Боловсролын чанараар тэргүүлэгч улсууд ба Монгол

Х.Батсайхан
5 цаг 30 минутын өмнө

УИХ, Засгийн газар эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж буй энэ үед Боловсролын чанар, хүртээмж зарцуулж байгаа зардал мөнгөтэй салшгүй холбоотой байдаг. Манай улсын боловсролын салбарын төсвийг бусад улстай харьцуулсан нийтлэлийг хүргэж байна.

Хүний хөгжил хамгийн чухал...

Монгол Улс сүүлийн жилүүдэд Боловсролын тухай хуулийн агуулгыг удаа дараа шинэчилж, монгол хүн байх, ёс зүйтэй, хариуцлагатай иргэн болж төлөвших агуулгыг илүүтэй шингээж буй. Энэ маш зөв, цагаа олсон өөрчлөлт юм.

Машинд дайруулсан гурван настай хүүхдийн хажуугаар хэнэг ч үгүй өнгөрч яваа хятадуудын видео бичлэг хэдэн жилийн өмнө цацагдаж, дэлхий нийтийг цочирдуулж байсныг уншигчид мартаагүй байх. Дэлхийн хамгийн баян, хүчирхэг гүрэн болохоор тэмүүлж буй Хятад улсын сул тал ингэж ил гарч ирсэн. Түүнээс хойш хөгжингүй орнуудын зүгээс “БНХАУ үнэхээр дэлхийн гүрэн болох гэж байгаа л юм бол хүний хөгжилдөө илүү анхаарал хандуулах шаардлагатай” гэсэн шүүмжлэл гаргах болсон билээ.

Улс орныг бэртэгчин, амиа хичээгчдийн бөөгнөрөл биш, улс шиг улс болгодог зүйл нь хүний хөгжил, нэг үгээр хэлбэл боловсрол гэдэг нь эндээс харагдана. Тэгвэл улс орныг хөгжиж байгааг харуулдаг гол зүйл болох боловсролдоо улс орнууд хэчнээн хэмжээний хөрөнгө зардаг юм бол оо.

Боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалт эрт ба одоо...

Дэлхийн улс орнууд боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалтаа байнга өсгөж иржээ. Дэлхийн дунджаар, боловсролын салбарын зардал, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг графикаар харууллаа. 1970-2014 оныг хүртэл хамарсан уг графикаас харахад дэлхий нийт боловсролын салбартаа хийх хөрөнгө оруулалт (ДНБ-ий) 3.0-аас 4.88 хувь болтол өссөн нь харагдаж байна.

Харин Европын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудыг 2015 онд энэ үзүүлэлтээр дараах орнууд тэргүүлсэн байна. Уг мэдээллээс харахад Норвеги улс хамгийн өндөр буюу ДНБ-ийхээ 6.38 хувийг боловсролынхоо салбарт зориулдаг ажээ. Харин манай хойд хөрш 3.09 хувийг боловсролын салбартаа зарцуулдаг аж. Дэлхийн улс орнууд баян, ядуу янз бүр л байдаг. Эдийн засгийн чадамж нь харилцан адилгүй. Гэсэн ч дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3-6 орчим хувийг яаж ийгээд боловсролынхоо салбарт зарцуулж чаддаг нь эндээс харагдаж байна. Тэгвэл Монгол Улс энэ үзүүлэлтээр дэлхийн хаахна явна вэ.

Монгол Улсын боловсролын салбарын хөрөнгө оруулалт дэлхийтэй харьцуулахад...

Дэлхийн банкнаас танилцуулсан Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын салбарын 2017 оны тайланд “Монгол Улсын хувьд ДНБ-ийхээ 4.6 хувийг (ЮНЕСКО-гийн тайланд 2017 онд 4.1 хувь гэж тусгажээ) боловсролын салбарт зарцуулдаг нь бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт” хэмээн дурдсан байсан.

Сүүлд Боловсролын яамнаас гаргасан БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ 2024-2025 эмхэтгэлд “...санхүүжилтийг нэмэгдүүлж 2024 онд ДНБ-ий 5.7 хувьд хүргэлээ” гэжээ.

Гэвч манай боловсролын салбарын дэд бүтэц нь (Сургууль, цэцэрлэг) хүн амынхаа өсөлтөөс нэгэнт хоцорчихоод хойноос нь хөөж яваа тул зардлын ихэнх нь бүтээн байгуулалт, хувьсах зардалд явчихдаг. Хүн амын бүтэц нь харьцангуй залуу тул бага, дунд, дээд боловсрол эзэмших насныхан бусад улс оронтой харьцуулахад их хувь эзэлдэг онцлог бий.

Дээр өгүүлсэн Дэлхийн банкны тайланд энэ талаар “Зардлын ихэнх нь хувьсах зардалд хуваарилагдан, сурлагын үзүүлэлтэд илүү их нөлөө үзүүлдэг сургалтын хэрэглэгдэхүүн зэрэгт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ бүс нутагтаа доогуур байгаа юм” хэмээн онцолжээ.

Бусад улс орнууд бүх хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулчихаад ДНБ-ийхээ 4-6 хувийг сургалтын материаллаг баазаа бэхжүүлэхэд зарцуулдаг. Харин бид сургууль, цэцэрлэг барьж, багш нарын цалин, сургуулийн халаалт, цахилгаан төлбөрт хамаг мөнгөө зардаг гэсэн үг. Гадаад улсын цэцэрлэгийн хүүхдүүд төрөл бүрийн тоглоомоор тоглож нааддаг байхад Монголын цэцэрлэгийн хүүхдүүд өдөржингөө зурагт үзэж суудаг, хүүхдэдээ тоглоом бариулаад ангид нь оруулсан эцэг эхэд “Ангид битгий тоглоомтой оруул, булаацалдаж зодолдоно” хэмээн хориглодог нь гашуун ч гэсэн үнэн.

Боловсролын салбар живж байгаа хөлөг онгоцтой зүйрлэхээр байна

Манай улсын боловсролын салбарт зарцуулж буй хөрөнгийн ихэнх нь барилга байшин, урсгал зардалд зарцуулагдаж, хэрэглэгдэхүүн, материаллаг хангамжинд зарах хөрөнгө бага байдаг нь гашуун боловч үнэн. Гэхдээ боловсролын түвшин нь улс орны эдийн засгаас шалтгаалдаггүй, сурагчийн сурлагын амжилт өрх гэрийн орлогоос хамаардаггүй гэсэн сайхан дүгнэлт, амьд жишээ бас байна. Вьетнам хүүхдүүд сурах чадвараараа Ази төдийгүй Европын өндөр хөгжилтэй улсуудаас хамаагүй давуу гэдгийг “Вьетнам, Хятад (Бээжин, Шанхай, Зянсу, Гуандун мужууд) улсын ядуу өрхөөс гаралтай сурагчид математик болон шинжлэх ухааны хичээлийн аль алинд нь ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дундаж сурагчийн сурлагын амжилттай харьцуулахад ижил түвшинд эсвэл илүү сайн суралцаж байна” гээд судлаад харьцуулчихсан л байх жишээтэй.

Манай улсын хувьд сургууль цэцэрлэг хангалтгүй байдлыг бодолцвол багш нар нь 40-50 хүүхэдтэй зууралдсан өнөөгийн нөхцөлд сурлагын чанараар дэлхийд битгий хэл тивдээ ч үнэлэгдэхэд бараг хол.

Гэвч Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас олон улсын шинжлэх ухааны тэргүүлэх байгууллагуудтай консорциум, үндэсний төвүүдийн оролцоотойгоор гурван жил тутамд зохион байгуулдаг Сурагчийн олон улсын үнэлгээний хөтөлбөр PISA-д Монгол Улс одоогийн байдлаар 45 дугаарт эрэмбэлэгдэж байна. Үүнийг бараг тулсан дээд үзүүлэлт гээд хэлчихэд болно.

Шинэчилсэн үнэлгээ 2025 онд гарна. Улс орнууд гурван жилд боловсролын салбарт хийсэн ажилдаа дүнгээ тавиулна. 

Харин хүн амын өсөлт нь бүтээн байгуулалтаасаа хоцорсон манай улсын тухайд, 2028, цаашлаад  2031 оны чансаагаа дээшлүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг ч урсгал зардлыг ч нэмэх шаардлагатай тулгархаад байна. 

2024 оны сонгуулийн дараа байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төсвийн бодлогод нэг шинэчлэлт хийсэн нь, авлигажсан төсөв буюу он дамнуулсан бүтээн байгуулалттай эрс тэмцсэн. Яг энэ зорилтын хүрээнд 2025 оны төсвийг батлахдаа боловсролын салбарт нэг ч шинэ сургууль, цэцэрлэг оруулаагүй, өмнө эхэлсэн барилгуудыг дуусгах зорилт тавьсан. Харин 2025 онд дорвитой ажил хийж, олон сургууль барих амлалт өгсөн. Тиймээс салбарын хөрөнгө оруулалтыг ч, урсгал зардлыг ч нэмэгдүүлэх ёстой.   

PISA үнэлгээ /2022/





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна