Дундговь аймаг хөдөө гэртэй төрийн албан хаагчдад 3-5 хоногийн цалинтай чөлөө олгохоор боллоо

Т.Отгонсувд
2024/02/22

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч буйтай холбогдуулан Дундговь аймгийн Онцгой комиссын гуравдугаар хуралдаанаар төрийн албан хаагчдыг холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журмын хүрээнд хөдөө гэрт нь туслуулахаар зохион байгуулалт хийж, 3-5 хоногийн цалинтай чөлөөг олгохоор шийдвэрлэжээ.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан улсын Онцгой комиссоос Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл хуваарилсан бөгөөд аймгийн Онцгой комиссоос аймгийн Засаг даргын аюулгүйн нөөцөд байгаа 50 тонн тэжээл, 200 тонн өвсийг сумдад үнэ төлбөргүй хуваарилахаар болсон байна. Мөн аймаг, сумдын төсвийн давсан орлогын тодорхой хувийг малчдад туслах, зудын гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд шийдвэрлэн зарцуулахаар чиглэл өгчээ.

Түүнчлэн нөхцөл байдлыг харгалзан аймгийн хэмжээнд Соёл урлаг, спортын тэмцээн уралдааныг 2024 оны гуравдугаар сарын 20-ны хүртэл хугацаанд зохион байгуулахыг түр хязгаарлах шийдвэрийг гаргасан байна.

Мөн  тус хуралдаанаар байгалийн давагдашгүй хүчин зүйл, зудын өмнө хүчин мөхөстөж буй малчдадаа туслах “Хамтдаа давъя” хандивын аян өрнүүлж байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хандивт идэвхтэй оролцохыг уриалжээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна