БНСУ-д гурван өдрийн турш үргэлжилсэн аадар борооны улмаас дөрвөн хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болж, 5600 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа ажээ.
Тус улсын цаг уурын албаныхан улс даяар аадар бороо үргэлжлэн орохыг анхааруулсаар байна. Өмнөд Чунчон муж болон баруун өмнөд хэсгийн Гванжу зэрэг мужийн зарим хэсэгт хөрсний гулгалт үүссэн байна. БНСУ-ын Засгийн газрын гамшгаас хамгаалах агентлагийн мэдээлснээр одоогийн байдлаар борооны улмаас амиа алдсан хүмүүсийн олонх нь Өмнөд Чунчон мужид бүртгэгдсэн байна.
Ерөнхийлөгч Ли Жэ Мён их хэмжээний хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийн тулд "боломжтой бүх нөөц"-ийг дайчлахыг холбогдох яам, эрх баригчдад үүрэг болгожээ. Тус улсын хэмжээнд 247 сургууль үйл ажиллагаагаа түр зогсоож, онлайн хэлбэрт шилжсэн байна.
Өмнөд Солонгосын цаг уурын газраас өмнөд хэсгийн Гванжу, Пусан, Улсан хотод 100-200 мм бороо орох төлөвтэй байгаа бол зарим нутгаар 300 мм-ээс их бороо орох төлөвтэй байгааг анхааруулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна