Солонгосчуудын зарим нь мэдээ ч үгүй өнгөрсөн, “Дайны байдал” зарласан зургаан цаг

Zuv.mn
21 цаг 17 минутын өмнө

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ель улс орондоо зарласан дайны байдлаа цуцалж байгаагаа зарлажээ. Ерөнхийлөгч мягмар гарагийн орой гэнэтийн шийдвэр гаргаснаас хойш хоёр цагийн дараа Парламент уг шийдвэрт хориг тавьж, зургаан цагийн дараа Ерөнхийлөгч өөрөө цуцалсан байна.

Солонгосчууд эрт унтаж амардаг тул БНСУ-ын ард иргэдийн багагүй хэсэг нь энэ талаар мэдээ ч үгүй өнгөрсөн аж. 1979 онд, Ерөнхийлөгч Пак Жон Хи алагдсаны дараа тогтож байсан дайны байдалд БНСУ ийнхүү дахин нэг удаа зургаан цагийн хугацаатай байж үзлээ.

Олон улсыг ч цочирдуулаад авсан Юн Сог Елийн гэнэтийн шийдвэр энэ удаад гайгүй өнгөрсөн ч цаашид юу болох нь анхаарал татаж байна. Учир нь, Дайны байдалтай байх үед улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гэсэн ч Парламенгт хуралдсан, Парламентын ордныг бүсэлсэн цэргийнхэн гишүүдийг ордон руу нэвтрүүлсэн зэрэг нь цэргийнхэн Ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг хэрэгжүүлэх сонирхолгүй байсныг харуулна. Гэлээ гээд нөхцөл байдал буруугаар эргэсэн бол цус урсаж ч болох эгзэгтэй байдал үүсгэсэн нь үнэн.  

Болсон явдлын дараа Ерөнхийлөгчийг багтайгаа хамт огцорно гэсэн яриа гарсан. Өөрөө одоогоор олон нийтийн өмнө гараагүй байна. 

Ерөнхийлөгч “ваакуумжсан”-ы улмаас гаргасан байж мэдэх энэхүү үйл явдал хэрхэн өрнөснийг уншигчдадаа сануулъя.

-Мягмар гарагийн орой 23.00 цагийн орчимд Ерөнхийлөгч Юн Сог Ель Дайны байдал зарлаж байгаагаа зарлав. Тэрбээр энэ үйлдлээ “Хойд Солонгосын коммунист хүчнээс улс орноо хамгаалах, дотоодод буй төрийн эсрэг элементүүдийг устгахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ” гэж тайлбарласан.

Өнгөрсөн хавар болсон Парламентын сонгуулиас хойш Парламент төрийн 22 чухал албан тушаалтныг огцруулахыг завдсан бөгөөд сөрөг хүчин төсвөөс зайлшгүй шаардлагатай зарлагуудыг танахыг шаардаж байгаа нь төрийн эсрэг ажиллагаа гэж тэрбээр мэдэгдэлдээ мөн дурджээ. Тэрбээр энэ талаар дурдахдаа өөрийг нь огцруулах оролдлого мөн гарсныг дурдалгүй өнгөрсөн байна.

-Түүний мэдэгдлийг эрх баригч болон сөрөг хүчний нам аль, аль нь үгүйсгэсэн нь анхаарал татаж байна. Парламентад олонхийг бүрдүүлэгч Солонгосын Ардчилсан намын дарга Ли Же Мен энэ үйлдлийг Үндсэн хууль зөрсөн гэж үзсэн бол Ерөнхийлөгчийн харъяалагддаг Ард түмний хүч намын дарга Хан Дон Хун “Буруу шийдвэр” хэмээн нэрлэж, хориг тавина гэжээ.

-Дайны байдал зарлах нь төрийн эрх мэдэл цэргийнхний мэдэлд очиж, энгийн иргэдийн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн үг. Энэ үед улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон ч Үндэсний хурлын гишүүд хуралдахаар Парламентын ордонд цугларч, улмаар Ерөнхийлөгчийн мэдэгдлээс хоёр цаг орчмын дараа Дайны байдал зарласныг хориглосон шийдвэр гаргав.

-Ерөнхийлөгч Парламентын шийдвэрийг хүлээн авч, зарласнаасаа хойш зүургаан цагийн дараа дайны байдлыг цуцаллаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна