Д.Амарбаясгалан: "МАН, Н.Учрал эрх барьж байх үед явж байсан бүх том төслүүд зогсох ёстой" гэж шаардаж байгаа зарим улс төрийн нам асуудлыг "Дараа байдал эргэвэл гарах хүндрэл юу байх вэ" гэдэг талаас нь харах шаардлагатай

Zuv.mn
1 цаг 59 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалантай ярилцлаа. 

-Нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслүүдийг ээлж дараалан зогсоож байгааг та юу гэж харж байна вэ?

-Нийслэлийн төслийг зогсоож байна гэхээсээ илүү "Бүтээн байгуулалтын ажил нэгэнт эхэлсэнтэй холбогдуулаад хотын даргын зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барилга захиалагчтай холбоотой асуудлаар асуудлаа шийдээд явах нь зүйтэй" гэж Сангимйн яамтай ярилцсан юм байна. 

Харин гадаад зээллэгтэй холбоотой Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг зогсоохгүй, хугацаанд нь ашиглалтад оруулах үүднээс УИХ-аар яаралтай хэлэлцэхээр боллоо. 
Гол нь, нэгэнт авчихсан зээлийг ашиглах боломжийг УИХ олгохгүй байснаас болж тав, 10 жил ашиглагдахгүй, хүү төлөөд байж байдаг явдал байнга яригдаж ирсэн. Тиймээс энэ зээлүүдийг ашиглая гэдэг санаачилга гараад явж байгаа асуудал. Энд гагцхүү Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй буюу төсвөөс гадуурах явуулж болохгүй юм аа гэдэг асуудал яригддаг юм. Харамсалтай нь Засгийн газар УИХ-даа зөв ойлгуулж чадаагүйгээс ийм байдал үүсжээ. Тэгэхээр том төслүүдээ хугацаа алдалгүй ашиглалтад оруулах үүднээс гаргаж байгаа санаачилга гэдэг агуулгаар нь дэмжиж байгаа. 

-Таныг шалгаж байгаа хэрэг юу болсон бэ?

-Одоохондоо хариу авсан юм алга. 

-Та Парламентын асуудлыг хөндөж ярьдаг хүн. Сүүлийн үед УИХ-ын гишүүний тэтгэмжийг цуцлах асуудал яригдаж байна. Энэ юу болж байгаа бол. УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоогүй бол олгодог тэтгэмжийг хэлж байна?

-Намайг УИХ-ын даргаар ажиллаж байхад энэ асуудал хөндөгдөж, гишүүд хуулийн төсөл боловсруулж, хуульд өөрчлөлт оруулах санаачилга гарч байсан. Одоогоор ажил хэрэг болсон зүйлгүй байна. 
Анх гарч байсан санаачилгыг ажиглавал, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн гишүүн биш болоод хувийн хэвшил, зарим тохиолдолд гаднын хөрөнгө оруулалттай компанид орж ажиллаж байгаа нь зарим талаараа үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байдал үүсгэж болзошгүй гэж үздэг байна лээ. Тэр үүднээсээ үзэл баримтлал нь батлагдаж, УИХ-аар орж шийдэгдсэн байдаг юм байна. 
Гэхдээ энэ бас хоёр талтай асуудал. Нэг талаас, мэдээлэлд ойрхон байсан хүн гишүүн байхдаа олж авсан мэдээллээ шууд ашиглана гэж үзсэн тал байдаг. Нөгөө тал нь, гишүүн биш болчихсон хэр нь нэг жил цалин авч байна гэдэг олон нийтийн шүүмжлэл гараад байгаа юм. 

Ер нь бол бид Парламент гэж яг юу юм бэ, гишүүд нь ямар үүрэгтэй юм бэ гэдэг талаар сайн ярьж, олон нийтдээ ойлгуулж байх шаардлагатай. УИХ-ын гишүүн бол тойргийн, жагсаалтын төлөөллийн хувьд улс орны хөгжил, бодлогын төлөө саналаа өгч, ажиллах үүрэгтэй. Энэ хугацаандаа олж авсан мэдээлэл, туршлага Монгол төрийнх байх ёстой гэдэг бодлого цаана нь байдаг. Гэхдээ би энд УИХ-ын гишүүнээсээ буусан хүн заавал тэтгэмж авах ёстой гэж хэлэх гэсэнгүй. Олон нийтэд зөв ойлгуулж, зөв зүйтэй шийдвэрүүдийг гаргаж байх учиртай.

-Сүүлийн үед хэрэгжиж байгаа томоохон төслүүдийг Л.Оюун-Эрдэнэ, Л.Амарбаясгалан, Х.Нямбаатар гэдэг хамаарлаас нь нь болж улс төрийн шалтгаанаар зогсоож, ард иргэдийн эрх ашиг хохирч байгаа дүр зураг харагдах боллоо?

-Ер нь улс орны хөгжлийн гол хөшүүрэг нь томоохон төслүүдийн хэрэгжих үйл явц шүү дээ. Ялангуяа олон улсын нөхцөл байдал тийм таатай биш байгаа энэ үед дотооддоо том төслүүд хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засаг хүндрэлд орохгүй байх үндэс суурийг тавьж байдаг. Тэр том төслүүдийн хэрэгжилттэй холбоотой ажлын байр, цалин орлого, амьжиргааны асуудлууд хөндөгдөж байдаг. Тэр утгаараа томоохон төслүүдээ улстөржилгүйгээр хэрэгжүүлж чадвал улсад хэрэгтэй.

Нөгөө талдаа, ганц Х.Нямбаатар ч гэлтгүй, ер нь улсын хэмжээнд хэрэгжиж байгаа том төслүүдийг хардалт, сэрдэл ямагт дагаж байдаг. Тийм учраас хардалтгүй байх, шударга зарчмаар нь асуудлыг шийдвэрлэх, сонгон шалгаруулахдаа ил тод нээлттэй байх ёстой. Түүнээс биш, том бүтээн байгуулалт хийхгүйгээр улс хөгжинө гэсэн ойлголт байхгүй. Том төсөл хэрэгжүүлэхгүйгээр жижиг ААН-үүд тогтвортой үйл ажиллагаа явуулна гэсэн ойлголт бас байхгүй. Ажлын байр тогтвортой хадгалагдана гэдэг ойлголт бас байдаггүй шүү дээ. Эдгээр зүйлийг уялдаа холбоотойгоор бодох ёстой. 

"МАН, Н.Учрал эрх барьж байх үед явж байсан бүх том төслүүд зогсох ёстой" гэж шаардаж байгаа зарим улс төрийн нам, түүний гишүүд дараа байдал эргэвэл, өөр нам засгийн эрх авбал тэр үед гарах хүндрэл юу байх вэ гэдгийг олон талаас нь харж байх шаардлагатай. 

Парламентын гишүүнийг 126 гишүүнтэй болгосон нь, төрийн бодлого илүү тогтвортой явдаг. МАН, АН гэсэн хоёрхон нам ээлжилж засгийн эрх бариад, нэгнийхээ хийснийг үгүйсгэдэг байсан тэр цаг үеийг болиулаад олон намын оролцоотой парламент бий болдог, Засгийн газар нь намууд хамтарсан хэлбэрээр байгуулагдаж, гэрээ байгуулаад төрийн бодлогоо тогтвортой авч явдаг байя гэсэн зорилгоор л хийсэн өөрчлөлт шүү дээ. Энэ өөрчлөлт, энэ тогтолцооныхоо утга учрыг зөв амилуулж, эерэг үр дүнг төр, нийгэмд үзүүлэх нь энэ Парламентын чухал үүрэг гэж харж байна. 

-"Бодь"-иор угаасан мөнгө гэх мэт хэд, хэдэн асуудлаар сонсгол хийх асуудал яригдаж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Алийг нь дэмжиж гарын үсэг зурав. Танд ийм асуудал тавьж орж ирсэн хүн байна уу?

-УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль батлагдсанаараа аливаа эргэлзээтэй асуудлаар УИХ-ын түвшинд нээлттэй мэдээлэл хийх, олон нийтийн эргэлзээг тайлах хууль эрхзүйн орчин бүрдсэн. Энийг хийх нь УИХ-ын үүрэг. Гэхдээ яаж хийх вэ гэдэг нь тухайн улс төрчийн сонирхлоос хамаарч байгаа байдал ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, улс төржих үү эсвэл төрийн ажлын гацаа саадыг арилгах олон нийтийн буруу, дутуу олйголтыг тайлах уу гэдэг дээр ялгаатай яваад байгаа юм.    

 Миний мэдэж байгаагаар, энэ Хаврын чуулганаар зохион байгуулья гэсэн та орчим сонголын санаачилга гарч, УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулаад явж байгаа. Би бол одоогоор аль дээр нь ч гарын үсэг зураагүй байна. Надад ч хандаагүй. Миний хувийн байр суурь гэвэл УИХ Хяналтын сонсгол хийх ёстой, үүний зорилго нь олон нийтийн эргэлзээг тайлах, төрийн ажлын гацаа саадыг арилгах байх ёстой. Улс төрийн намууд юм уу, улстөрчид нэг, нэгнээсээ өшөө авах зорилготой хийгээд байвал олон нийтийн ойлголт улам л буруу чигт явдаг. Энийгээ дагаад УИХ-ын нэр хүнд унаж байдаг. Парламентын нэр хүнд унаснаараа Парламентын засаглал байх ёстой, үгүй гэдэг асуудал хүртэл яригддаг болчихоод байна. Тийм учраас гишүүд яг ажлаа хийгээд нийтийн сонирхлын төлөө энэ сонсголыг хийдэг байх хэрэгтэй байна. 

Ер нь олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн эргэлзээтэй асуудлаар сонсгол хийх нь олон улсын парламентын нийтлэг жишиг. Жишээ нь, Ж.Эпштейнтэй холбоотой Монголын улстөрчид, цаашдлаад Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой асуудал хөндөгдөж байж болзошгүй баримтуудыг А-ын Хууль зүйн яам гаргаж тавьсан. Энэ бол монголчуудын эрх ашиг, том эргэлзээ мөн. Тиймээс энэ асуудлаар бол сонсгол хийх нь зөв гэж харж байгаа. 

Ж.Эпштейнтэй холбоотой асуудал АНУ-д гарснаас хойш надад байгаа мэдээллээр дэлхийн 23 улсын Парламент энэ асуудлаар сонсгол хийж, олон нийтэд зөв ойлголт өгсөн.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна