УИХ-ын Намрын Чуулган завсарлаж, гишүүд тус, тусын тойрогтоо ажиллаж байгаа билээ. Хуваарь ёсоор бол завсарлага 70 гаруй хоног үргэлжилж, гуравдугаар сарын 15-нд Хаврын чуулган эхэлнэ. Гэвч улс орны нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралд тулгарсан саад бэрхшээл, татварын дарамтыг багасгахын тулд Ээлжит бус Чуулган зарлах зайлшгүй шаардлага, шалтгаан байна.
Шалтгаан 1. “Аргалсан” шийдлүүд тараа таниулж байна
УИХ, Засгийн газар ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр багш нарын цалинг 50 хувь, эмч нарын цалинг 30 хувиар нэмэх шийдвэрийг хэл амтайхан гаргасан. Ингэхдээ багш нарт олгох цалин хөлсний бодлогыг өөрчилж, үндсэн цалин бага, хийсэн ажлын үр дүнгээс шалтгаалж олгодог урамшуулал их байсны байрыг сольж, үндсэн цалин өндөр, урамшуулал бага байхаар тогтоосон байдаг. Тодруулбал, нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг арга хэрэглэсэн. Он гарч, эхний цалингаа авсан багш нар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж эхэлсэн. Сэтгэл дундуур байдал нь хаврын улс төр болж босож ирэх магадлал бий. Зөвхөн багш нарын тухайд ийм байна. Гэтэл багш нар бол иргэдийн нэг л хэсэг. Цалингаа нэмүүлсэн мөртлөө ийм байр суурь илэрхийлээд эхэлсэн гэхээр бусад нь ямар байгаа нь ойлгомжтой.
Шалтгаан 2. Инфляци Татварын шинэчлэлийг яаравчлуулж байна
ҮСХ-ны судалгаагаар 2025 оны арванхоёрдугаар сард инфляци 7.5 хувьтай гарсан. Үндсэндээ нийгмийн эмзэг хэсэг болсон тэтгэврийнхний 2026 оны нэмэгдэл байхгүй болчихлоо.
Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн яригдсан Татварын багц хуулийн шинэчлэлийг цаг алдалгүй хэлэлцэж, Хаврын Чуулганы эхэнд батлах шаардлага үүсээд байна.
Ингэхдээ Засгийн газрын өргөн барьсан хэлбэрээр буюу зорилтот хэсгийн ачааг бусдад нь нэмж үүрүүлэх биш, нийтэд нь хасаж, төр өөрөө ч үүрэх ёстой ачаагаа үүрэх хувилбар руу орохгүй бол хэсэг хугацааны дараа илүү хүнд байдалд орж мэдэхээр байгаа.
Тодруулбал, Засгийн газраас өргөн барьсан төслөөр бол НӨАТ төлөгчийн босгыг өндөрсгөх, бага орлоготой хэсгийн татварыг багасгаж, өндөр орлоготой хэсгээс авах, НӨАТ-ын буцаалтыг бага орлоготой хэсэгт их байхаар босго тогтоох зэрэг заалтууд туссан. Үүнийг өөрчилж, орлогын албан татвар, НӨАТ, НӨАТ-ын буцаалт зэргийг жигд бууруулж урт настай хууль хийх шаардлага байгаа бөгөөд үүнийг хэлэлцэхэд хугацаа хэрэгтэй.
Зөвхөн Засгийн газрын өргөн барьсан хэлбэрээр батлагдахад л 2 их наяд төгрөгийг бага, дунд орлоготой хэсэгт үлдээх энэ хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэх асуудлыг Намрын чуулганы сүүлийн хуралдаанаар хэлэлцсэн ч гишүүд дэмжээгүй. Өөрөөр хэлбэл, дээр өгүүлсэнчлэн илүү нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн.
Асуудлыг хэлэлцэх үеэр Адчилсан намын төлөөлөл Х.Тэмүүжин “Засгийн газар УИХ-ыг юу гэж хардгийг л харуулж байна л даа. Жил яригдсан хууль юм бол яагаад өнөөдөр гэнэт оруулж ирж байгаа юм бэ. Өмнө нь өргөн барих нь яасан юм. Танилцуулгаа өчигдөр тарааж өгөөд, өнөөдөр санал хураана гэнэ. УИХ-ыг Засгийн газрын Хуулийн хэлтэс гэж харж байгаа байхгүй юу. Суу гэхээр нь суудаг, бос гэхээр нь босдог. Үнэхээр л ард түмнийхээ нуруун дээр байгаа ачааг хөнгөлье гэж байгаа бол Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан орлогын албан татварыг нийтэд нь 5 хувь болгох хуулийн төсөл өргөн баригдаад жил болж байна. Одоо тэгээд гэнэт оруулж ирчихээд “Сөрөг хүчин ард түмэнд хэрэгтэй хуулийн төслийг эсэргүүцлээ гэж пи ар хийх гэж байгаа юм уу. Ийм гэнэн тэнэг байж болохгүй. Үнэхээр хэрэгтэй хууль юм бол ээлжит бус чуулган зарла, тэрийгээ одоо ярь” хэмээн хурцаар шүүмжилсэн.
Улмаар санал хураахад гишүүдийн олонх дэмжээгүй тул Төсвийн байнгын хороог хуралдуулж хэлэлцүүлэхээр болсон юм.
Асуудлын гол нь, Ардчилсан намын байр суурь татварыг нийтэд нь хөнгөлөх бол Засгийн газрын өргөн барьсан хуульд орлого багатай хэсгийн ачааллыг хөнгөлөх талаар туссан гэдгийг дээр өгүүлсэн. Тиймээс Ээлжит бус Чуулган яаралтай зарлаж, Хаврын чуулганы эхэнд батлаж байж Хаврын улс төрийг намжаахгүй бол асуудал хүндэрч мэдэхээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна