Зэвсэгт хүчний алба хаагчид зудтай аймгуудад ажиллаж байна

Zuv.mn
2024/02/18

Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар нийт нутгаар өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

   Мал аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай давахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгосны дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн алба хаагчид цас их хэмжээгээр орж, хүндрэл үүссэн аймгуудад ажиллаж эхэллээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас ахмад Д.Ганбаяр, ахлагч Ж.Мөнхбаатар, дэд ахлагч Э.Баянмөнх нарын бүлэг “Урал” нэгж техниктэйгээр Дорнод аймгийн Матад суманд дөрөв дэх өдрөө ажиллаж байна. Тэд цасанд боогдсон зам давааг нээх, орон нутгийн замын аюулгүй байдлыг хангах, малчид тээвэрчдэд дэмжлэг үзүүлэх үүргийг гүйцэтгэж байгаа юм.

   Мөн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах ахлагч Д.Сүхбаатар, ахлагч Б.Ууганбат, энгийн Л.Бат болон Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн ахлах ахлагч Г.Мөнх-Очир, ахлагч Х.Гансүх, М.Үнэнхүү, дэд ахлагч М.Цогнэмэх нар Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллахаар 4 нэгж техниктэйгээр өнөөдөр хоёр талаасаа тус тус хөдөлгөөн үйлдээд байна. Эрдэнэсант суманд цасанд боогдсон малчдад өвс тэжээл хүргэх ажлыг цэргийн залуус гүйцэтгэнэ гэсэн үг.

   Үүний зэрэгцээ Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Төгрөг нуурын орчим цасны нуранги үүсэж, нурангид дарагдсан иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангиудаас 40 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

   Ташрамд дурдахад, Зэвсэгт хүчний алба хаагчид 2023 оны 11 дүгээр сараас хойш өвөлжилт хүндэрсэн 8 аймгийн 50 гаруй суманд зам давааг нээх, малчдад өвс тэжээл хүргэх, нүүлгэн шилжүүлэх ажлыг тасралтгүй гүйцэтгэсэн билээ. Энэ удаа сар шинийн дараа цаг агаарын хүндрэл үүссэнтэй холбогдуулан дахин тусламж үзүүлэхээр Дорнод, Төв, Баян-Өлгий аймгийн нутагт ийн ажиллаж эхэллээ.

Ахмад Д.БОЛОР



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.114.25.185
    2024/02/19

    "Би аавтай хүн... " гэж дууны үг байдаг. Би төртэй хүн гэдэгээ энэ аврагдсан хүмүүс мэдрэх сэтгэлтэй болов уу? Төр гэдэг нь олон мянган дарга нар биш шүү. Төр бол улсын мөнгийг бүрдүүлэгч сая гаруй татвар төлөгч юм шүү. Татвар төлөгчдийн мөнгөөр зардал хийн Онцгой байдлын, ардын цэргийн алба хаагч залуус нойр хоолгүй явж амины малаа хариулж, амь зуулгаа хөөж, бас айл хэсч, аймаг алгасч зугаацаж явааг ч ялгалгүй авран хамгаалж байгааг ухаараасай.

    Хариулах