Б.Одончимэг: Бусдад хэтэрхий их таалагдах гэж хичээхдээ би өөрийгөө алдаж эхэлсэн

Х.Есү
2024/11/04

Бид энэ удаагийн "Зөв хүн" ярилцлагын нэвтрүүлгээрээ Жүжигчин, МУСТА Б.Одончимэгтэй ярилцлаа. 

Түүний хувьд Улсын дуурь бүжгийн эрдмийн театраар 13 жил овоглож, одоо чөлөөт уран бүтээлчээр ажиллаж буй дайчин эмэгтэй. Дүр бүтээсэн кино болгон нь үзэгчдийн сэтгэлд тодхон үлдсэн гэхэд бараг хилсдэхгүй.

Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таныг 10-р ангидаа жүжигчин болох мэргэжлийг сонгосон гэж сонссон. Багадаа ер нь ямархуу хүүхэд байв?

-Би багадаа их даруухан хүүхэд байсан. Манай гэрийнхэн одоог хүртэл гайхдаг. Очиж очиж энэ гэрээс Одноо жүжигчин болоод байхдаа яах вэ дээ гэдэг. Энэ бол зөвхөн аавынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилготой, өөрийнхөө давахгүй гэсэн даваагаар долоо давж байгаа тэр охины л шийдвэр.

Би их ном уншдаг. Гадаа гарч тогло гэхэд л ерөөсөө гардаггүй хүүхэд байсан. 10-р ангид жүжигчин болох маш том түлхцийг өгсөн хүмүүс бол шилжиж очсон сургуулийн минь нийлдэг охид, мөн ангийн багш минь байсан юм. Би өмнөхөөсөө илүү их нээлттэй болж, өөрийгөө илэрхийлж эхэлсэн. Тэгээд жүжигчин болно гээд шийдэж байсан юм. Үүний дараагаар гэр бүлийнхнээрээ намайг жүжигчин болоход бэлдэж эхэлсэн. Гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэйгээр СУИС-д орсноороо тэд нарынхаа нэр нүүрийг бараагүй байхаа гэж би итгэдэг. Бас хичээж яваа. 

Та 13 жил УДБЭТ-д ажилласан. Анх театрт орох шалтгаан нь юу байв?

-Театр бол миний хамгийн дуртай мэргэжил байсан. Би театрын жүжигчин болох юм сан гэж их хүссэн. 2008 онд СУИС-аа төгсөөд л орсон. Надад өөрийгөө голох мэдрэмж төрж байсан тэр үед багш минь театрт шалгалт өгөөд үз гэж хэлж байсан юм.

Тэгээд л Б.Тамиртай нийлээд шалгалт өгөөд, хоёр биеэ бэлдээд орж байсан. 2008 оноос хойш 13 жил театрт тасралтгүй ажилласан. Тэгээд өөрийнхөө бодсон санасан зүйлээ хэрэгжүүлэхээр залуу уран бүтээлчийн жоохон шуналаар гэх юм уу даа театраасаа гараад гурван жил болж байна. 

Таны бүтээж байсан дүрүүдээс сэтгэлд нь хамгийн ойр үлдсэн дүр нь ямар дүр байсан бэ?

-Бүгд надад өөр өөр мэдрэмж өгч байсан учраас би бүгдэд нь хайртай юм байна. Би нэг хийсэн зүйлээ олон давтамжтай дахин дахин хийхийг хүсдэггүй. Зохиол ирэхэд ч би өмнө нь миний бүтээсэн дүртэй адил байна уу үгүй юу гэдгийг эхлээд хардаг. Хэрвээ адилхан байх юм бол татгалздаг.

Би анхны гол дүрийн кино буюу “Аз жаргалын шок” киноныхоо дүрд хайртай. Жүжигчин хүнийг бүтээсэн дүрээр нь дуудаж, авгайлна гэдэг бол маш том зүйл л дээ. Хүмүүс ч гэсэн тэр киноны тэр гээд ярихад надад сайхан санагддаг.

Таныг харахад их эрч хүчтэй, дайчин эмэгтэй харагддаг. Жүжигчин биш хувь хүний үүднээс Б.Одончимэг гэдэг хүн ямар хүн бэ? Амьдралдаа ямар зарчим баримталж амьдардаг юм бэ?

-Надад бүх хүмүүст таалагдах гэж хичээж байсан үе бий. Харин яг тэр утгаараа би өөрөө эрх чөлөөгүй болж эхэлсэн. Би өөрийгөө алдаж эхэлсэн. Одноо гэдэг хүн өөр дүрд хувирч баг өмсөж эхэлсэн. Ингэснээрээ би өөрийгөө юу хүсэж байгаагаа мэдэхгүй, бусдын юу хүсэж байгаагаар амьдрах гээд байсан. Тэгээд би больсон. Энэ миний амьдрал учраас би өөрийнхөөрөө амьдармаар байна.

Жүжигчин гэдэг мэргэжлийг хүний уран бүтээлээс дүгнэвэл болно. Биднийг бүтээсэн дүрээр нь дүгнэх тохиолдол асар их байдаг байхгүй юу.

Би заримдаа зарчимд баригдахгүй баймаар байна. Гэхдээ хэзээ ч би эрх чөлөөгөө баригдмал байлгаж болохгүй юм байна. Хувь Одноо юу хүсээд байна вэ гэж би асуудаг. Би өөрөө бодол санаа, бие сэтгэл, мөрөөдлөөрөө ч тэр эрх чөлөөтэй баймаар байна. 

Таны амьдралдаа гаргаж байсан хамгийн зоригтой шийдвэр юу вэ?

-Энэ жүжигчний мэргэжил. Энэ мэргэжил маш их зориг шаардагдана. Өөрийнхөө хүслээр амьдрах нь хүнд өөрт нь илүү аз жаргалыг мэдрүүлдэг юм байна гэж ойлгосон. Би хэзээ үхэх нь эргэлзээтэй шүү дээ. Тиймээс хүний амьдралаар бус өөрийн амьдралаар амьдрах нь их чухал. 

Урлагийн хүмүүсийн гэр бүлдээ зарцуулах цаг зав тун бага байдаг. Та ер нь гэр бүл үр хүүхдэдээ хэр их цаг гаргаж байна?

-Хүн болгонд нэг өөр өөр үе байдаг юм шиг байна. Ар гэрээ орхиж карьер хөөх үе. Гэв гэнэтхэн би төлөвтэй болох үе ч гэдэг юм уу. Би ч гэсэн өөрийгөө харуулах боломж олдож байгаа дээр нь харуулъя гээд гэр бүлээ орхиж байсан ч тохиолдол байгаа. Театрт ажиллаж байх үед амралт гэж байдаггүй. Яг тэр үед би гэр бүлээ орхиж байсан. Театраас гараад л мэдэрч эхэлсэн. Би одоо дуртай үедээ хүүхдүүддээ цаг гаргаж, ажлаа төлөвлөж хийж байна.

Ямар ч ажлыг хаяад бүтэн гэр бүлдээ цаг гаргаад байх дуртай. Тааваараа амьдрах гэдэг чинь их гоё зүйл юм байна лээ шүү дээ. Өөрийгөө хүчилж ажлыг ял гэж хийхгүй байх тэр мэдрэмж өөрөө их гоё. Би одоо яг л өөрөөрөө сайхан амьдарч байна. 

Ярилцлагын төгсгөлд үзэгчдэдээ хандаж хэлэх үг?

-Бусдын амьдралаар амьдрахгүйгээр өөрийнхөө амьдралд аз жаргалтай мөчүүдийг нэм. Тэгэх юм бол та нэг мэдэхэд л аз жаргалтай хүн болчихсон байна. 

Бидэнтэй ярилцсан баярлалаа. 

-Баярлалаа.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна