Цонхны шил ялимгүй чичирсхийхэд гайхан харвал тэртээ доор аварга том сэнс эргэлдэж байхыг үзэв. Хүмүүний амьдрал ийм том сэнс мэт ажээ. Хүчирхэг сэлүүрээрээ агаарыг сорон авч хоромхон зуур залгиж орхино. Түүн лугаа хүмүүс бид ч амьдралд залгиулж, гагцхүү амжиж бүтээсэн бүхэн нь л он цагийг сөрөн зогсдог билээ. Харь хол хүний нутагт очоод сайн сайхныг нь үзэж бахдахын оронд элдэв ээдрээтэй зүйл бодож зогсох намайг олон мэргэн уншигчид уучилна биз. Тиймээс сэтгэл бодол ээдэрсний учрыг даруй тайлан хэлэх нь зөв билээ.
Нэг. Таримал модтой хөндий хэдэн зуун километр үргэлжлэх Хятад орны зон олныг гайхалтай хөдөлмөрч ард түмэн болохыг бид эртнээс мэднэ. Харин тэдэнтэй өөрсдийгөө харьцуулаад залхуу монголчууд хэмээн бие биенээ гоочилдог. Харамсалтай нь бид залхуу биш. Олон жилийн туршид бидэнд ирээдүйн тухай, маргаашийн тухай бодох зав чөлөө гарсангүй. Одоо ч гэсэн зөвхөн өнөөдрийнхөө тухай л бодон амьдарч байна. Хэрэв өнгөрсөн нийгмийн “Хүн бүр бага балчраасаа... гэдэг шиг уриа лоозон хэрэгтэй бол одоо л “Ирээдүйгээ бодоцгооё” хэмээн томоор бичээд хаа сайгүй өлгөчихмөөр санагдана. Учир нь хэдэн мянганы тэртээх эртний соёлт Тан улсаас ч өмнөх үед хамаарах Датун хотын хуучин хэрмийг сэргээн босгожээ. Хятадын ард түмэн зүгээр ч нэг шавар зуурч, тоосгоо өрөөд байдаг ажилсаг хүмүүс биш юм. Тэд өнгөрснөө хайрлаж, ирээдүйгээ боддог ухаантай, алсын бодолтой хүмүүс юм.
Хэдэн машин чөлөөтэй зөрөх тэр л өргөн хэрмийн дээгүүр алхаж явахдаа “өнгөрснийг өнөөдөрт багтааж болох уу?” гэсэн тэнэг ч гэмээр бодол надаас салахгүй зууралдаж байв шүү. Үнэхээр өнгөрснийг өнөөдөрт багтааж болдог ч байж мэднэ. Магадгүй багтааж болдгийн жишээг Датун хотоос харж болох мэт. Тэр л их хэрмийн дотор өнөөдөр эртний Датун хотыг шинээр дахин цогцлоож байна. Хуучин байшингуудыг урьдын хэв загвараар нь шинээр барьж байна. Илт шинээр эргэн амилсан хуучин хотын гудамжнуудад тэртээд улиран одсон он цагийн дурсамжууд сүлжилдэн байснаас амжиж би нэгийг барьж авав. Тэр надад ийн өгүүлэх ажээ.
Хоёр. -Чи хө, найз Монголоо тэр эртний сүмийн шаазан дээвэртэй дааман хаалгыг харж байна уу?
-Харж байна.
-Тэгвэл тэр хаалгаар мэргэн Күнз орж гарч явсан юм шүү дээ. Би одоо ч түүний буурал сахал үс салхинд хийсэхийг үзэж байна. Билэгт гөрөөс анчны хурц жаданд оногдон шархдаж, эцсийн амьсгал татахыг хараад тэр тэсэлгүй энэлэн шаналж, удалгүй тэнгэрт хальсан юм. Хайрлах сэтгэл гэдэг мэргэн ухаанаас хүчтэй юм билээ.
- Тэгвэл тэр сүмд түүний сүнс сүлд оршсоор байгаа гэж үү?
-Тийм гээд хэлчихвэл чамд үнэмшилтэй санагдахгүй байж мэднэ. Тиймээс чи зөн совин, мэдрэмжиндээ л итгэе. Түүний оршиж буйг мэдэрч болно гэж хэлээд өнөөх дурсамж алдарт жүжигчин Чаки Чаны шинэ киноны нээлтийн зар өлгөсөн самбарыг тойрч хуучин Датун хотын шинэ гудмаар орон далд оров.
Сүмийн дотор хэдий эль хуль ч мэргэн ухааны увдис шидийг бүрнээ мэдэрсэн хэдэн монгол зохиолч ямархан нэгийг бодоцгоож сэтгэл дотроо дуу алдаж зогсоно. Төр ёсны сүр хүчний өмнө биш оюун санааны сүр хүчний өмнө бодол болцгоожээ.
Гурав. Мэргэн уншигч та хоёрдугаар хэсгийн сүүлээсээ хоёр дахь үгүүлбэрийг дахин уншина уу? Тэр үгүүлбэрт “Увдис шидийг мэдэрсэн хэдэн монгол зохиолч” хэмээн бичсэн байна уу? Тийм, ээ. Бидний хэдэн зохиолч Хятадын зохиолчдын эвлэлийн урилгаар, мөн хоёр орны дипломат харилцаа тогтоосны ойн далимаар Датун хотын хуучин хэрмийн дотор юм үзэж, нүд тайлж яваа нь тэр. Мэдээж, түүхэн үнэнээр дипломат харилцаа албан ёсоор харилцан тогтоосны 70-хан жилийн тэгш ой мөн боловч хоёр орны хувьд хэдэн мянгаар тоологдох соёл-түүхийн зам харгуй, үүх түүх бий шүү дээ. Тэр тусмаа Хятадын бичиг эрдмийн мэргэдийг нь бид бага сага мэднэ. Миний л хувьд тэдний шүлэг дууллыг нь уншиж, басхүү сонин содон мөр бадгийг нь цээжилж явлаа.
Аян дайны утаа гурван жил үргэлжиллээ
Ар гэрийн захиа мянган лангийн үнэтэй
Халзайж бууралтсан толгойн үс шингэрсээр
Хатгуур хавчаар тогтохын аргагүйд хүрлээ.
Тангийн яруу найрагч Дү-Фүгийн энэ шүлгийг мэргэн гүүш Цэдэвдоржийн Базаррагчаа агсан хориод жилийн өмнө орчуулжээ. Яагаад ч юм мэдэхгүй, энэ шүлгийн дотор байлдаант он цагийн түүх гэхээсээ илүү сэтгэл нь сэнсрэн шаналагч яруу найрагчийн гуниг нэвт мэдрэгддэг юм. Амандаа энэ шүлгийг нэгэнтээ уншаад цахилгаан шатаар өгсөж, аян дайны утаа гурван жил уугьж, зовлон гэдэг толгойтой үсийг шингэлж байсан тэртээ зуунд одоогийн энэ гялалзаж гялтганасан Датун хот ямархан байсныг төсөөлөх гэж нүдээ аниад буудлын өрөөний цонх, шилний цаанаас хотыг дээрээс нь харж байна.
Дөрөв. Энд тэнд яваад бараа таваар элбэг хангалуун гэж дуу алддаг үе одоогийн Монголчууд бидний хувьд ард үлджээ. Бид бараа таваар биш, зарах үрэх наймаа арилжаа гэхээсээ илүү амжилт ололтын утга учрыг ойлгох таних гэж хичээдэг болсон нь асар том дэвшил билээ. Бид өөрчлөгдөж, бид харьцуулж, бид бодож байна. Энэ бол ололт амжилт, дараа нь бидний ээлж. Бид бүтээж босгоно. Сэргээн амилуулна. Удахгүй Хархорин хотоо Датунаас ч сүрлэг сайхнаар шинээр барина. Хол замд ханилан яваа эрхэм нөхөр яруу найрагч М.Саруулдалай бид хоёрын тэдний сайн сайханд атаархсандаа бус эх орныхоо ирээдүйд итгэсэн сэтгэлээр шөнийн Датун хотын тэнгэр дор ярьсан яриа.
Хэдэн жилийн өмнө Датун хотод гурван сар ажлаар саатсан өвөрмонгол найзаасаа би тэр үед хот ямар байсныг асууж билээ. Хуучивтар уурхайн хот байсан гэж тэр надад вичатаар хариулав. Гэтэл одоо уурхайн хот биш, аялал жуулчлалын төв. Бидэнд бодох зүйл их байна. Өнөөдрийн ухаж төнхөн, онгичиж сэндийчсэн там болсон газар шороотойгоо үүрд үлдэх үү? Эсвэл газрын диваажин болсон аялал жуулчлалын хот суурин босгох уу? Гадны хүмүүсийн хараа булаасан, сэтгэлийг соронзодсон, мөнгийг хуурайлсан юу бүтээж болох вэ? Эцэг өвгөдийн түүх, соёл уламжлалаа... Одоогийн байдлаа бодохоор одтой шөнөөр харийн газар нойр хулжнам.
Тав. Хэд хоногийн хугацаанд үзсэн харсан их, гэвч бүгдээрээ тийм чиг дуу алдмаар гайхамшиг биш байсныг нуугаад яах вэ? Дахиад л нэг бодол надтай зууралдчихлаа. Эрт балрын он цагаас үлдэж хоцорсон гайхамшиг юугаараа үнэ цэнэтэй вэ? Чухамдаа тэр л хэвээрээ цаг хугацааг даван туулж чадсанаараа үнэ цэнэтэй. Өөртөө тавьсан асуултандаа өөрөө ингэж хариулав. Найман зууны гэтэлж ирсэн ганц ширхэг хадаас, нурааж хаяад дахин босгосон орд харшаас үнэтэй. Товчхондоо Датун хотын Пинчэн дүүргийн сүмд алтдаж гялалзуулаад шинээр залсан бурхан, Хөвсгөлийн маань цэвдэгээс гарсан ваартай өрөмнөөс хямдхан. Үнэн л ердөө энэ. Гэтэл бид асар их үнэ цэнийг ямар хямдхан ойлгоно вэ?
Миний энэ давчуу бодолд мэдээж Датун хот, бүтээж босгож байгаа ард түмэн, тэдний засаг төр ямар ч хамаагүй. Чадаж байгаа юманд арга байхгүй.
Ийм л бодолтойгоор би цонхноос холдож, шилний цаанаас их хотыг ширтэхээ болиод орондоо орж, орны дэргэд гэдийн зогсох гэрлийн товчлуурыг дарж унтраав. Маргааш өглөө эрт нутгийн зүг зорино. Зам хол...
Баяртай Датун, эргээд ирэх минь ч тодорхой.
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2019-09-12. УЛААНБААТАР ХОТ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна