Монголын казахууд нутгийнхаа “Зөгийн үүр”-т хамрагдаж, Казахстан руу шилжин суурьшиж байна

Х.Батсайхан
2024/02/20

Казахстан улс “Хүчирхэг бүс нутаг-Улс орны хөгжлийн хөшүүрэг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хилийн чанад дахь иргэдээ эргүүлэн татах зорилготой “Энбек” хэмээх төсөл хэрэгжүүлдэг юм байна. Төслийн хүрээнд Казахстанд буцан ирж суурьшсан элэг нэгтнүүддээ амьдрах бололцоог нь хангаж өгдөг ажээ. Түүнчлэн, ажиллах хүч хомс бүс нутгууд руу чиглэсэн хөдөлгөөнийг ч энэ төслөөр дэмждэг аж.

Өнгөрөгч 2023 онд энэ төсөлд нийт 204 өрх хамрагдсаны 121 нь дотоодын ажиллах хүч элбэг нутгаас хомсдолтой бүс нутаг руу чиглэсэн нүүдэл байсан бол гадаадаас 84 өрх нүүж иржээ. Тэдгээр өрхийн олонх нь буюу 64 нь Монголоос нүүж очсон байна. 16 нь БНХАУ-аас, гурав нь ОХУ, нэг өрх Узбекистанаас нүүж очжээ.

Нүүж очсон иргэдэд улсаас тодорхой хэмжээний мөнгөн тусламж болон бусад дэмжлэгүүд үзүүлдэг. Дээрх 204 өрхөд нийт 453 сая тенге /Нэг сая, есөн мянга, 628 ам.доллар буюу 3.5 тэрбум орчим төгрөг/ өгснөөс 542 иргэнд 135 сая тенгений нүүлгэн шилжүүлэлтийн татаас, 51 гэр бүлд 17 сая тенге, орон сууцны түрээсийн нөхөн олговор, 90 өрхөд 301 сая тенге үнэ бүхий орон сууц худалдан авах, барих эрх олгосон байна. Түүнчлэн хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хамруулах, эцэг, эхэд ажлын байр олж өгөх зэрэг дэмжлэг үзүүлдэг ажээ. Хамгийн гол нь, хөтөлбөрт хамрагдаж, Казахстан руу нүүж байгаа айл өрхүүд чухал мэргэжилтэй хүмүүс байгаа бөгөөд энэ нь төсөлд хамруулах нэг шалгуур нь юм байна. 

2024 онд тус төсөлд 641 квот олгогджээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.