ЯПОНЫ ҮЕР: Ерөнхий сайд Ш.Ишиба юуны түрүүнд өөрийнхөө амь насыг аврахыг иргэдэдээ уриаллаа

Zuv.mn
8 цаг 35 минутын өмнө

Японы өмнөд хэсэг үргэлжлэн орсон их устай аадар борооны улмаас үер болон хөрсний нуралтын гамшигт нэрвэгдээд байгаа билээ. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Ерөнхий сайд Шигэрү Ишиба гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн иргэдэд хандан юуны түрүүнд өөрийнхөө аюулгүй байдлыг анхаарч, амь насаа авран хамгаалахыг уриалжээ. 

Кюшю аралд голууд үерлэж байгаагийн сацуу уулархаг бүсэд хөрсний нуралт үүссэнээс зам харилцаа саатаад байгаа юм. Гамшгийн улмаас олон хүн сураггүй алга болсны зэрэгцээ гэмтэж бэртсэн тохиолдол ч ихсэж байгаа аж.

Хэдэн мянган иргэдийг эрсдэл өндөр бүсээс нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэдгээр иргэдэд туслах, цэвэр усаар хангах ажлыг армийн оролцоотойгоор зохион байгуулж байна. 

Аврагчид гэр бүлийнхнийгээ машиндаа үлдээж, өөрөө зам харахаар яваад сураггүй алга болсон эрэгтэйг эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байгаа бол Кумамото мужид өндөр настай эмэгтэй үерлэсэн гол руу машинтайгаа унаж осолдсон, гурван хүн үерлэсэн гол унаж алга болсон зэрэг харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байгаа юм байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.183
    6 цагийн өмнө

    Байгалийн гамшиг хэлж ирэхгүй тун хараисалтай бна.

    Хариулах