Нэг л өөр” яруу найргийн CD шиг биш “шал өөр” болохоор дуугарч чаддаггүй, дуугарч чадахаар нь дуугарахыг хүсээгүй биз. 

Мөн ойрын жилүүдэд соц үеийн дотоодын гутал шиг олноороо үйлдвэрлэгдсэн авъяасын амьсгал ч үгүй доктор шүүмжлэгчдээс миний бие ч тэдний нэг ээ  “амбицитай шүүмжинцэрүүд” гарахаас усыг шавхаад тос гардаггүйтэй адил олигтой бүтээл гарна гэж горьдохын хэрэггүй байна. Үнэндээ Г. Аюурзаны романуудыг уншаад онцгой сэтгэгдэл төрдөггүй боловч уншигчдын ярьдгаар хэдэн хар ном хийгээд “Дэлхийн сонгодог яруу найраг” орчуулгын түүвэр бол энэ зууны Х ба Х –гийн үед Монголын утга зохиол хийгээд соёлын амьдрал дахь “томоохон үзэгдэл” гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хүлээн зөвшөөрөх хүсэлгүй хүмүүсийг шахаж шаардсан ч юм байхгүй шүү? Заавал Г. Аюурзаны энэ номын талаар дуугар гэж байгаа юм биш. Зүгээр л хөөрхий монголын зохиолчид бид өөр мэргэжлийн хүнээс  ноён Баабараас хэд дахин бага утга зохиолоо хайрлаж байгаагийн яруу жишээ болгон дурьдаж байгаа юм. 

Гэтэл нөгөө дуу муутай, уран зохиолдоо ч, хэдэн биендээ ч хайргүй зохиолчид маань улс төрийн сонгуульд нэр дэвшигчийн тухай уран үгийг хайр найргүй урсгаж, зарим нь ерөөл магтаалын шүлгийг баруун солгойгүй бичиж, эзэнтэй дууны үгийг эх захгүй урсгаж байна. АУЗ П.Бадарчийн “Тэрбишдагвын магтаал”, АУЗ Т.Галсангийн “Баярт хэлсэн ерөөл” зэргээр ичиж үхээд хэдэн төрөлдөө мартаж чадахааргүй “хуучин”-ы нэгширсэн үнэртэй “шүлгэнцэрүүд”-ийг хэдийг бол хэдийг дурьдаж болмоор байна. Энэ цаг үеийн “зарим” ичихээ больсон монгол зохиолчид минь ээ өөрийгөө хямдхан үнээр худалдан оюун санаагаа бусдад ширхэг будааны үнээр шахуу ширхэглэн “зарж” байна. Та өөрийгөө зохиолч, яруу найрагч гэж бодоод хэн нэгний гараар хөдөлдөг “утсан хүүхэлдэй” бол маргаашнаас эхлээд зохиолч биш харин “тайзан дээр орилдог илжиг “ гэж төсөөлөөрэй. Тийм эрх таньд бий. Учир нь жинхэнэ зохиолч хүнд өөрийгөө “илжиг” гэж төсөөлөх эрх байдаггүй юм. Би хэнийг магтаж, хэнийг ерөөхгүйг тань зааж хүний үзэл бодол оюун санааны эрх чөлөөг хааж боож дээрх үгийг хэлээгүй юм аа. Зөвхөн уран зохиолын төлөө “элэг зүрх урагдсандаа л” дээрх үгсийг зориг гарган өгүүлсэн юм шүү? Ёстой нөгөө “аяаяааааяа” гэдэг шиг хожмын үр сад минь хүн төрөлхтөний иргэншил оюун санааны ийм түвшинд хүрчихсэн байхад монгол зохиолчид ерөөл, магтаал мэтийн тийм юм бичиж байсан гэдгийг олж мэдээд толгойгоо яаж сэгсрэхийг би төсөөлж байна. Аймаар байна.

Сталинградын бүслэлтийн үеийн Орос мэргэн буучийн тухай кинонд ”ойд чоно гурван жил, харин илжиг есөн жил амьдардаг юм” гэж хэлдгийг санаж байгаа биз. Илжиг шиг есөн жил амьдарснаас чоно шиг гурван жил дүүлж яваад дуусахыг зохиолч хүн уг нь сонгодог байсан юм. Гэтэл хөөрхий бидний монгол зохиолчид… 

Тайзан дээр шүлэгэрхүү юм уншаад олон хүнд зүсээ таниулахыг “туйлын зорилгоо” болгосон яруу найрагч, ойр зуурханы адал явдал, гэмт хэрэг, хайр дурлалын түүх “сараачаад” нэр олох гэсэн эрхэм зохиолч та бүхнээс маргааш утга зохиолыг хямдхан “ хувьчлаад “ үнэгүй “худалдчихсаны” чинь төлөө ял биш юм аа гэхэд ам асуух цаг ирнэ гэдгийг би амлах байна. Оюун санаагаа хэн нэгэнд худалдчихаагүй цагт л хөлсний алуурчин гэдэг шиг хөлсний зохиолч болчихоогүй цагт, уран зохиолын эрх ашгийг та мөнгөнөөс дээгүүр тавьдаг бол алдарших зэргийн өчүүхэн “донд” автаж амьтан хүний урдуур хойгуур “сүүтэгнэх” ямар хэрэг байгаа юм бэ? Мөнгөтэй болоод энэ гадагадын зохиолчид муу зохиолоо бичсэнийг бүгд мэднэ. Гэхдээ арай бүгдээрээ биш ихэнх нь мөнгөтэй байж үзээгүй юм. Харин “худалдагдаагүй оюун санаатай, үзэл бодолтой байсан юм даг. Алдартай болоод л энэ гадагадын зохиолчид адгийн зохиолоо бичсэнийг би мэднэ. Гэхдээ арай бүгдээрээ биш ихэнх нь авсных нь таг хаагдсаны дараа л алдар нэрээрээ “амьдарч” эхэлсэн байдаг юм. Энэ чинь утга зохиол алдар нэр, мөнгө хоёроос өөр шинж чанартай зүйл гэдгийг харуулаад байгаа юм биш үү. Тэгээд ч алдар нэр хүсэх нь уран зохиол гэсэн туйлын хүслээс нь илүү утга учиртай зүйл болоод хувирчихсан зарим зохиолчдод “уран зохиолын хийгээд зохиолчийн нэр хүндийг улам бүр унагахаа даруй зогсоохыг хүсмээр санагддаг юм. Сүүлийн үед монголын нийгэмд зохиолч гэхээр архи уудаг, авгайд ялимгүй дуртай, биеэ магтсан, урт үстэй хүнийг хэлдэг гэсэн “аймаар” төсөөлөл төлөвшихөд та нарын гүйцэтгэсэн үүрэг багадаагүй. Гэтэл зохиолч хүн улс үндэстнийхээ оюун санааны тэргүүлэгчид байдаг уламжлал дэлхийн цөөнгүй оронд хэвээрээ байна биш үү? Та нарын буянаар өөрийгөө зохиолч гэж танилцуулахаар зарим хүн дотроо илэрхий шоолоод байдаг болсныг анзаарахгүй байна гэж баймааргүй юм. Хуульч Тэмүжин зэргийн их хүний нэртэй бага залуучууд хүртэл ном зохиол дээрээ “ … утга зохиол бүхэлдээ биш юм аа гэхэд ямар нэг байдлаар экзистенциалист шинжтэй болчихоод байхад, урлагийнхан маань хоосон толгойгоо уран үгээр халхлан ”хамтач үзэл”, “төр дээдлэх бурангуй ёс”-ыг утга зохиол нэрийн дор бидний толгой руу чихэж, “сайн хүн гэдэг өмчгүй хүн” гэх маягийн социалист ёс суртахуунаар эрх чөлөөг минь хулгайлалцаж, “Романтик хортон” болж суух юм. Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгээс нэг ах аа гэж…” хэмээн бардамхнаар бичиж зүрхлэх болсон нь утсан хүүхэлдэй, тайзны салбадай болчихоод шинэ малгайн доорх хуучин толгойгоо донхолзуулж явахад чинь “эзэнгүй хоттой хонинд чоно орохын” адил хуульч хүртэл уран зохиолын шүүмж өрнүүлдэг болсны жишээ юм аа. Үнэндээ хуучны зарим үзэл санаагаар шинэ сэтгэлгээг хааж боож алдар нэр, албан тушаалаараа уран зохиолын шинэ “түүх” бүтээх гэж санадаг хөөрхий монголын зохиолчид оо… Жич : Нэг их удахгүй дур мэдэн нэн шинэ үе, шинэ мянганыхан зэргээр уран зохиолын түүх “зохиох” гээд байдаг судлаачдын тухай саналаа хэлэхийг бодно.

Одон тэмдэгт дугаар застав ба гуравдугаарт: 

Соц реализмын уран зохиолын түүхэнд ийм нэртэй найраглалыг онцгойлон авч үздэг байлаа. Бид бага залуудаа “люмпенпастух” гэж тодорхойлж байсан уран зохиолын төлөөлөгчдөөс үсэрхийлсэн аймшигтай хорт халдвар бол зарим монгол зохиолчдын сэрүүн зүүд болох “одон тэмдэгт” болох. Одоо ч ялгаагүй цөөнгүй монгол зохиолч “одон тэмдгийн” төлөө амьдарч буй мэт, одон тэмдэг аваад амьдрал нь дуусах юм шиг, одон тэмдэг хүртэхийн төлөө зохиол бичдэг юм шиг улайран хөөцөлдөхийг нилээдгүй харж ханалаа. Надад одон тэмдэг өгөөгүй учраас монголын уран зохиол хөгжихгүй байна хэмээн ярьдаг зохиолчидтой тааралдвал нэг их гайхаж эргэлзсэний хэрэггүй. Ямар нэгэн шагнал авснаар нь уран зохиолын түүхэнд тэмдэглэн үлдээдэг байсан хуучин нийгмийн үзэл санаа, шагналаар нь үнэлдэг уран зохиолын хуучин судлал одоо ч амь бөхтэй оршиж байгаа нь тэднийг шагналын төлөө улайрахад хүргэсэн биз ээ. Зовмоор юм. 

Төр хүнээ шагнах нь аль цаг үед байдаг зүйл. Харамсалтай нь монгол төрийн шагналын тоо нь хүнээсээ олон болсонд л “гажиг” нь байгаа юм. Тийм ч учраас шальтай бүтээл бичээгүйнхээ бурууг өөрөөсөө бус өрөөл бусдаас хайдаг “гэмт зуршил” дэгдэж, яаж ийгээд “одон тэмдэгт” болчихвол том зохиолч болчих юм шиг санадаг “гэнэн” мунхаг бодлоор сэлбэгдээд “гялгар тэмдэг “ зүүж байвал утга зохиолын түүхэнд үлдчих юм шиг төсөөлөх “үнэн” гаж үзлээр нь “монгол зохиолч” гэж хаана ч танихаар болжээ. Гутмаар юм.

Үргэлжлүүлэн бичих хүсэлгүй болсны учир буюу дөрөвдүгээрт:

Гадаа гэнэт бороо орлоо. Гэвч нэг их удалгүй аадрын үүлс шуугдаж, тэнгэр хаяанаасаа цэлмэж эхэллээ. Саяхны орсон бороонд ертөнцийн хамаг юмс угаагдан ариусжээ. Хэдий түр зуурын бороо боловч “доромжлогдон гутаагдсан” байгаль минь багахан ч гэсэн сэргэв. Ийнхүү байгаль ялимгүй сэргэн цэцэглэж ахуйд гагцхүү хүний сэтгэл л улам бүүдийж, ариусал гэгээрэлийн гэрэл гийхээ больжээ хэмээн гунигтайгаар бодов. Тэгээд ч Х ба Х –гийн энэ үед хүний сэтгэлийн гэрэл эргэж гэрэлтэн гийнэ гэх нь Сэлбийн гол эргэж урсана гэж ярихтай адил эргэлзмээр сонсогдох болжээ. Ямартаа ч хүний сэтгэлийн хир булингарыг улам дэвэргэн хөдөлгөж буй элдэв төрлийн эрээвэр хураавар “дон” хүмүүс биднийг хордуулж дуусах нь. Гэхдээ хордлогоос гарах ганц найдвар буй. Тэр нь “уран зохиол”. Гэтэл “дайран дээр давс” гэгчээр тэр ганц найдварыг минь “ашиг”,”нэр”,”алдар” гурвын аймаар өнцгөөс нь хардаг зарим нугууд хүн төрөлхтөний ялимгүй самуурсан үеийг ашиглан “үгүй” хийчих гээд байна. Хэрэв та бусдыгаа уншдаггүй, уран зохиолоо хайрладаггүй, хэтэрхий ашиг харж, одон тэмдэг горьдож, нутаг нугархаж, багш шавирхаж явдаг бол тэр “зарим “ гээд байгаагийн нэг гэж хатуу ойлгоорой. Ноён зохиолч оо.

Дэндүү ууч сэтгэлээр за яахав, хордох ёстойчуул нь хорддог юм аа гэхэд тэр ариусал гэгээрэлгүй, сэтгэлийн гэрэл нь “шатчихсан” хүмүүсийн тоонд байх нь битгий хэл, тоосонд нь ч дарагдах учиргүй эрхэм дээд ёс суртахуунтай байх ёстой хөөрхий Монголын зохиолчид бид хүмүүн төрөлхтөний дотроос хүнд ихээр “хорлогдчихжээ”. Ноён Ouizа, ВХ хоёрын дуулаад байгаа шиг “хөөрхий бидний Монголчууд, хөгжлийн замдаа орлоо доо” гэдэг хэрэв үнэн бол мөд бид шил толин асарт сууж, шал таазнаас нь халуу дүүгэж, гачигдах зовлонгүй, дутагдах зоосгүй, жаргалын манлайд хүрэх нь. Гэхдээ үнэн бол шүү дээ? Х ба Х-гийн үед олон жил ингэж амьдрах юу л бол. Удахгүй дээ, хүмүүн төрөлтөн хүрэн мебель, хятад шаазангаас илүү амар амгалан, тайвшралыг илүүд үзэх болно. Тэр цагт хүмүүн төрөлхтөний дотроос хүнд ихээр “хоцрогдсон “хөөрхий бидний монгол зохиолчид…. Оюун санааны ямар өв үлдээх вэ?

Хальт хадуурахад саяхан нэг гадны яруу найрагчийн зохиосон үдэшлэг дээр улайм цайм “надаас өөр олигтой яруу найрагч энэ үдэшлэгт ирсэнгүй” гэх утгатай үг айлдаж, гинжны гархи шиг сэтгэдэг болохоо харуулах монгол зохиолч улам олон төрөхгүйд залбирч ийм нэгэн нийтлэлийг эрээчив ээ. Сараачиж хаяна уу, санаж сэрнэ үү. Хэрхэхийг тэнгэр мэдтүгэй.

П.Батхуяг

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна