-Үндсэн хуулийн цэцийн тогтоосон "Үндсэн хуулийн бус жишиг" бусдад халдварлах вий-
“Үндсэн хуулийн эцэг” гэгддэг нэрт хуульч Б.Чимид нэгэнтээ “Үндсэн хуулийн дээр нэг л юм бий. Тэр нь “Хөх тэнгэр биш, Үндсэн хууль өөрөө” гэж хэлж байжээ. Нэг талаараа төрийн бүх шатны байгууллагын шийдвэрийг няцаах эрх мэдэлтэй гэдэг утгаар хэлсэн байж болох ч нөгөө талаар “Үндсэн хуулийн цэц шийдвэрээ нэгэнт гаргасан л бол яаж ч заргалдаад нэмэргүй” гэх манипуляци ч байж мэдэх “Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэсэн хэлц үгийг Б.Чимид агсан “Өдрийн сонин”-ы 2010 оны нэгдүгээр сарын 12-ны дугаарт өгсөн ярилцлагадаа залруулсан нь энэ.
Ухаант буурал энэ үгээрээ Үндсэн хуулийн манаач гэгддэг Үндсэн хуулийн цэц ч буруу шийдвэр гаргах магадлалтай, тиймээс сэрэмжтэй байгаарай, тийм тохиолдол гарвал Үндсэн хуулиа барьж итгэлтэй байгаарай гэх санааг илэрхийлсэн. Үндсэн хууль, бусад хуульд ч энэ сэрэмжлүүлэг байдаг бөгөөд энэ нь ҮХЦ эцсийн шийдвэрээ тодорхой шат дараалалтай, УИХ-ын оролцоог хангаж гаргахаар хуульчилснаас харагддаг юм.
Тэгвэл Б.Чимид агсны энэ анхааруулга яг одоо амьдрал дээр батлагдаад байна.
Үндсэн хуулийн цэц энэ сарын 22-ны өдөр хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолыг “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гаргасан.
ҮХЦ-ийн үйл ажиллагааны хүрээ, эрх, үүрэгийг тодорхойлж зохицуулсан Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх журмын тухай гэсэн гурван хуульд бүгдэд нь ҮХЦ дүгнэлт гаргасан бол УИХ-д заавал хүргүүлнэ гэж заасан. Дүгнэлтийг нь УИХ хүлээж аваагүй тохиолдолд ҮХЦ асуудлыг эхнээс нь дахиж хэлэлцээд, дүгнэлтээ тогтоол болгож гаргаснаар эцсийн шийдвэр болдог ёстой.
Гэтэл Үндсэн хуулиар даалгасан, бүх дүгнэлтийг УИХ руу явуулах процессыг Үндсэн хуулийн цэц зүгээр л 08 дугаар дүгнэлт дотроо “Үндсэн хуулийн цэц үндсэн хуулийг сахиулах баталгаа болсны хувьд, түүний их суудлын хуралдаанаас Үндсэн хуулийн талаар гарсан бүх шийдвэр эцсийнх байна. Иймээс Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хууль нийцээгүй тухай энэхүү дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр бөгөөд УИХ энэ талаар хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахгүй” гэж бичээд алгасчихсан.
Ингэснээрээ хуульд заасан процессыг алгасах маш хортой жишгийг бий болгож байна.
Энд ҮХЦ Ерөнхий сайдыг Үндсэн хууль зөрчиж огцруулсан гэж дүгнэснийг буруу гээгүй бөгөөд гагцхүү тэрхүү дүгнэлтээ эцсийн шийдвэр болгож албажуулах процесс нь Үндсэн хууль, бусад хуулийг ноцтой зөрчиж байгаа нь огт давтагдаж болохгүй жишиг учраас л ҮХЦ дүгнэлтээ заавал УИХ-д хүргүүлж хууль ёсны дагуу тогтоол буюу эцсийн шийдвэрээ гаргах ёстой гэж байгаа юм.
УИХ хууль батлах нь манай бүрэн эрх гээд шууд баталчихдаггүй, Засгийн газар буюу яамдаас заавал санал авдагтай л ялгаагүй процесс юм. Хэрвээ энэ жишиг халдварлавал шуудхан хэлэхэд Монгол Улс хяналтгүй болно.
ҮХЦ бол нэг талаараа маш ерөнхий хууль. Тийм ч учраас хамгийн шилдэг, мэргэшсэн хуульчдыг ҮХЦ-д илгээдэг.
ҮХЦ есөн гишүүнтэй. Энэ есөн хүн гаднын нөлөөлөлд орохгүй, хуулийг буруу тайлбарлахгүй гэсэн баталгаа байхгүй. Тухайлбал, гомдлыг шалгасан О.Мөнхсайхан гишүүн “ҮХЦ Үндсэн хуулийг чандлан сахих баталгаа болохын хувьд албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гарсан ҮХЦ-ийн шийдвэр эцсийн байна. Албаны тушаалтны талаар гарсан ҮХЦ-ийн дүгнэлт УИХ-д хянагдахгүй.” гэсэн утгатай тайлбар хийсэн.
Үндсэн хуулийн шийдвэр нь магадлал, дүгнэлт хэлбэрээр гардаг бөгөөд дүгнэлтийг заавал УИХ-д хүргүүлдэг. Улмаар дээр дурдсан процесс явсны дараа л ҮХЦ албан тушаалтан хууль зөрчсөн асуудлаар тогтоол гаргадаг гэдгийг ҮХЦ-ийн тухай хуулийн 8.2-т маш тодорхой заасан байх жишээтэй.
Тэгэхээр, ҮХЦ-ийн 08 дугаар дүгнэлт дотор байгаа “Нэгтгэн дүгнэхэд” гэсэн хэсэгт бичигдсэн “Үндсэн хуулийн цэц үндсэн хуулийг сахиулах баталгаа болсны хувьд, түүний их суудлын хуралдаанаас Үндсэн хуулийн талаар гарсан бүх шийдвэр эцсийнх байна. Иймээс Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хууль нийцээгүй тухай энэхүү дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр бөгөөд УИХ энэ талаар хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахгүй” гэсэн нь хуульд заасан процессыг алгасаж, эрх хэмжээгээ хэтрүүлсэн шинжтэй гэж дүгнэх үндэслэл байна.
ҮХЦ-ийн хуралдаан зарлахдаа ашигласан хуулийн заалт /Онц болон дайны байдал зарласан үеийн горимоор/, шүүх хурлын үеэр хариуцагч тал эрх ашгаа хамгаалах боломжийг олгоогүй, энэ асуудлаар хүсэлт тавихад хүлээж аваагүй. Ард нь хүний хувь заяатай холбоотой асуудал, цаашлаад улс орон эмх замбараагүй /Төрийн байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах ажиллагаандаа талуудын оролцоог хангах хууль ёсны процесс алдагдсанаар/ байдал үүсгэж болзошгүй учир болгоомжлол төрүүлж байна.
Холбогдох хуулийн заалтуудыг дор бичив.
Тухайлбал, МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 66 ДУГААР ЗҮЙЛИЙН:
2.Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:
1/хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
2/ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
…3.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН:
1. Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
НАЙМДУГААР ЗҮЙЛИЙН:
1.Цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох хувьдаа Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхээ энэ зүйлд заасан маргаантай асуудлаар дүгнэлт гарган, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлыг дахин хянан үзэх замаар хэрэгжүүлнэ.
2.Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана
/Үндсэн хуулийн 66.3 Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх/
3.Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулна:
1/Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх;
2/Улсын Их Хурлын дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх;
3/Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх;
4/Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;
5/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байгаа эсэх.
6/Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байгаа эсэх.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН 30 ДУГААР ЗҮЙЛИЙН:
1.Маргааныг дараахь үндэслэлээр хуралдаанд бэлтгэх шатнаас эхлэн дахин хянан шийдвэрлэнэ:
1/Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй;
2/урьд шийдвэрлэсэн маргааныг дахин хянан шийдвэрлэх талаар Цэцийн гишүүдийн олонхи санал гаргасан;
3/шинэ нөхцөл байдал илэрсэн.
2.Цэцийн дарга маргааныг дахин хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргана.
3.Маргааныг дахин хянан шийдвэрлэхэд энэ хуульд заасан журмыг баримтлах бөгөөд харин уг маргааныг урьд нь шалгасан Цэцийн гишүүн дахин шалгаж болохгүй.
31 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН:
1.Цэцийн шийдвэр нь ДҮГНЭЛТ, ТОГТООЛ, МАГАДЛАЛ гэсэн хэлбэртэй байна.
2.Цэц энэ хуулийн 1З дугаар зүйлийн 1, 2, З дахь хэсэгт заасан маргааныг хянан шийдвэрлэж дүгнэлт; мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан маргааныг дахин хянан шийдвэрлэж тогтоол; энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан маргаан болон дунд, их суудлын бүрэлдэхүүнтэй хуралдааны явцад шийдвэрлэсэн асуудлаар магадлал гаргана.
13 ДУГААР ЗҮЙЛИЙН:
1.Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ:
1/Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр;
/Энэ заалтад 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2/Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр;
3/Засгийн газрын шийдвэр;
4/Монгол Улсын олон улсын гэрээ;
5/ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр.
2.Цэц дор дурдсан албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргана:
1/Монгол Улсын Ерөнхийлөгч;
2/Улсын Их Хурлын дарга;
3/Улсын Их Хурлын гишүүн;
4/Ерөнхий сайд;
5/Засгийн газрын гишүүн;
6/Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч;
7/Улсын ерөнхий прокурор.
З. Цэц дор дурдсан албан тушаалтнуудыг огцруулах болон эгүүлэн татах, Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцсан гэх үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргана:
1/Монгол улсын ерөнхийлөгч
2/Улсын Их Хурлын дарга;
3/Ерөнхий сайд;
4/Улсын Их Хурлын гишүүн.
36 ДУГААР ЗҮЙЛИЙН:
1. Цэцийн шийдвэрийг Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Хууль зүйн яам, маргагч талуудад тус тус хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор; хэрэв Улсын Их Хурлын чуулганы чөлөөт цагт гаргасан бөгөөд тэр нь онц болон, дайны байдал зарласнаас бусад асуудлаар гарсан бол Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
3.Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож ТОГТООЛ гаргана.
4.Цэцийн ЭЦСИЙН ШИЙДВЭРЭЭР Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн ТОГТООЛ гармагц хүчингүй болно гэсэн байна.
Энд ҮХЦ дунд, дээд, бага суудлын хуралданаас эс хамаараад дүгнэлт л гаргадаг бөгөөд эцсийн шийдвэр гэдгийг ҮХЦ өөрөө тодорхойлохгүй. Тэр тусмаа дүгнэлт дотроо энэ эцсийнх шүү гэж бичээд болчихдоггүй, ҮХЦ-ийн эцсийн шийдвэр нь ТОГТООЛ бөгөөд эхлээд дүгнэлт хэлбэрээр гарч, УИХ-аар дамжиж, тодорхой процесс зайлшгүй явагдаж байж ТОГТООЛ буюу эцсийн шийдвэр болдгийг маш тодорхой заажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.160
ҮХ-ийн заалтуудыг умшаад ойлгохгүй хүмүүсийг ҮХЦ-ийн гишүүнээр яагаад энэ мэтээр сонгоод явдаг юм бол оо??? Мөнч аймаар үйл ажиллагаа явуулсан байна даа... Одоо эднүүсийн хугацаа дуусах нь ойртоод яасанч яадаг юм гэх бодлоор Улс орны дотоод ажил Засаг төрийг бусниулах болжээ. ҮХЦ ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцоруулж зайлуулчээ!!!
Хариулах