Израиль, ХАМАС бүлэглэл “Гал зогсоох гэрээ” байгуулж, жил гаруй үргэлжилсэн цуст дайн зогслоо

Zuv.mn
6 цаг 26 минутын өмнө

Израиль улс Палестины ХАМАС бүлэглэл тохиролцоонд хүрч, Газын зурвас дахь дайныг зогсоохоор боллоо. Хэлэлцээрт АНУ, Катар улсууд зуучлагчаар оролцжээ.

Гэрээ байгуулснаар Газын зурваст 2023 оны аравдугаар сараас эхэлсэн цуст дайн зогсож, энгийн иргэдийн нуруу тэнийнэ.

Гэрээ хараахан байгуулагдаагүй байгаа бөгөөд Израилийн Ерөнхий  сайд Бениамин Нетаньяху өчигдөр орой энэ талаар “Тодорхойгүй хэд, хэдэн зүйл байгаа. Шийдэгдэнэ гэж найдаж байна” гэж мэдэгдэл хийсэн. Гэхдээ нэгэнтээ АНУ, Катар талууд гэрээ байгуулахыг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн учир асуудал нааштай шийдэгдэх нь тодорхой юм.

Йерусалим “ХАМАС-ыг газрын хөрснөөс арчина, сүүлийн гишүүнийг нь устгахаас нааш зогсохгүй” хэмээн хатуу мэдэгдэж байсан цуст дайн ийнхүү ямартай ч энэ удаадаа зогсохоор болж байна.

Одоо Израилийн Аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газар хэлэлцээрийг батлах зэрэг процесс явагдах бөгөөд зуучлагч талуудын хэлснээр ням гараг гэхэд гэрээ зурагдаж амжих гэнэ.

Гэрээ гурван үе шаттай хэрэгжинэ.

Эхний шат

Эхний шат нь зургаан долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд багтаан талууд гал бүрэн зогсооно. ХАМАС бүлэглэл барьцааны хүмүүсээ суллана. Эхний шатанд суллах хүний тоо нь тодорхлйгүй ч хэвлэлийн бага хурал дээр Катарын Ерөнхий сайд 33 хүн гэж дуугарсан гэнэ. Энэ тоонд хүүхдүүдийг оролцуулах бололтой.

Харин Израилийн цэргүүд энэ хугацаанд багтан Газын зурвасын хүн ам суурьшсан бүсээс гарах гэнэ. Өөрөөр хэлбэл, орон гэрээ орхин дүрвэсэн 2.3 сая палестинчууд гэртээ харих боломж бүрдүүлнэ.

Түүнчлэн Газад хүмүүнлэгийн тусламжийн хүргэлт нэмэгдэж, өдөр бүр хэдэн зуун ачааны машин нэвтрүүлэх боломжтой болно.

Хоёр дахь шат

Эхлээд гал зогсоосны дараа илүү нарийн төөвөгтэй асуудлууд руугаа орно. Өнөөдрөөс бараг хэлэлцээд эхэлж  байгаа юм байна. Энэ үе шатанд дахин мөргөлдөөн гарахгүй байх, дайныг нэгмөсөн дуусгах асуудалд төвлөрөх бөгөөд тохиролцоонд хүрвэл Палестины тал барьцаалсан бүх хүнээ суллана.

Израиль мөн 1000 орчим /Тоо бүрэн тодорхой болоогүй байгаа/ палестин хоригдлуудыг суллана.

Израилийн цэргүүд Газын зурвасаас гарна.

Гурав дахь шат

Гурав дахь бөгөөд эцсийн шат нь Газын зурвасыг сэргээн босгох бөгөөд олон жил үргэлжилнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна