Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.07.04) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт 2021 онд нэмэлт оруулсан байдаг бөгөөд суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглохоор хуульчилжээ.
Ингэхдээ усны сан бүхий газар түүний хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулаагүй үлдээснийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан танилцуулав.
Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг тусгах эрхтэй байдаг. Гэвч ашиглалтын үйл ажиллагаа явуулсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд үндэслэн цаашид хайгуулын болон олборлох үйл ажиллагаа явуулах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхийг нарийвчлан тодорхой хуульчлах шаардлагатай байгаа гэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “Иргэн эрүүл, аюулгүй, орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж хуульчилсан зохицуулалт бий. Энэхүү зохицуулалтын хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор хуулийн төсөлд дараах нэмэлт, өөрчлөлтийг тусгажээ. Тухайлбал, Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх үндэслэлийг тодорхойлох, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж буй талаар дүгнэлт гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой харилцааг нарийвчлан, тодорхой зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт явуулснаас эвдэрч, доройтсон газрын талаарх статистик мэдээлэл, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газраас хамгаалалтын бүстэй давхцалтай зөвшөөрөл болон энэ чиглэлээр авсан арга хэмжээний талаарх мэдээллийг тус тус авсан талаар хууль санаачлагч танилцуулгадаа дурдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна