ХАВДАРТАЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ТАНХИМТАЙ БОЛЛОО

Х.Есү
2024/02/16

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрөөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхимтай болж нээлтийг нь хийлээ.

Дэлхий нийтээр “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжин төлөвшүүлэх зорилгоор 2002 оноос тэмдэглэж эхэлсэн. Монгол Улс энэ өдрийг 2017 оноос тэмдэглэж байгаа юм.  



Хавдраар өвчилсөн хүүхдүүдийн эмчилгээний явц удаан байдаг тул хичээлээс завсардах, хоцрогдох, үүнээс үүдэн гадуурхалд өртөх явдал цөөнгүй гардаг тул энэхүү сургалтын танхимыг байгуулж, нийслэлийн Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран хүүхдүүдэд хичээл заахаар болсныг  ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Б.Батдулам хэлж байлаа. 

Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр байгуулсан Мэдээлэл, сургалтын танхим ашиглалтад орсноор хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд монгол хэл, математик, англи хэл, дуу хөгжим, дүрслэх урлаг зэрэг хичээлийг заах бөгөөд сургуулийн өмнөх боловсролоос эхлэн ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагч хүртэл сургалтын төвөөр үйлчлүүлэх боломжтойг онцлоод “Хавдрын оноштой хүүхдүүдийн дархлаа сул байдаг учраас халдварт өртөмтгий байдаг. Тийм учраас анги хамт олноосоо заавал тусгаарлагдах шаардлагатай болдог. Тиймээс бид эмчлүүлж буй хүүхдүүдийнхээ боловсролыг тасралтгүй олгох зорилгоор энэхүү ажлыг эхлүүлж байна. Хүүхдүүдэд хичээл заах багш нарыг шинжилгээнд хамруулсан. Энэ нь хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалах нэг арга юм” гэж байв.



Насан туршийн суралцахуйн төвийн захирал Б.Гэрэлгуа “ЭХЭМҮТ-өөс тавьсан саналыг бид маш дуртайгаар хүлээн авч, хавдар гэх хүнд өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд боловсролыг тасралтгүй олгох зорилгоор байнгын хөтөлбөр гаргаж, долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт сургалт явуулахаар болсон. Манай төвөөс хөгжүүлэх сургалт, ЕБС-ийн хөтөлбөрт тавигдсан сургалтуудыг орохоос гадна өсвөр насны хүүхдүүдэд мэргэжил сонголт, сэтгэл зүйчийн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийнэ. Эмнэлгийн дэргэдэх анхны сургалтын танхим өнөөдөр ашиглалтад орж, хичээлийн жилийн анхныхаа хонхыг цохилоо. Багш нар бид өөрсдөө эрүүл байх ёстой учраас энэ тал дээр мөн анхаарч байна” хэмээлээ. 
Сургалтын танхимын нээлтийн үеэр уламжлал ёсоор хорт хавдрыг даван туулсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулан баярын хонх цохих ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд ЭХЭМҮТ, “Аргун” ХХК, Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн удирдлага, багш, эмч, мэргэжилтнүүд, хавдрыг даван туулсан болон эмчлүүлж буй хүүхдүүд, тэдний асран хамгаалагч нар оролцлоо.
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна