Онгоцны ослын хохирогчийн нөхөр: Эхнэр минь хамгийн сүүлд "20 минутын дараа газардлаа" гэж бичсэн

Х.Батсайхан
17 цаг 43 минутын өмнө

АНУ-ын нийслэл Вашингтон хотын Р.Рейганы нэрэмжит нисэх буудалд газардах гэж байсан “American Airlines” авиа компанийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөж, Потомак гол руу унасан осол гарсан талбаар бид мэдээлсэн.  

Хохирогчдын ар гэрийнхэн Р.Рейганы нэрэмжит нисэх буудалд цуглан мэдээлэл хийхийг хүлээж байна. Ослын талаар албаныхан албан ёсоор мэдээлэл хийх сураг гараад байгаа юм. 

Онгоцны буудал дээр хэвлэлийнхэн мөн байгаа бөгөөд онгоцны ослын нэг хохирогчийн нөхөр Хамад Раза гэгч эр сэтгүүлчид "Эхнэр минь хамгийн сүүлд над руу "20 минутын дараа газардлаа" гэж бичсэн хэмээн өгүүлжээ.

Ослын талаар одоогоор ил болоод буй чухал мэдээллийг хүргэж байна. 

-American Airlines компанийн зорчигч тээврийн онгоц орон нутгийн цагаар 21:00 цагийн орчимд /Монголын цагаар өнөө өглөөний 10.00 цаг/ АНУ-ын армийн Black Hawk нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдөж, Вашингтон ДС-ийн Потомак голд унав.

-Онгоц PSA компанийн захиалгаар Канзас мужийн Вичита хотоос нисч явсан бөгөөд Рональд Рейган Вашингтоны үндэсний нисэх онгоцны буудалд буухын өмнөхөн ийнхүү осолдсон байна.

-American Airlines-ийн мэдээлснээр онгоцонд 60 зорчигч, багийн дөрвөн гишүүн байсан гэсэн бол цэргийнхэн Виржиниа мужийн Форт Белвоир хотоос сургуулилтын нислэг үйлдэж байсан нисдэг тэргэнд гурван цэрэг зорчиж явсан гэж мэдэгдсэн.

-Аврах, эрэн хайх ажиллагааг эрэг дагуу явган болон завиар гол дотор явуулж байгаа ч амжилт олоогүй, хүйтэн жавар хүндрэл учруулж байна гэсэн мэдээлэл байна.

-Амиа алдсан хүмүүсийн талаар албан ёсны баталгаа гараагүй байгаа ч CBS агентлаг 18 хүний цогцос олдсон гэж мэдээлжээ.

-Эрх баригчид удахгүй нисэх онгоцны буудлаас мэдээлэл өгөх төлөвтэй байна

-Ерөнхийлөгч Дональд Трамп уг ослыг "Аймшигт осол" гэж нэрлээд, бүх хүч чадлаа дайчилж буй Онцгой байдлын албаныханд талархал илэрхийлсэн байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна