Юн Сог Ёлийг огцруулсан шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх хүчингүй болгох уу

Zuv.mn
17 цаг 12 минутын өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблей өчигдөр хуралдаж, “Дайны байдал” зарлан улс орныг эрсдэлтэй байдалд оруулсан Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар огцруулсан билээ. Санал хураалтад 302 гишүүн оролцсоноос 204 нь дэмжиж, 85 гишүүн татгалзан, гурван гишүүн түдгэлзсэнээр түүнийг огцруулах шийдвэр гарсан юм.

Одоо Үндэсний Ассамблейн шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх хүлээж авч баталгаажуулах эсэхээ 180 хоногийн дотор шийдвэрлэх учиртай. Гэвч баталгаажуулах эсэх, түүнчлэн баталгаажуулсны дараа хэргийг нь Эрүүгийн шүүхээр оруулах эсэх дээр эргэлзээ үүссэн талаар БНСУ-ын хэвлэлүүд өнөө өглөөний дугаартаа мэдээлжээ.

Юн Сог Ёль өөрийнх нь гаргасан “Дайны байдал зарлах” тушаал бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал, “Өршөөл үзүүлэх”, “Дипломат эрхээ хэрэгжүүлэх”-тэй адилхан учраас шүүхээр шийдвэрлэх боломжгүй, гагцхүү Үндсэн хуулийн шүүх л шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.  

Түүний гаргасан энэхүү үндэслэл бодитой тул асуудал хэрхэн шийдэгдэх нь эргэлзээтэй болсон, Үндсэн хуулийн шүүх Үндэсний Ассамблейн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээж болох ч Эрүүгийн хариуцлага тооцох боломжгүй болж магадгүй гэсэн санааг хэвлэлээр гарсан мэдээллүүдэд онцолсон байна.

Түүний мэдэгдлийн хариуд Үндэсний Ассамблейн гишүүд, Парламент дахь намын бүлгүүд эсрэг байр суурь илэрхийлж эхэлсэн тул энэ асуудал институц хоорондын хууль эрхзүйн маргаан болж үргэлжлэх төлөвтэй байна. 

Түүнийг Эрүүгийн шүүхээр оруулсан тохиолдолд бүх насаар нь хорих, цаазаар авах ялын аль нэгийг оноох ноцтой зүйл ангиар буруутгаж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна