Хотыг чиглэсэн “Их нүүдэл” эхэлж, Нийслэл сүйрлийн замдаа орох уу

Х.Батсайхан
2024/02/22

Хөдөөд зуд болоход нийслэлийг чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн ихэсдэг туршлага бий. 1998 онд 700,000 орчим байсан Нийслэлийн хүн ам 1999-2000 оны их зудны дараа 850,000 болтлоо нэмэгдсэн байдаг. Тэгвэл  энэ жилийн их зуд хөдөөгөөс хотыг чиглэсэн их нүүдлийн эхлэлийг тавих уу гэсэн асуулт санаа зовоож эхэллээ. Хэрвээ санаа зовинол биеллээ олж, хөдөөгөөс хотыг чиглэсэн их нүүдэл эхэлбэл ямар эрсдэл учрах вэ гэдэг сэдвийг хөндөж байна.

Нийслэл Улаанбаатар хот "сүйрнэ"

Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн багцаа тоо бий. Тоон үзүүлэлтийг сонирхвол нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.4 хувьд 1.5-1-7 сая хүн оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг үйлдвэрлэн, нийт хөрөнгө оруулалтын 50 хувийг “шингээж” буй.

Эдийн засаг, улс төрийн гол төв болохынхоо хэрээр төрөлтийн хувь улсын дунджаас үргэлж дээгүүр байгаа бөгөөд шилжиж ирсэн иргэдийг оролцуулаад жил бүр дөрвөн хувиар өсч байна. 

ҮСХ-ноос гаргасан хэтийн төлөвт нийслэлийн хүн амыг 2040 онд 2.44 саяд хүрнэ гэж тооцоолжээ. Тэр үед Монгол Улсын нийт хүн ам 3.94 сая болно гэснийг хувьд шилжүүлбэл, нийт хүн амын 61 хувь нь зөвхөн Улаанбаатар хотод төвлөрнө гэсэн үг юм.

Нийслэл Улаанбаатар хотын хүндрэлийн гол шалтгаан нь төсөв мөнгөний хүрэлцээгүй байдал гэдгийг бүгд мэдэж байгаа. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөнт эдийн засагт шилжсэний дараа манай улс үндсэндээ 10 гаруй жил бүтээн байгуулалт хийж чадалгүй завсардсан байдаг. Энэ үед явагдсан хүн амын өсөлт байсан жаахан дэд бүтцийн даацыг хэтрүүлж, өдгөө бүтээн байгуулалт хийж байгаа ч хүн амын өсөлтөө гүйцэж чадахгүй дүр зурагтай байгаа. Жилд 30 мянган хүүхэд төрдөг хот дунд сургуулийн суудлын тоогоо 10,000-аар нэмж чадахгүй байна гэдэг л цаашдаа явцгүй гэдгийг харуулах хангалттай нотолгоо юм.

Чухам тиймээс Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-доо  “Хөдөөгийн сэргэлт”-ийг чухалчлан оруулж, хотоос хөдөөг чиглэсэн нүүдлийг эхлүүлэхээр бэлтгэж байсан юм. Нөгөө талаар, хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэйгээр нийслэл хотын амьдралын чанар муудаж, иргэд хөдөө рүү чиглэх нүүдэл эхлэх нь үү гэсэн найдвар тээж байх үед байгалийн гамшиг болчихлоо.     

Үндэсний аюулгүй байдалд аюултай

Хэт төвлөрлөөс үүдэлтэйгээр нийслэлд амьдралын чанар муудаж байгааг бид дээр дурдсан. Энэ нь хүн амын дунд өвчлөл үүсгэх, үр удамд сөрөг үр дагавартай. Дээр нь нэмээд дэлхий нийтийн улстөрийн байдал тогтворгүй, мөргөлдөөн, дайн тулаан хаа сайгүй гарч байна. Хүн амыг хэт нягтаршуулж, бага талбайд цуглуулж байгаа нь цэрэг дайны талаас нь аваад үзвэл маш ноцтой үр дагаварт ч хүргэж мэднэ. Муугаар бодоход, дайсны тал ганц бөмбөгдөхөд хүн амын тал нь үгүй болно.

Аймгууд устаж үгүй болно

Монгол Улсын хувьд нийслэл хотын дараа орох засаг захиргааны том нэгж нь аймаг. 1921 оны Ардын хувьсгалаар тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон монголчууд шинэ тутам байгуулагдсан улс орныхоо газар нутгийг эзэнтэй байлгах, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа баталгаажуулах арга болгон сонгож авсан засаг захиргааны нэгжийн хуваарилалт нь энэ. Манай улс 1923 онд зургаан аймаг, 110 хошуунд хуваагдаж байсан бол 1932 онд 13 аймаг болгож, арай хожим Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дундговь, Сүхбаатар “өрх тусгаарласнаар” 18 аймаг болсон түүхтэй. Тэгвэл 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон гэсэн гурван аймгийг байгуулж, Улаанбаатараас өөр хотгүй болох шахсан. Аймгийн тоог ингэж нэмэгдүүлсэн ч хөгжүүлэх тал дээр маш хойрго хандсанаас аймгуудын хүн ам жил дараалан буурч байв.  

Улсын нийт хүн ам жилд 60 орчим мянгаар өсдөг гэвэл, үүний талаас илүү нь төрөлтийн хувь өндөртэй Улаанбаатар хотод ногддог. Гэтэл нийслэлд жил бүр 30 орчим мянган хүн хөдөөнөөс буюу аймгуудаас шилжиж ирдэг гэсэн тоо бий. Аймгуудын хүн ам жил бүр энэ хоёр тооны ялгавараар буурч байгаа гэсэн үг.

Яг одоогийн байдлаар, хэдий Нийслэлээс хөдөөг чиглэсэн нүүдэл эхэлсэн гэж байгаа ч ихэнх нь уул уурхай хөгжүүлж байгаа Өмнөговь гэх мэт хэдхэн аймагт ногдож, бусад газарт буурч байгаа. Төрөлт дээр үндэслэсэн судалгаанууд ч цаашдаа аймгуудын хүн ам улам буурах төлөвөөсөө гараагүй. 

Тэгэхээр, энэ хавраас эхэлж магадгүй байгаа хотыг чиглэсэн нүүдлийн цаадахыг хальт бодоход л Нийслэл хотын хэт бөөгнөрөл улам ихэсч амьдралын чанар муудах, Засгийн газраас дэвшүүлсэн “Хөдөөгийн сэргэлт” бодлого хүчгүйдэх наад захын сөрөг үр дагавар байна. Тиймээс асуудлыг бодитой авч үзэж, цогцоор нь шийдвэрлэх шаардлага тулгарч байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.52
    2024/02/22

    Энэ одоо бүүр нэг дандаа хооронд нь мууудуулах харгалзуулах ажил зохион байгуулдаг хэсэг муу энергитэй хүмүүсийн бөөгнөрөл байнаа тэд мал олноор үхээсэй ХОТРУУ олон хүн ороосой утаа улам идээсэй гээд бодол нь буцалж байх шив муу санаа бие э отно гэж үг байдаг юм шүү

    Хариулах
  • 202.70.44.46
    2024/02/22

    Зуны турш 100 жилийн ойгоо тэмдэглээд найр наадмаа хийгээд бай, хадлан, тэжээлээ бэлтгээгүй, байгаль ээж хариугаа өгч байна, ЗГ-аас хориод бэлтгэлээ базаахад яанаа

    Хариулах
  • 202.21.107.85
    2024/02/22

    Аймаг бүр өөрийн нэгдэл байгуул. Боловсруулах үйлдвэр хувийн хэвшьийххнээр бөйгуулуул, улс хөнгөлт олро. Зүгээр бүү өг, хүргэн хүү , энэ хүүхнүүд үү киног үзүүл

    Хариулах
  • 103.111.68.3
    2024/02/22

    ОДОО ЗАСГИЙН БОДЛОГО МАЛГҮЙ БОЛСОН ИРГЭДЭЭ ХУРДАН МАЛЖУУЛАХ ҮҮНИЙ ТУЛД ТӨСВӨӨС МӨНГӨ ГАРГАН МАЛ БҮХИЙ ИРГЭДЭЭС МАЛ ХУДАЛДАН АВЧ ГЭРЭЭ ТҮРЭЭСЭЭР ӨГӨХ ХЭРЭГТЭЙ АВСАН МАЛЫНХАА ТООГ НӨХСӨН БОЛ ЭНЭ ГЭРЭЭ ТҮРЭЭСЭЭ ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ ЕР НЬ ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН ЗУДНААР МАЛАА БАРЖ ХОТ СУУРИНД АЖИЛ ОЛДОХГҮЙ БАЙГАА ХӨДӨӨ ГАРЬЯА ГЭСЭН АЙЛ ӨРХИЙГ ЭНЭ МАЯГААР МАЛЖУУЛЖ НҮҮХ ТЭЭВРИЙН ЗАРДЛЫЙГ НЬ УЛС ДААГААД ТЭР ҮНИЙГ НЬ ГЭРЭЭ ТҮРЭЭСЭЭР АВАХ МАЛЫНХАА ТООНД ОРУУЛЖ ТООЦОХ ХЭРЭГТЭЙ ИНГЭВЭЛ ХӨДӨӨ ГАРЧ АМЬДАРЬЯА ХОТЫН ТҮГЖЭЭ УТААНААС ХОЛДОЁ ГЭСЭН АЙЛ ӨРХ БАЙГАА Л БАЙХ,НАМУУД МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ ТУСГАВАЛ ИХ Л ХЭРЭГТЭЙСЭН

    Хариулах