Н.Учралын "NEXT KO"

Zuv.mn
10 цаг 15 минутын өмнө

Тогтолцоо, тооны хувьд том үсрэлт хийсэн Монголын Төрд ганцхан алдаатай бодлого зэрэгцэн оршсоор явна. Аливаа зүйл муугаасаа үргэлж сайжруулах тал руугаа явдаг нь туйлын үнэн. Монгол Улс ч унаж, боссоор сая л нэг юм 32 жилийн дараа хууль тогтоох дээд байгууллагын гишүүдээ 76-гаас даруй 126 болгож, бүс нутагтаа улс төрийн зоригтой өөрчлөлт гаргасан нь саяхных, 2024 оны сонгуулийн үр дүн. Гэвч өөрчлөхийг хүсдэггүй, өөрчлөх гээд ч бардаггүй нэг зүйл нь Төрийн болон орон нутгийн өмчит компаниудаа хэрхэх тухай. Хөндлөнгийн нэгний дүгнэлтээр 3.5 сая иргэнтэй улсын Төрд хэтэрхий ахадсан тоо.

2023 оны жилийн эцсийн байдлаар гэхэд нийт 123 компани зөвхөн Төрд харьяалагдаж, тэнд нь 58 мянга гаруй хүн ажиллаж байгаа талаарх статистик гарсан нь чамлахаар үзүүлэлт лав биш. Үүнээс гадна хувьцаа эзэмшигчийн 100 хувийн эрхийг хэрэгжүүлж байгаа 42, Эрчим хүчний яамны харьяанд 27, Хэрэг эрхлэх газар 15 (Эрдэнэс Монгол нэгдэл), Сангийн яам 7, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 4, Зам, тээврийн хөгжлийн яаманд 3 хуулийн этгээд тус тус үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эдгээр компани, үйлдвэрийн газар нь 2023 онд нийт 23 их наяд 617 тэрбумын орлого, 16 их наяд 912 тэрбумын зардал, 4 их наяд 983 тэрбумын буюу 21.1 хувийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, 7.76 хувийн хөрөнгийн өгөөжтэй ажиллажээ.

Хачирхалтай бөгөөд жигтэй нь 2023 оны нийт цэвэр ашгийн дүнгийн 92 хувийг “Эрдэнэс Тавантолгой” дангаараа бүрдүүлсэн буюу 3.5 их наяд, араас нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 803 тэрбум, үргэлжлүүлээд “Хөдөө аж ахуйг дэмжих корпораци” 101 тэрбум, “Төрийн банк” 94.7 тэрбум, “МИАТ” ТӨХК 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг холбогдох тайлангаас харж болно. Бусдаар 43 хувь нь алдагдалтай ажиллаж. Бараг тавин хувь нь. Энд орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 275 хуулийн этгээдийг огт дурдаагүйг тодотгоё. Нийт алдагдлын хэмжээ нь 87.1 тэрбумыг хэдийнэ давжээ. Өрхийн эмнэлэг, эм эргэлтийн сан, нөхөрлөл, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрууд зэргийг багтааж тооцвол нийт 472 хуулийн этгээд хүрнэ.

Ашигтай ажиллаад асуудлыг гарах бүрд нь шийдвэрлээд явсан бол яах гэх вэ? Өдийд Монгол Улс “Азийн бар” болсон байсныг ч үгүйсгэхгүй. Гэвч уул уурхай, хөдөө аж ахуй, иргэний агаарын тээвэр, банкнаас бусад нь жил бүр алдагдал хүлээгээд зогсохгүй Төрөө үнэгүйдүүлэх хэмжээнд тулсан нь ерөөс хүлээн зөвшөөрөх зүйл биш. Төр гэдэг ерөөс ард түмэн, төсөв бол татвар төлөгчдийн халааснаас гардаг мөнгө. Ийм нөхцөлд ганцхан зүй тогтол бий. Тэр нь татан буулгахыг нь буулгаад нэгтгэхийг нь нэгтгээд явахаар өөр сонголт бидэнд үгүй. Тэгж байж л Төр цомхон чадварлаг болж, менежмент нь илүү засаглалын түвшинд очиж, эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж эхэлнэ. 

Олон улсын валютын сангийн ашигладаг шалгуураар хийсэн эрсдэлийн ерөнхий үнэлгээнд өгүүлснээр хөрөнгийн өгөөж нь дунд буюу 0-5 хувийн хувьд очсон 23, өндөр эрсдэлтэй буюу -5 хувь хүрсэн 20 компани, үйлдвэрийн газар Монголд үйл ажиллагаа явуулж байна. Өр төлбөрийн болон нийт хөрөнгийн харьцаагаар 50-75 хувийн хооронд буюу бага эрсдэлтэй 14, 75-100 хувийн хооронд буюу дунд эрсдэлтэй 11, 100-гаас их буюу өндөр эрсдэлтэй 14 компани, үйлдвэрийн газар байна. Үндсэндээ уул уурхайн экспорт зогсвол тэднээс “санхүүжиж” ирсэн дийлэнх компаниуд нь хаалга барих эрсдэл хэдийнэ бий болсон нь энэ.

Хуулиа шинэчлээд урагшаа харцгаах уу эсвэл бахь байдгаар нь явуулсаар аль ч үгүй хоцрох уу гэдэг зүй ёсны хоёр сонголт бидэнд тулгарсан түүхтэй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, сайд Н.Учралаар ахлуулсан нь ийм л учиртай. Ерөөс нэгдүгээр сонголтыг хийсэн хэрэг. Энэ хооронд Ажлын хэсгээс хэд хэдэн уулзалтыг холбогдох газруудтай зохион байгуулсан юм. Гагцхүү Төр өөрийн өмчит компаниудадаа хэрхэн салхи оруулах талаарх ерөнхий “газрын зураг”-аа гаргаснаа Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн нь анхаарал татах шалтгаан болов. 

Тэрбээр “Төрийн өмчит компаниудын статусыг бүрэн цэгцлэнэ. Статус нь юу гэхээр төсвийн хуулийг дагалдуулаад гурван жил санхүүгийн алдагдал хүлээсэн бол тухайн төрийн өмчит байгууллагыг шууд татан буулгах хуулийн зохицуулалт хийнэ. Төрийн өмчийн компаниудын хуулиар үр ашигтай, үр өгөөжтэй ажиллаж байгаа компаниудыг л үндсэн статустайгаар нь үлдээх болно. Бусад ашиггүй ажиллаж байгаа, алдагдал хүлээж байгаа компаниудыг татан буулгаж, нэгтгэж зохион байгуулах шинэчлэлийг хийнэ” гэдгийг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ. Нэг жилийн хугацааны гүйцэтгэлийг үнэлүүлэхэд компаниа ашиггүй ажиллуулаад зогсохгүй алдагдлаа бууруулаагүй тохиолдолд удирдлагыг нь шууд чөлөөлөх зохицуулалт тусгах нь шинэчилсэн найруулгын бас нэг онцлог. 

Төрийн бодлого бүхэлдээ Баялгийн сангаа өсгөж, үржүүлэхэд чиглэж яваа энэ үед 270 тэрбумын орлого төвлөрүүлдэг нь алдагдалтай компанийн захиралтай адилхан цалин авах нь ардчилсан зах зээлийн нийгэмд байж болохгүй үзэгдэл. Хэн компанийн засаглалаа сайжруулж, менежментийн удирдлагыг зөв хэрэгжүүлж, ашигтай ажиллаж гэмээнэ тэр хүн нь өндөр цалин авдаг байх учиртай. Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд эдгээр компанид ялсан намын буюу улс төрийн нөлөө их байж ирснээс ТУЗ-ийн бүрэлдэхүүн, гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт нээлттэй байж ирээгүй шалтгаан.  Үүнийг ч хуулийн өөрчлөлтөөр нээлттэй явуулахаар тусгажээ. Иргэдийн хамгийн анхаарал татдаг, мөн шүүмжлэл дагуулдаг асуудал нь ТУЗ-ийн гишүүдийн цалин хангамж урамшуулал. Тэгвэл үүргээ биелүүлээгүй бол урамшууллыг төлөхийг зогсоох, эсхүл үүрэг биелүүлээгүй, эсхүл хуралдаанд оролцоогүй тухайн хугацаанд хамаарах хувь хэмжээгээр урамшууллын хэмжээг бууруулна гэжээ. Мөн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн хуульд заасан цалин, урамшууллаас бусад тусгайлсан хангамж эдлэхгүй.

Төр ямар бизнес эрхлэх, алинд нь оролцохгүй вэ гэдэг нь ч хуулиар тодорохой болохыг Н.Учрал сайд онцолсон. Тэгэхдээ дөрвөн чиглэлээр бизнест оролцох буюу хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн цаг үеэс эл зарчимд үндэслэж Засгийн газраас үндсэн чиглэлээ УИХ-д оруулж батлуулах аж. Дараа, дараагийн Засгийн газар, УИХ-д уг заалт хамаатай. Хувийн хэвшилтэйгээ цаашид өрсөлдөхгүй байх зарчим, хуулийн үндсэн агуулга нь тийм. Ашиггүй, алдагдалтай ажиллаж гэмээн ажлаа чаддагт нь, эс бөгөөс хувийн хэвшилд шилжүүлж болох орон зай, хууль эрх зүйн боломж анх удаагаа нээлттэй болно гэсэн үг.

Эх сурвалж: uzeg.info



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна