-“Трафигура”-д Анголын эрх баригчдыг хахуульдсан байж болзошгүй хэргийн шүүх хурал Швейцарьт болж байна-
Газрын тосны худалдааны хамгийн том компани гэгддэг “Трафигура”-д холбогдох шүүх хурал Швейцарийн Беллинцонд болж байна.
Хурлаар “Трафигура”-гийн захирал асан Майк Уэйнрайт Анголын төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн байж болзошгүй гэх хэргийг хэлэлцэж байгаа юм. Трафигура энэ хэрэгт буруутай нь тогтоогдвол таван сая швейцарь франкаар торгуулна. Мөн хууль бусаар олсон орлого болох 140 сая ам.долларыг буцааж, Майк Уэйнрайтыг таван жил хорих ял шийтгүүлэх юм байна. Гэхдээ энэ хэргийн ач холбогдол мөнгөн дүндээ биш. Угаасаа таван сая швейцарь франк нь тус компанийн зургаан цагт олдог ашигтай тэнцэнэ гэдгийг эх сурвалжууд дурдсан.
Харин буруутгал дотор байгаа, тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг Клод Дофин болон удирдлагын багт байсан Мариано Ферраза нар авлигын схем боловсруулсан гэдэг баримт цаашид том үр дагавартай байж мэдэхээр байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Анголтой холбоотой төрийн алба хаагчдыг авлигадсан хэрэгт “Трафигура”-гийн толгой компанийн удирдлага “Авлигын схем боловсруулсан” гэлдэг байдлаар орж ирж байгаа бол бусад улсад ч адилхан юм биш үү гэдэг хардлагыг зүй ёсоор бий болгоно гэсэн үг. Өнгөрсөн гуравдугаар сард тус компани Бразилд авлига өгсөн гэсэн асуудал гарч байсан бөгөөд үүн дээр Ангол нэмэгдэх нь таамгийг улам л лавшруулна.
Дэлхийн олон улсад /Монгол ч орно/ үйл ажиллагаа явуулдаг тус компанийн хувьд ийм хардлага үйл ажиллагаанд нь маш сөргөөр нөлөөлж болох юм.
Үүнээс ч болсон уу, Майк Уэйнрайт шүүх хурал дээр Клод Дауфиныг тууштай өмгөөлсөн мэдүүлэг өгсөн байна.
Майк Уэйнрайтын өмгөөлөгч үйлчлүүлэгчид нь тулгасан хэргийг бүхэлд нь үгүйсгэж, буруугүй гэдгээ нотлох болно гэсэн байр суурийг илэрхийлж байгаа аж. Энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхийг “Трафигура” үйл ажиллагаа явуулдаг улс орнууд анхааралтай ажиглаж байгаа болов уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна