В.Путин, Д.Трамп нар юу ярьж, юу тохиролцов

Х.Батсайхан
7 цаг 28 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар утсаар ярьж, тодорхой асуудлуудыг хэлэлцсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаа арай дэлгэрэнгүй мэдээллийг дахин бэлтгэн хүргэж байна.

Украины асуудлаар:

Хоёр Ерөнхийлөгчийн утсаар хийсэн яриа хэлэлцээрээс гарсан хамгийн том үр дүн нь В.Путин Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэх ёстой гэсэн байр сууриа албан ёсоор нотолсон явдал.

Тэрбээр энэ байр сууриа баталж, Д.Трампын тавьсан “Украины эрчим хүчний байгууламжуудад 30 хоногийн турш цохилт өгөхгүй байх”-ыг зөвшөөрөн, армийн албан тушаалтнуудад шууд тушаал өгнө гэдгээ илэрхийлжээ.

Гэхдээ хариуд нь Украин улс адилхан ОХУ-ын эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхгүй байх, эдүгээ эрчимтэй явуулж буй цэрэг татлагаа зогсоох, Украины армийг дахин зэвсэглэхгүй байх гэсэн болзол тавьсан байна.  

-Мөргөлдөөнийг хурцатгахгүй байх, улс төр, дипломат арга замаар шийдвэрлэх гол нөхцөл бол Украинд гаднын улсуудаас үзүүлж буй цэргийн тусламжийг бүрэн зогсоож, Киевийг тагнуулын мэдээллээр хангахгүй байх явдал гэсэн байр суурийг В.Путин илэрхийлсэн байна.

-Курск мужид бүслэгдсэн Украины цэргүүд бууж өгсөн тохиолдолд амь насыг нь хөнөөхгүй гэсэн баталгаа өгнө гэж хэлснийгээ В.Путин дахин баталсан. Курск мужид бүслэгдээд буй Украины цэргүүд бууж өгөхгүй үхэн хатан байлдсаар байгаа бөгөөд шалтгаан нь тэнд УАЦЭ-ийн гишүүн улсуудын цэргүүд тэр дундаа 30 орчим өндөр тушаалын офицерууд байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.

-Өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-нд ОХУ, Украин улсууд тус бүр 175 олзлогдсон цэргийг солилцоно. ОХУ тэдэн дотор маш хүнд шархтай 23 цэргийг багтаан Киевт шилжүүлэхээр болсон гэсэн мэдээлэл гарч байна.

-Хоёр Ерөнхийлөгч Украины хямралыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах ОХУ, АНУ-ын шинжээчдийн бүлгүүдийг байгуулахаар тохиролцсон.

-Талуудын хүчин чармайлтын үр дүнд тогтох энх тайван байдал нь тогтвортой буюу урт настай байх ёстой, үүний тулд асуудлыг иж бүрэн, цогцоор нь авч үзэж, суурь шалтгаануудыг шийдвэрлэх ёстой гэж В.Путин онцолсон. Тодруулбал, “Хямралын үндсэн шалтгааныг арилгах туйлын хэрэгцээ, аюулгүй байдлын салбарт Оросын хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэх ёстой” гэсэн бөгөөд энэ нь энхийг тогтоох асуудалд УАЦЭ ч мөн хамаатай болохыг баталж байгаа юм. Учир нь, ОХУ Крымын хойгийг эзэлснээс эхлээд сүүлд цэргийн тусгай ажиллагаа явуулсан үндсэн шалтгаан нь Украиныг газар нутгийн маргаантай болгох замаар УАЦЭ-ийн гишүүн болохоос нь сэргийлэх явдал байсан юм /УАЦЭ-ийн дүрэмд бусад улстай газар нутгийн маргаантай улсыг гишүүнээр элсүүлэхийг хориглодог/. Хэрвээ В.Путины хүссэнээр болох юм бол УАЦЭ Дорно зүг тэ лэх бодлогоосоо татгалзах асуудлыг авч үзэх хэрэгтэй болно гэсэн үг. Энэ нь энхийг тогтоох үйл явц амаргүй, цаг авсан ажил болох нь харагдаж байгаа юм.

Хоёр улсын харилцааны асуудлаар:

-Эдийн засаг, эрчим хүчний салбарт хоёр улсын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцжээ.

Олон улс, бүс нутгийн чанартай асуудлаар:

-Хар тэнгист аюулгүй байдлыг хангах асуудлыг хөндөж, санал бодлоо илэн далангүй илэрхийлэв. Түүнчлэн, Ойрхи Дорнод, Улаан тэнгисийн бүс нутгийн байдлыг хөндөж ярилцжээ.

-Иран улс хэзээ ч Израилийг устгах байр суурьтай байж болохгүй гэдэгт хоёр удирдагч санал нэгдсэн байна.

Талуудын байр суурийг ерөнхийлбөл, хямралтай бүс нутгийн нөхцөл байдлыг тогтворжуулах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, дэлхийн аюулгүй байдлын асуудлаар хамтын ажиллагаа өрнүүлэх зэрэг асуудлыг цогц, сууриар нь цэгцлэх боломжтой асуудлуудыг шийдэхийн тулд хоёр талаас хүчин чармайлт гаргаж ажиллахаар болж, энэ нь ОХУ-АНУ-ын харилцааг сайжруулахад нөлөөлнө гэж үзсэн байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.184
    3 цагийн өмнө

    Диполмат жижүүрийн яриа болж дээ

    Хариулах