УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Пүрэвдорж нарын 4 гишүүний өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хуурамч шатахууны тухай ойлголт нь 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшийг 520 мянган төгрөг болгон тогтоосон үеэс эхтэй хэмээн Б.Пүрэвдорж гишүүн танилцуулгынхаа эхэнд дурдсан. Тодруулбал, өмнө нь жилд дунджаар 20-30 мянган тонныг импортолдог байснаа 2016 онд огцом нэмэгдэж 100 мянган тонн, 2017 онд 150 мянган тонн, улмаар 200 мянга орчим тоннд хүрчээ. Шатахууныг хуурамчаар үйлдвэрлэхэд ашигладаг завсрын бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямарваа нэгэн онцгой татвар тусгай зөвшөөрөл шаарддаггүй болохыг тодруулаад, энэ нь ямар нэг эрх зүйн зохицуулалтгүй байдгийн үр дагавар хэмээн үзэж байгаагаа танилцуулгад дурдсан.
Өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй тонн хуурамч шатахууны хольц бүтээгдэхүүн хадгалагдаж байгааг, тухайн бодисуудыг хольж хуурамч шатахуун болгоод зах зээлд нийлүүлснээр өндөр ашиг олдог атлаа улсад огт татвар төлөхгүй байгааг төсөл санаачлагч хэлсэн.
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.
Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулсанаар хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хязгаарлаж иргэдийг чанартай шатахуун хэрэглэх боломжоор хангах, мөн татварын бааз суурийг өргөжүүлэх зорилгоор боловсруулсан тус хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Х.Баасанжаргал нар асуулт асууж, Б.Пүрэвдорж гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм.
Хуурамч шатахуун хэмээн нэрлэгдээд буй химийн нэгдлийн нөлөөллийн талаарх мэргэжлийн байгууллагаас тодруулсан гишүүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай хариулахдаа “Монгол Улсад Евро-2, Евро-3, Евро-4, Евро-5 стандартын авто бензинийг хэрэглэх боломжтой. Евро-2 стандартын авто бензин нь 500 ppm, Евро-2 стандартын дизель түлш 2000 ppm хүхрийн хүчил агуулдаг. Евро-5 стандартын дизель түлш 10 ppm хүхрийн тоосонцор агуулдаг бол дайвар бүтээгдэхүүнүүдийг хольсон хуурамч гэгдэж буй шатахуун нь 5000-6000 ppm, үүнээс ч их хэмжээний хүхрийн тоосонцор агуулдаг учраас хүрээлэн буй орчин, хүний бие эрүүл мэндэд хортой гэж үздэг. Эдгээрийг дахин боловсруулахад маш өндөр хэмжээний зардал өртөгтэй байдаг учраас хямд үнээр борлуулдаг тул дотоодын зарим компани импортлон, хямд өртгөөр шаардлага хангахгүй бүтээгдэхүүн болгоод дизель түлш, авто бензиний үнээр зах зээлд худалдаалан өндөр ашиг олж байна. Энэ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортойгоос гадна эдийн засгийн агуулгаар татваргүй импортолдог учраас стандартад нийцсэн бүтээгдэхүүний өрсөлдөх боломжийг хязгаарлдаг” гэлээ. Үүний зэрэгцээ манай улсад газрын тосны бүтээгдэхүүнийг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр аж ахуйн нэгж байдгийг хэлэв.
Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буй эсэхээ илэрхийлж, үг хэлэх шаардлагагүй хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 103 гишүүний 60 нь буюу 58.3 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна