Өөдрөг хүмүүс гутранги хүмүүсээс 7-10 жилээр урт насалдаг

2018/01/19
Өөрийнхөө мэдрэмжид хэрхэн хариу урвал үзүүлэх вэ

Ажил дээрээ хэн нэгэнтэй ам зөрөх, харилцаа муудах, хайртаасаа салах үед таны бие ханиад хүрсэн юм шиг жихүүцдэг үү. Хүн бүр л тийм гэж хариулах байх. Тийм болохоор та үүнийг тохиолдлын нэг зүйл гэж бодож байна уу. Тэгвэл шинжлэх ухаанчид бие болон сэтгэлийн харилцан холбоог нарийн судалсны эцэст энэ бол тохиолдлын зүйл биш хэмээн тогтоожээ.

Бид юу мэдэрч байна вэ, ямар байдлаар аливаа зүйлийг хүлээн авч байгаагаас шалтгаалаад бидний сайн сайхан байх эсэх хамаардаг байж болзошгүй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл, аливаа бүтэлгүй ч юм уу зүйлд хариу урвал үзүүлэх чадвар, байдлаас таны тэрхүү ханиад бүр үгдэрч хатгалгаа болох уу, эсвэл хамрын шуухинаа болоод өнгөрөх үү гэдэг шалтгаална гэсэн үг. Тэгвэл таагүй зүйлтэй тохиолдсоны дараа учирдаг ханиад буюу тодруулбал стрессийг хэрхэн дарах вэ.

Өөрийнхөө мэдрэмжид хэрхэн хариу урвал үзүүлэх вэ. Амьдралд тохиолдож буй бэрхшээлийг хэрхэн давж туулбал зохилтой вэ. Нэг үгээр хэлбэл, алхам тутам тохиолдож байдаг бэрхшээлийг хэрхэн зүрхэндээ тусгахгүй өнгөрөөж байх вэ.

Эрүүл мэндийн шинжлэх ухааны эрдэмтэд “та өөрийнхөө эрүүл байх эсэхийг өөрөө шийдэж байдаг” гэж хэлдэг. Олон судлаачид, бидний стрессийн эсрэг үзүүлж буй хариу үйлдлээс бидний эрүүл мэнд шалтгаалж байдаг хэмээн нотолсооор ирсэн юм. Стрессээс амархан гарч чадсанаар мөнхийн биш юмаа гэхэд бусдаас хамаагүй олон жил залуугаараа явна гэдгийг тэдний зарим судалгаа нотлоод байгаа аж.

Одоо эрдэмтдийн хэлээд байгаа санааг энгийнээр тайлбарлая. Бидний тархи болоод дархлалын систем хоорондоо нягт холбогдсон байдаг аж. Бидний сэтгэл санаанд явагдаж буй нарийн урвалууд бие эрхтэн бүрт нөлөөлдөг гэсэн үг. Сингапурын эрүүл сэтгэхүйн төвийн сэтгэл зүйч эмч Степен Люгийн хэлснээр өөрдөг үзэлтэй хүн гутранги хүнээс урт удаан амьдардаг байна. Өндөр стресст орсон хүн үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад өвчинд хамгийн их нэрвэмтгий байдаг нь Степен Люгийн судалгаагаар тогтоогджээ.

Молекулын эмоци

Америкийн мэдрэлийн эмч, судлаач Кандис Перт, уур унтуу, уйтгар гуниг, хайр дурлал хүний биед олон төрлийн бодисыг үүсгэн тэр нь биед ямар нэг байдлаар нөлөөлдөгийг 1980 оны судалгаагаар тогтоосон тухай хэлсэн байдаг. Химийн бодис болох молекулууд амин хүчлийн богино гинж, өөрөөр хэлбэл пептидүүд ба түүнийг хүлээн авагчууд нь тархинд байрладаг ба түүнчлэн ходоод, биеийн булчин, бүх төрлийн булчирхай болон олон чухал том эд эрхтэнд нөлөөлж, тэдгээр нь дээрх химийн урвалуудыг хүлээн авч хариу өгөөд завгүй байдаг юм байна.

Энэ талын судалгааг ганц мэдрэлийн эмч бус дархлалын мэргэжилтнүүд түүн дотор сэтгэц судлал, тархи мэдрэл судлал, дархлаа судлал, эм судлал, зан авир судлал, халдварт өвчин судлал, үе холбогч эд судлалын олон эрдэмтэд оролцон хийж байгаа аж. Тархинаас бие рүү мэдээлэл дамжих үед үүссэн бодис цусаар болон эдээр дамжин биеийн бусад эд эрхтэнд хүрч байдаг учир ийнхүү өргөн хүрээтэй судлахаас аргагүй гэнэ.

Сайн сайхныг авчрах мэдрэмж

Пенсилваны их сургуулийн эерэг сэтгэл судлалын эцэг гэгддэг олныг танил болсон эрдэмтэн Мартин Слегманы бичсэнээр эерэг мэдрэмж өнгөрсөн, одоо, ирээдүйн аль алинд нь судлагдсаар иржээ. Эерэг эмоци гэдэгт тааламжтай сайхан мэдрэмж төрөхөөс эхлээд сэтгэл ханамжтай байх, талархах сэтгэл төрөх, итгэж найдах, өөдрөх байх зэргийг оруулан үздэг байна.

Энэ хүний судалгаагаар тухайн хүний эерэг эмоцтой байх эсэх нь бусдыг хэр зэрэг хайрладаг, хүнийг хэр уучилж чаддаг, ирээдүйдээ хэр зэрэг итгэлтэй, шашин шүтдэг эсэхээс маш их хамаардаг байна. Мөн энэ эрдэмтэн “Би сайн байна, бүх зүйл бүтэмжтэй сайхан байна” гэсэн мэдрэмж бол ганцхан толгой төдийгүй биеийн эрүүл мэндтэй нягт холбоотой байдаг гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

Сөрөг бодлын хүч

Сөрөг бодол ч мөн оюун ухаантай төдийгүй биеийн байдалтай холбоотой нь гарцаагүй. “The Lancet” гэдэг сэтгүүлд Бразилийн Лондринагийн их сургуулийн судлаачдын хэвлүүлсэн өгүүлэлд архаг стресс болон сэтгэл гутрал нь дархлалын системийн гажуудал хэмээн онцолжээ.

Стресс, сэтгэл гутрал нь ямар нэг төрлийн хавдрын эх үүсвэр бий болоход нөлөө үзүүлдэг төдийгүй дархлалын системийг гажуудуулдаг байж болох юм хэмээн дээрх өгүүлэлд бичжээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар стресс, бухимдуулж буй зүйлүүд нь хүний “Natural killer cell” хэмээх дархлалын амин чухал эсийн үйл ажиллагааг бууруулдаг байна. Тийм болохоор дархлалын эсүүд туйлдан хавдар үүсдэг байж болох юм гэж эрдэмтэд үзжээ.

Түүнээс өмнөх судалгааг хийсэн эрдэмтэд “стресс хариу үйлдэл үзүүлэхдээ санаагаар унадаг, итгэлээ амархан алддаг буюу С төрлийн сэтгэцийн ангилалд орж буй хүмүүсийн хавдрын өвчлөлийн байдал хоорондоо тун ойрхон харилцан хамааралтай байгаа нь харагдаж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, С төрлийн сэтгэцийн ангилалд орж буй хүмүүс хавдарт илүү өртөмтгий нь судалгаагаар тогтоогдсон гэж ойлгож болох нь.

Сэтгэл судлаач Лю судалгааны өгүүлэлдээ, меланхолик темпераментын эмэгтэйчүүд хөхний хавдарт өртөх нь илүү байдаг гэж эртний Ромын эрдэмтэн Гален бичиж байсан тухай өгүүлсэн байдаг. Стенфордын их сургуулийн профессор Дэвид Спигл, хавдартай өвчтөнүүдэд дэмжлэг үзүүлдэг төвөөр үйлчлүүлдэг өвчтөнүүд түүгээр үйлчлүүлдэггүй, холбоо харилцаагүй өвчтөнүүдийг бодвол 18 сараар удаан амьдардаг нь тогтоогдсон тухай судалгаандаа өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өвчнөө тайван хүлээн авч бусадтай нээлттэй ярилцан, дэмжлэг үзүүлэх төвөөр үйлчлүүлэн адил өвчтөнүүдтэйгээ холбоо харилцаатай байдаг хүмүүс өвчнөөсөө болоод стресст орсон хүмүүсээс жил хагас илүү насалж байгаа хэрэг.

Зүрхний эмч нар сэтгэцийн А төрлийн буюу тэсвэр тэвчээр муутай, төвийг сахисан хүмүүс зүрхний шигдээс болох нь олонтаа байдаг гэж дүгнэжээ. Өөртөө байгаадаа сэтгэл ханамжгүй байдаг хүмүүс эрт нас бардаг нь ажиглагдсан гэж эрдэмтэд өгүүлж байна.

“Хувийн зан чанар болон нийгмийн сэтгэл зүй” нэртэй сэтгүүлд баяр баясгалантай хүмүүс баяр баясгалангүй хүмүүсээс 6,9 жилээр урт амьдардаг тухай ч бичсэн байна. 2006 онд клиникийн сэтгэл судлаач Антоний Тон, ерөнхий эмч Ламберт Чан нар Хонконгийн эмч нарын сэтгүүлд бичихдээ, “Харвардын эрэгтэй оюутнуудын дунд хийсэн судалгаагаар сэтгэл гутрамтгай хүмүүсийн өвчлөл өөдрөг хүмүүсийг бодвол нас баралтаар дуусах тохиолдол өндөр байдаг нь тогтоодсон” хэмээн өгүүлсэн байна.

Энэ бүхний эцэст, уруу дорой зан чанартай хүмүүсийн дархлал байнга буурч, өвчин рүү хөтөлж байдаг юм шүү гэдгийг л хэлэх гээд байгаа хэрэг.

Бие болоод тархины хими

Австралийн Технологийн их сургуулийн Роял Мелбурн институт дэх Цогц анагаах ухааны сургуулийн профессор Марк Кохен, “Сэтгэц мэдрэл дархлал судлал бол биеийн цогц хими юм. Хүний бие үүний үр дүн юм” гэжээ. Хүмүүс сөрөг урвал буюу стресст орох үед цусны даралт ихсэж, цусан дахь тавган эсүүд илүү наалдамхай болон, цусны цагаан эсүүд шилжин нүүдэллэж, Кортизол дааврын түвшин өндөрсдөг гэж тэрбээр хэлжээ.

Тэгвэл баяр баясгалантай зүйл тохиолдох юм уу, хайр дурлалтай учрах, дасгал хөдөлгөөн хийх юм уу инээвэл хүнээс ялгарах химийн бодисууд дархлалын системийг өдөөж, сайхан мэдрэмж төрүүлж байдаг тухай тэрбээр нэмж өгүүлжээ. Ингэхээр та баяр баясгалантай байх, эсэхээ өөрөө шийдэж чадна гэсэн үг.
Б.Орхон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна