-“Ямар ард түмэн байна, тийм төр байдаг”-
Xүний хөгжил өндөртэй гаднын улс оронд энэ ойлголт ижил ч асуудалд хандах хандлага нь арай өөр. Манайд Парламентын гишүүд нь бид хариуцлагагүй, худалч ард түмний төлөөлөл гэж алдаагаа хаацайлдаг бол тэнд төрийн албан хаагчид нь өөрсдийгөө ард түмнээ сахилга хариуцлага, ёс зүй, хүнлэг чанарт уриалах амьд жишээ, үлгэр дууриалал гэж хатуу ойлгосон байдаг. Ард түмний дунд ч “Ийм байх ёстой” гэсэн ойлголт бат суусан учир буруу үлгэр дуурайлал үзүүлсэн, алдаа гаргасан улстөрч уучлалт хүсээд огцордог. Өнгөц харахад хүн болгоны хийчихдэг, манай хэмжүүрээр бол жижиг мэт боловч үнэндээ маш том алдаанууд юм. Тэгэхээр, монголчууд “Ямар ард түмэн байна...” гэдэг үгийг “Ард иргэд зарчимч байж, төлөөлөл нь зарчимч байх юм байна” гэж хүлээж авдаг нь бидний хамгийн том алдаа бололтой. Гарчиг дээр шалихгүй гэдэг үгийг утга шилжүүлэн хашилтад хийсэн нь ийм учиртай. Монголд төрийн албан хаагчид түмний нэг гэдгээрээ түрүү барин барьцдаг, өөр түвшний улсад ард түмэн нь улстөрч, элит хэсгийнхээ үйлдлээс үлгэр аван ёс зүйн хэм хэмжээгээ тогтоон барьдаг ажээ. Ялгааг тольдоно уу.
Чуулганаас хэдэн минут хоцроод огцрох өргөдлөө өгсөн сайдын түүх
Британийн Лордуудын танхимын гишүүн, Олон улсын хөгжлийн сайд Майкл Бейтс 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Парламентын хуралдаанаас хэдэн минут хоцорчээ. Лорд үүндээ маш ихээр харамсан уучлалт гуйж, огцрох хүсэлтээ өгсөн юм. “Хэдхэн минут” бол сахилга батын зөрчил, огцрох шийтгэл хүлээх хангалттай үндэслэл мөн” гэсэн итгэл үнэмшил түүнд байв. Тэрээр огцрох мэдэгдэлдээ “Би бүхэл бүтэн таван жилийн турш Засгийн газрыг төлөөлөн Парламентын асуултад хариулж ирсэн. Энэ хугацаанд “Бид илүү их хүндлэл, эелдэг байдлыг бий болгож мөрдөж хэвших ёстой юм байна” гэж боддог байлаа. Байх ёстой газартаа цаг тухайд нь байж чадаагүйдээ би аймшигтай их ичиж байна. Тиймээс огцрох хүсэлтээ гаргаж байна. Уучлаарай” хэмээн бичсэн байсан юм. Түүний хүсэлтийг Ерөнхий сайд Тереза Мэй хүлээж авахаас татгалзсан.
Худал хэлээд огцорсон Гадаад хэргийн сайдын түүх
Голландын Гадаад харилцааны сайд Халбе Зейлстра худал хэлснийхээ төлөө өнгөрсөн оны хоёрдугаар сард огцорчээ. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж байсан хэмээн худал хэлсэн нь огцрох үндэслэл болсон байна. 2017 онд, сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тэрээр сонгогчдод “2006 онд “Shell” компанид ажиллаж байхдаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзсан. Тэр үед В.Путин хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудыг нөлөөний бүсдээ эргүүлэн авч, “Илүү том Орос” улсыг байгуулна гэж ярьж байсан” гэх зэргээр ярьж байсан аж. Гэвч үнэн хэрэгтээ тэрээр 2006 онд В.Путинтай уулзаж байгаагүй гэдгээ өөрөө хүлээснээр ОХУ-д албан ёсны айлчлал хийх байсан өдрөө огцрох өргөдлөө өгсөн юм. Голландын Гадаад харилцааны яам уг айлчлалыг цуцалсан байдаг.
Зайлшгүй нөхцөл байдалд ч байр сууриа хамгаалан огцорсон хотын дарга
Францын Сен-Бозий-де-Пютуа хотын дарга Мишель Иссер 2016 онд Мужийн парламентаас хотод нь 87 цагаач шилжүүлэн суурьшуулах шийдвэр гаргасныг хэрэгжүүлж чадахгүй гээд огцорчээ. “Жижиг хотын даргын ач холбогдол багатай шийдвэр мэт харагдаж байгаа ч энэ бол бодож гаргасан шийдвэр. Цагаачдын асуудал зөвхөн засаг захиргааны нэгжийн биш, улс орны хэмжээнд хүндрэл учруулж байна. Ийм асуудалд бид 87-хон цагаач гэж алмайралгүй нухацтай, өөрийн үзэл бодлоор хандах ёстой” гэж тэрээр хэлсэн байдаг. Ер нь улс төрийн соёлтой улс орны төрийн зүтгэлтнүүд асуудалд их бага гэлтгүй зарчимч байдлаар ханддагийн нэг илрэл нь энэ юм.
Увайгүй үгнийхээ төлөө огцорсон сайдын түүх
Японы Сэргээн босголт хариуцсан Сайд Масахиро Имамура 2011 оны газар хөдлөлт, цунамигийн гамшгийн үр дагаврыг арилгах, бүтээн байгуулалтын үйл явцтай танилцах үедээ “Энэ явдал Токиод биш зүүн хойд бүсэд болсон нь их юм” гэж хэлжээ. Гамшигт өртсөн хүмүүст хүндэтгэлгүй хандсаныхаа төлөө тэрээр ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорсон юм.
Эмзэг бүлгийнхнийг "Улны" гэж хэлээд огцорсон Монголын сайдын түүх
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл 2022 онд нэгэн хэвлэлийн хурлын үеэр амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур айл өрхийг “улны айл” гэж нэрлэсэн байдаг. Угтаа тэр өөрөө ч биш, яамных нь ажилтнууд ард түмнээ ингэж доромжилж байсан байдаг. Сайд харин тэрхүү эмзэг хэсгийн айл өрхийн нэг гишүүнийг үсчин болгож, ядуурлаас ангижруулна гэх агуулгатай илтгэл тавихдээ яамныхан нь тэдгээр өрхийг хэрхэн нэрлэдгийг илчлээд олны эгдүүцлийг хүргэсэн юм. Энд бичигдсэн хүмүүсээс ялгаайтай нь тэрбээр өөрөө огцроогүй. Түүний уг үйлдэл, үг, агуулгыг хүмүүс шүүмжилж, "улны сайд огцор" гэх цахим акц ч өрнүүлсэнд тахимын тэргүүн нь огцруулах захирамжийг гаргасан байдаг.
Бас нэг увайгүй япон сайдын түүх
Японы Батлан хамгаалахын Сайд Томоми Инада НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Японы цэргүүдийн нөхцөл байдлыг Парламентдаа өөрөөр танилцуулж, шийдвэр гаргалтад нөлөөлсөн гэсэн шалтгаанаар огцорчээ. Тэрээр олон нийтийн дунд тарсан энэ асуудалтай холбоотой цуурхлыг зогсоохыг хүсч, улсаас авсан цалингаа эргүүлэн өгч байв.
Хуурамч дипломтой нь илчлэгдээд огцорсон Ерөнхий сайдын түүх
Молдавын Ерөнхий сайд Кирилл Габуричийн дээд боловсролын диплом хуурамч болох нь 2015 оны зургадугаар сард илчлэгджээ. Хэвлэлд энэ талаар биччихсэн аж. Кирилл Габурич ч огцрох өргөдлөө өгсөн байна. Румынээс гадна орос, англи, францаар ярьдаг, гитар тоглодог, авто уралдаанаар мэргэжлийн түвшинд хичээллэн тэмцээн уралдаанд оролцдог алт шиг чадвар нь ёс зүйн шалгалтад бүдэрсэн нь тэр байв.
Ажил бүхнээс чухал гээд огцорсон төлөөлөгчдийн танхимын гишүүний түүх
АНУ-ын Төлөөлөгчийн танхимын гишүүн Патрик Миан бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсоныхоо дараа албан тушаалаасаа саналаараа огцорсон. Тэрээр албан тушаалаасаа огцролгүй шалгуулах боломжтой байсан ч энэ явцад ажил нь цалгардана гэж үзсэн тул огцорсон байдаг. Тэрээр огцрох мэдэгдэлдээ “Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байгаа ч хамтран зүтгэгчдээ шалгалтын явцад чирэгдүүлж ажил, үүргээ гүйцэтгэх боломжийг нь хорьж болохгүй” гэж бичсэн байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна