Оюутолгойн ногдол ашгаар тэтгэврийн “Нэрийн данс”-аа мөнгөжүүлье

Х.Батсайхан
1 цаг 28 минутын өмнө

-Ахмадууд таван цаасны нэмэгдэл биш, бүр өв хөрөнгөтэй болно. Засгийн газар шаардлагатай гэвэл нэрийн данс эзэмшигчдээс хүүтэй зээлээд бүтээн байгуулалтаа хийнэ биз-

Н.Учралын Засгийн газар ирэх жилээс Оюутолгойгоос орж ирнэ гэж горьдож буй ногдол ашиг, Төрийн өмчийн компаниудын хувьчлал, хуримтлагдсан цэвэр ашгийг төсөвт татаж, нийгмийн дэд бүтцийн төсөлд зарцуулах тухай ихээр ярих боллоо.  

Түүнчлэн, дээрх мөнгөнөөс ахмад настнуудын тэтгэврийг нэмэх асуудлыг 2026 оны төсвийн тодотгол, 2027 төсвийн аль, алинд нь суулгаж “2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв хийлээ” гэж шүүмжлүүлж байна.

Ер нь бол нийгмийн дэд бүтцээ хийх, ахмадын тэтгэвэр нэмэх аль, аль нь л зайлшгүй хийх ёстой, амин чухал асуудал мөн. Гэхдээ яаж хийх вэ гэдэгт олон хувилбар бий.

Одоо Засгийн газрын дэвшүүлж байгаа хувилбараар бол ТӨК-иудын ногдол ашгийг төсөвт татаж, зарцуулах эрхийг нь ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдэд өгнө гэсэн. УИХ төсөв батлахыг хэлээд байгаа юм уу, УИХ-ын гишүүн тус бүрт “Гишүүний мөнгө” гэж өгөх гээд байгаа юм уу, маш ойлгомжгүй, тэр хэрээрээ хариуцлагагүй мэдэгдлийг Ерөнхий сайд Н.Учрал хийж, олон нийтийг эргэлзүүлсэн.

Хуулиараа бол ТӨК-иудын ашиг Баялгийн санд иргэдийн нэр дээр хуримтлагдаж, боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд бэлэн бусаар ашиглах боломжтой. Үүнийг өөрчилж, “Мөнгийг чинь төсөв рүү татлаа шүү, харин юу хийхийг нь та нар шийдээрэй” гэх гээд л байх шиг байгаа юм. Хэрвээ тийм бол ямар ч гоё сайхан үг хэрэглээд нэмэргүй л дээ.

Харин “Мөнгө чинь та нарын нэрийн дансанд ордгоороо орно. Гэхдээ улс та нараас хүүтэй зээлж аваад тэр мөнгөөр чинь юм хийе” гэвэл өөр хэрэг. Одоо байгаа тогтолцоо ер нь ийм шүү дээ.

Тэгэхээр, Ерөнхий сайдад Ардчилсан намын “Ард түмний мөнгийг хусах гэж байна” гэдэг шүүмжлэлийг ч тойрох нэг санаа хэлж өгье гэсэн юм.

Мөнгө бол байнга эргэлтэд орж, өсөж үржиж байх ёстой гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл тэр мөнгөөрөө одоо хийсвэр байгаа тэтгэврийн “Нэрийн данс”-аа мөнгөжүүлчихье.

 Нийгмийн даатгалын тогтолцоогоо эрс өөрчилж, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын, эс бөгөөс хуваарилалтын тогтолцоонд шилжих ажлаа давхар хийгээд явья.  

 Одоо л хийхгүй бол оройтно

 Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад, нийгмийн даатгалыг хэрэгжүүлэхдээ:   

  • Эв санааны нэгдлийн буюу орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоо  
  • Хагас хуримтлалын тогтолцоо  
  • Бүрэн хуримтлалын тогтолцоо гэсэн гурван зарчмыг баримталдаг.

Эв санааны нэгдлийн гэдэг нь орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоо. Энэ тогтоцооны үед залуу үеийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрт хуваарилдаг.

Бидний өвөө, эмээ одоо бидний төлж байгаа шимтгэлээр амьдарч, бид харин үр хүүхдийнхээ төлсөн шимтгэлээр амьдралаа залгуулна гэсэн үг.

Хагас хуримтлалын буюу хуримтлалын тогтолцоо нь даатгуулагчийн төлсөн шимтгэл нэрийн дансанд нь хуримтлагдаж байх бөгөөд захиран зарцуулах эрх нь даатгуулагчид өөрт нь байдаг.

Өөрөөр хэлбэл, насаараа хуримтлуулсан хөрөнгөө олон жил хувааж хүртэнэ үү, нэг мөсөн аваад үрж дуусгана уу, тухайн даатгуулагчийн эрх байдаг аж. Мэдээж, хагас хуримтлалын тогтолцооны үед бүх мөнгийг нь өгөхгүй тодорхой хэмжээ заана. Хэрвээ энэ тогтолцоонд шилжсэн тохиолдолд нэрийн дансан дахь мөнгө жинхэнэ утгаараа тухайн хүний хөрөнгө болж, ипотекийн зээлийн барьцаа болгох гэх мэт санаа бодитоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ. 

Монгол Улсын хувьд эхний буюу нийгмийн даатгалын орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоогоор явж байгаа. Өнөөдөр хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн шимтгэлээр ахмад настны тэтгэврийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа гэсэн үг. 

1999 онд манай улс нийгмийн даатгалын тогтолцоондоо шинэчлэл хийж “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг баталсан. Энэ хуульд 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын шимтгэлийг нэрийн дансанд төвлөрүүлэх, төвлөрүүлсэн мөнгөнд хүү тооцохоор зохицуулсан байдаг. Гэвч нэрийн данстай болсон ч гэсэн үзэл баримтлал нь хуваарилалалтын тогтолцоогоо хадгалж байгаа учраас бүрэн утгаар нь шинэчлэл хийсэн гэж үзэж болохгүй юм.

Яагаад гэвэл, даатгуулагч тэтгэвэрт гараагүй байхдаа юм уу, тэтгэвэрт гараад удаагүй байхдаа нас барлаа гэхэд нэрийн дансан дахь мөнгө нь тэтгэврийн сандаа үлдэнэ. Нэг, эсвэл таван жил тэтгэвэр аваад үлдээсэн хүний мөнгө нөгөө рүү шилжинэ л гэсэн үг.

Хүүхэд болоод ар гэрийнхэнд  нь өвлүүлэх, хөрөнгө оруулалтын эргэлтэд оруулах зэрэг зүйл заалт огт байхгүй. Нэрийн дансанд шилжинэ гэдэг тэтгэвэр тогтоох аргад л өөрчлөлт орсон гэсэн үг.

Нэрийн дансанд шилжсэн нь төр зөвхөн ирээдүйд үүсэх эрсдлээс өөрийгөө хамгаалж л байгаа болохоос иргэндээ илүү боломж олгож байгаа хэрэг биш гэдгийг энд хэлэх хэрэгтэй болов уу. Учир нь, Эв санааны нэгдлийн зарчим нь хөдөлмөрийн насны иргэд тэтгэврийн насны иргэдээсээ тооны хувьд их байсан тохиолдолд л ашигтай байдаг. 

Манай Улс харьцангуй залуу хүн амтай ч гэсэн ажлын байрны хангамж муу байгаа зэрэг шалтгаанаас үүдэн Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн баланс алдагдалтай гарч байгаа юм. Харьцаа нь нөгөө тал руу хэлбийгээд ирэхээр алдагдал улам л ихэснэ.

2030, цаашлаад 2040 он гэхэд тэтгэвэр авагчдын тоо эрс нэмэгдэж, улмаар нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх, тэтгэвэр, тэтгэмж буурах байдал харагдаж байгаа учраас нэрийн данстай болгосон гэж хэлж болох юм.

Тиймээс нэрийн данстай болгох нь ирээдүйд үүсэх эрсдэлийг багасгах нэг шийдэл мөн. Гэвч харамсалтай нь нэрийн дансаа мөнгөжүүлэх ажлыг төр хийгээгүй. 

Тэгвэл одоо хэдхэн жилийн дотор хийх боломж гарч байна.

Одоо нэрийн дансанд бичигдсэн байгаа хуримтлалыг шууд мөнгөжүүлнэ гэвэл мэдээж, боломжгүй.  

Харин эхний ээлжинд түрүүлж тэтгэвэрт гарч байгаа иргэдийнхээ дансыг мөнгөжүүлээд явах бололцоо бий. Тиймээс нэмэлтээр орж ирж байгаа орлогоо Баялгийн санд авдгаараа авъя, эс бол тэтгэврийн нэрийн дансаа мөнгөжүүлье.

Тэгээд тэр мөнгөөрөө хэрэгтэй, өгөөжтэй бүтээн байгуулалтаа хийж, хуримтлалд хүү тооцох хуулийн хэрэгжилтийг нь хангуулаад явъя. Нэг ёсондоо ард түмэн хэзээд мөнгөний эзэн хэвээрээ байх, төр тэр мөнгийг хүүтэй зээлж бүтээн байгуулалт хийх, хийх ажлаа олон улсын менежментийн компанид даатгаж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх ёстой.

Ноогдол ашгийг “Юу хийх вэ” гэж асуусан болоод төрд үүрлэж, төсөв цуслаад сурчихсан паразитуудын мэдэлд өгөхгүй. Мөнгө иргэн Дорж, Дондог, Дулмаагийн нэрийн дансанд байж л байна. Тэр мөнгийг төрийн сонгосон олон улсын менежментийн компани хөдөлгөж өгөөж бий болгоно гэсэн үг. Ингэвэл тэтгэвэр нэмэх гэж төсөвт ачаалал өгдөг байдал ч жилээс жилд буурч, залуусын нуруу бага, багаар тэнийнэ.     

Тэгэхгүй бол “Ногдол ашгаа шууд дансандаа авна шүү. Юун цахилгаан станц, та нараар тэгж тоглуулахгүй” гэж байгаа иргэдийнхээ эсэргүүцлийг дийлэхгүй. “Та нар өөрсдөө шийдсэн” зальдах гээд ч нэмэргүй, ер нь юу хийхийг ард түмнээр шийдүүлдэг практик хаана ч байдаггүй юм. Хамгийн их мэдээлэлтэйгээрээ төр л хаана, юу хийхээ шийддэг ёстой. Харин мөнгөө иргэдээсээ зээлж хийнэ.

Ногдол ашгийг шууд ямар ч хариуцлагагүй зарцуулагддаг төсөв гэдэг их сав руу хийхгүй, эхлээд нэрийн дансанд хийнэ, тэндээсээ менежментийн компанид шилжүүлнэ гэсэн үг.  

Өнөөдөр Монголчуудын амьдрал хүнд байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Халаасандаа мөнгөтэй, түүнийхээ хэмжээг яг таг мэддэг хүн бусдаас арай өөдрөг, сэтгэл санаа тэнгэр явдаг бичигдээгүй хуультай. 

Монгол хүнд өнөөдөр тэтгэврийн нэрийн данс, Баялгийн сангийн данс гэсэн хоёр данс бий. Баялгийн сангийн дансанд нь 135,000 орчим төгрөг байгаа. Нэрийн дансны хувьд, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бүх хүнд байгаа гэж бодохоор ахмадуудад арай ахиу, залуусд арай бага мөнгөн хуримтлал бичигдсэн байгаа байх.

Төр үнэхээр л ард түмэн, ард түмэн гэж байгаа бол ядаж л “Нэрийн дансандаа мөнгөтэй, тэр мөнгөө төрдөө зээлж өсгүүлж байгаа хүн шүү би” гэж тайвшрах бололцоог иргэддээ олго л доо. Хэрвээ нэрийн дансыг мөнгөжүүлчих юм бол хуримтлалын тогтолцоонд шилжих нөхцөл бүрдэнэ шүү дээ.Олон жил ажилласан нь их тэтгэвэр авна гэхээс чинь ч илүү НДШ-д төлсөн төгрөг бүхнээ бодит хөрөнгө болгож, өвлүүлэх ч боломж гарах ач холбогдолтой түүхэн шилжилтийг одоо хийе.

Чадахгүй бол чаддаг нь хийг. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна