Оюутолгойн ХЭЛЭЛЦЭЭР: Дэлхийн банк эрхэм зорилгынхоо хүрээнд үгээ хэлэх цаг ирлээ

Х.Батсайхан
3 цаг 30 минутын өмнө

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр эрх ашгийг нь хөндөж буйтай холбоотойгоор хөрөнгө оруулагч талаас хариу үйлдэл үзүүлж байгаа болон цаашид ч үзүүлэх нь тодорхой талаар бид өчигдөр хөндсөн. Тэгвэл энэ удаад олон улсын банк санхүүгийн байгууллагууд, тэр тусмаа Дэлхийн банк Оюутолгойтой холбоотой асуудалд эрхэм зорилгоо санан, Монгол Улс, монголчуудыг хохироож байгаа асуудалд байр сууриа илэрхийлэх цаг болсон гэсэн агуулгыг хөндөж байна.

Монголд биелээгүй Дэлхийн банкны эрхэм зорилго

Ядуу, ядуурлаас гарахаар тэмцэж байгаа улс орнуудын гол түшиг тулгуур гэж өөрсдийгөө сурталчилдаг Дэлхийн банк нь 1944 онд байгуулагдсан бөгөөд санхүүгийн эх үүсвэр хомс байдлаасаа болоод ОУВС-гийнхаа голж үлдээсэн төлбөрийн чадвар муутай улсуудад зээл олгох болсон банк.

Түүнээс хойш ядуу, хөгжих гэж ядаж байгаа улсуудад санхүүжилт олгосоор имижээ болгож авсан. Дэлхийн банкны албан ёсны цахим хуудаст зочилбол хамгийн түрүүнд “Бидний эрхэм зорилго бол амьдрахад тохиромжтой гараг дээр туйлын ядуурлыг зогсоож, хамтын хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэх явдал юм” /Our mission is to end extreme poverty and boost shared prosperity on a livable planet/ гэсэн бичгийг олж харна. 


Энэ бол шууд утгаараа тус улс санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн улсдаа ядуурлыг бууруулж, хамтын хөгжил цэцэглэлтийг бий болгоход нь тусална гэсэн үг. Тэгвэл уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг хэт өндөр хүүтэй олгох замаар Монгол Улсыг хохироож буй Оюутолгой төсөлд Дэлхийн банкны оролцоо бий.

“Рио Тинто” групп нь “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтыг ил уурхайн орлогоос бүрдүүлэх ёстой байсан ч зээлээр санхүүжүүлэхээр болсон бөгөөд нэр бүхий таван олон улсын санхүүгийн байгууллага (Канадын экспорт хөгжлийн банк /Export Development Canada/, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /EBRD/, Дэлхийн банкны Олон Улсын Санхүүгийн Корпораци /"IFC"/, АНУ-ын Экспорт-Импортын Банк, Австралийн Экспортын Санхүүжилт, Даатгалын Корпораци /"Efic"/), 15 банкнаас (“BNP Paribas”, ANZ, ING, “Société Générale Corporate & Investment Banking”, “Sumitomo Mitsui”, “Standard Chartered Bank”, “Canadian Imperial Bank of Commerce”, “Crédit Agricole”, “Intesa Sanpaolo”, “National Australia Bank”, “Natixis”, HSBC, “The Bank of Tokyo-Mitsubishi UFJ”, “KfW IPEX-Bank”, “Nederlandse Financierings-Maatschappij voor Ontwikkelingslanden”) 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт 7.7 хувийн хүүтэйгээр татсан бөгөөд шаардлагатай тохиолдолд 1.6 тэрбум ам.долларыг нэмж зээлэх эрх нэмж авч, энэ эрхээ бүрэн эдэлсэн байдаг. Энэ зээлд Дэлхийн банкны нэг агентлаг болон Олон улсын санхүүгийн корпораци голлох үүрэгтэй оролцсон юм.

Харамсалтай нь, “Рио Тинто” нь 7.7 хувийн хүүтэй олж авсан энэ санхүүжилтээ “Оюутолгой” ХХК-д 11.3 хувийн хүүтэй дамжуулан зээлдсэнээс хүүгийн дарамт нэмэгдэж, анх 53 хувь байхаар тохирсон Монголын талд ногдох өгөөж 37 хувь хүртэл буурсан нөхцөл байдалтай байна.


Төслийн санхүүжилтийг өөр маягаар босгох боломж байсан ч одоо энэ талаар ярихад оройтсон. Тиймээс одоо байгаа 11.3 хувийн хүүг олон улсын жишигт хүртэл бууруулах тал дээр Дэлхийн банк байр сууриа илэрхийлэх цаг нь болсон.

2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар,

-“Рио Тинто”-гийн бонд /монголчуудыг анхнаасаа заль мэхээр мөлжихийг санаархаагүй байсан бол өөрсдөө бонд гаргаад санхүүжүүлчих ч боломжтой байсан гэсэн үг/ 5.15 хувь,

-Монголын нэр бүхий арилжааны банкуудаас “Оюутолгой” ХХК-д олгосон зээлийн хүү 5.8 хувь,

-Монгол Улсын Засгийн газар олон улсад гаргасан бондын хүү 6.5 хувь,

-“Рио Тинто” группээс “Онтрэ” ХХК-д олгохоор тохирсон зээлийн хүү 6.7 хувь байна.


Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж зээлсэн 6.1 тэрбум ам.долларын зээлийн үлдэгдэл 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар 18.7 тэрбум ам.доллар байгаа бөгөөд цаашид 11.3 хувийн хүү хэвээр үргэлжилбэл 6.1 тэрбум ам.доллар дээр 25.1 тэрбум ам.доллар /үндсэн зээл 6.1, хүү 19.1 тэрбум ам.доллар/ төлөх юм. 

Эцэст нь дурьдахад, Оюутолгой бол Дэлхийн банкны санхүүжүүлсэн төслүүд тухайн улс орондоо ядуурлыг бууруулах биш, эсрэгээрээ нэмж, хохироож байгаа эхний жишээ биш юм. Өмнө нь ийм олон жишээ гарч байсан бөгөөд иргэний нийгмийн зүгээс газрын тос, байгалийн хий, уул уурхайн салбарт банкны оролцоог удаан хугацаанд шүүмжилсний дүнд Дэлхийн банк нь 2001 оны долдугаар сард Олборлох үйлдвэрлэлийн тоймыг Эмил Салим (Индонезийн Байгаль орчны сайд асан)-аар удирдуулан явуулсан бөгөөд 2004 оны нэгдүгээр сард гаргасан эцсийн тайландаа "...Уул уурхайн төслүүд ядуурлыг бууруулдаггүй" гэж дүгнэж, энэ салбар дахь оролцоогоо зогсоохыг Дэлхийн банкинд зөвлөсөн байдаг. Гэсэн ч уул уурхайн төсөл санхүүжүүлсэн хэвээр байгаа бөгөөд хамгийн сүүлд Kasiya бал чулууны төсөлд оролцохоор болсон байна. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна