АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр тангараг өргөнө

Zuv.mn
10 цаг 45 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Доналд Трампын тангараг өргөх ёслол өнөөдөр болно. Дэлхийн улс төр, эдийн засгийг АНУ тодорхойлдог бол АНУ-ын бодлогыг Ерөнхийлөгч нь чиглүүлдэг. Энэ утгаараа өнөөдрийн ёслол нь АНУ-ын төдийгүй олон улсын анхаарлыг татсан түүхэн үйл явдал болж байна.

Эртний түүхэн уламжлалтай энэхүү ёслолын талаар бид тусад нь мэдээлэл бэлдсэн байгаа тул энэ удаад 2025 оны ёслолын гол онцлогуудаас танилцуулья.

АНУ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг дотоодын улс төрийн үйл явдал гэж үздэг учир гаднын улс орноос зочин, тэр тусмаа удирдагчдыг урьж оролцуулдаггүй. Тэгвэл Доналд Трампын тангараг өргөх ёслолын үеэр энэ уламжлал эвдэгдэж магадгүй байна. Тодруулбал, Доналд Трамп гаднын нэг бус улсын удирдагчийг, тэр дотроо БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг ёслолд оролцуулахаар тусгайлан урилга илгээсэн гэсэн мэдээлэл гарсан. Дараа нь энэ мэдээлэл батлагдаж, БНХАУ-ын ГХЯ-наас ёслолд Ши Жиньпин биш, орлогч дарга Хан Жэн очно гэж мэдэгдсэн юм.

Урилга авсан бусад удирдагчдын тухайд, Аргентин Хавьер Милей, Италийн Ерөнхий сайд Жоржио Мелони, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа, Парагвайн Ерөнхийлөгч Сантьяго Пенья гэсэн нэрс яригдсан. Мөн Европын холбооны улсуудын барууны үзэл баримтлалтай намуудын дарга нар уригдсан гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, Германы хэт барууны үзэлтэй “Альтернатив” намын дэд дарга Алис Вайдель (оронд нь хамтран зүтгэгч Тино Чрупалла очиж ч магадгүй гэжээ), Францын хэт барууны Reconquista намын дарга Эрик Земмур, Их Британийн Шинэчлэлийн намын дарга Найжел Фараж нар уригдсан гэж буй.

Түүнчлэн дэлхийн тэргүүн баячууд, технологийн менежерүүд болох Илон Маск, Марк Зукерберг, Жефф Безос нар оролцох бөгөөд тэд Д.Трампын гэр бүлийн гишүүдтэй хамт тусгай суудал авсан байна.

Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй учраас Д.Трамп 2021 онд болсон Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцоогүй. Харин Жо Байден энэ удаад түүний тангараг өргөх ёслолд оролцоно гэж мэдээлж байна.

Д.Трамп тангараг өргөх ёслолдоо оролцохоор бямба гарагт Вашингтон хотноо хүрэлцэн очоод байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна