Сургуулийн тухайд харин Н.Учрал их зөв юмнууд ярилаа. Монгол орны 6 бүс бүрт Кэмбрижийн хөтөлбөртэй сургууль хоёрыг байгуулна гэнэ. Энэ чинь нөгөө хүүхдэд юм цээжлүүлэх биш, хэрэглээний чадвар суулгана гээд байгаа аргачлал.
Одоо AI энэ тэр аймаар болоод байхад юм цээжлээд ч яахав. Интернетгүй цэг ч дэлхий дээр байхгүй болох биз. Харин нийгэм дээр, хүмүүсийн дунд, ажлын талбарт яаж өөрийгөө аваад явах вэ гэдэг л хамгийн шилдэг мэдлэг болчихлоо. Кэмбрижээс яг авах техникийн давуу талууд бас зөндөө. Төгсөөд гоё, гоё сургуулийн боломж гарна. Хэл мэлний бэрхшээлгүй төгсөнө. Хэсэг сургуулиудын дунд нэг ийм сургууль байхад л удахгүй тархаад бүгд тийм болно гэсэн үг.
Гээгдсэн түүхийн Ё.Отгонбаяр гуай анх Боловсролын сайд байхдаа кэмбрижийг оруулж ирээд. Тэгсэн чинь сонгуулиар засаг солигдож Лу.Гантөмөр гэж нэг балай гарч ирэнгүүтээ болиулчихаж байгаа юм. Тэр үедээ болиогүй бол тэгээд өдийд бүх сургууль кэмбриж, бүх сурагч англиар чөлөөтэй, мэргэжлийн суурьтай, сайн их сургуулиуд руу илүү олон хүүхэд явчих байх байлаа гэж. Цээжилдэг сургуулиудыг баяртай гэж хэлмээр л байна шүү.
Зиа кэмбриж нэг иймэрхүү. Бүс бүрд бас нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулах юм байна. Монголчууд бүгдээрээ болсон болоогүй дээд сургуулийн диплом аваад баларч байгаа хэвээрээ юу ингэхэд? Дээд мэргэжилтэй өлгүүрчин, кассчингууд төрөн гарцгаадаг. Амьдрал бол өөр зүйл шаардаж байгаа. Нарийн мэргэжил.
Хуучнаар ТМС (Тээмс)-иар олгодог чадавх. Соц-ын үед бол нийгэм өөрөө аливаа үйлчилгээ тархах боломж хомс. Хувийн хэвшил байхгүй. Жишээ нь цахилгаанчин дуудахын оронд өөрөө разеткаа задлаад засчих чадвартай байхыг эрхэмлэдэг байсан. Тийм ч болохоор тээмсийнхэн нэг их хэрэгцээгүй ч юмуу хаашаа юм. Хар ажилчин гэсэн жоохон дорд маягийн үзэгддэг байлаа даа. Одоо бол хүмүүс чадвартай хүмүүсээс үйлчилгээ авдаг болсон. “Ангийн ялгаа” байхгүй. Дэлхий нийтээр нарийн мэргэжлийнхэн эрэлт хэрэгцээ ихтэй байна. Мэргэжлийн асрагч бүр аймар өндөр цалинтай. За баахан хадуурлаа.
Төрөлжсөн ахлах сургууль гэдэг чинь хүүхдийг багаас нь мэргэжил рүү түлхэж байгаа юм. Багш нарын нэг гол үүрэг чинь ер нь хүүхдийн авьяасыг нээх шүү дээ. Ажиглана, туршина. Тэгээд ээж аавд нь хэлнэ. Хэн гуай танай хүүхэд чинь тан шиг барилгын хүн биш, анагаахад илүү дуртай, авьяастай юм байна аа гэх мэтчилэн. Тэгээд хүүхдүүдийг дуртай мэргэжлийг нь сонгуулаад, яг тийм чиглэлийн хичээлийг нь өгөөд бэлтгэнэ гэсэн үг. Төрөлжсөн ахлах сургуулийн ач тус их шүү.
Ер нь 300 мянган нөүтбүүк сургуулиудад өгөх гээд байгаа юм байна. 2027 онд эхний 100,000-г нь авчирна гэнээ. Тэр нь өртөг багатай “Chromebook” байх юм байна. За юу ч байсан яахав. Кийборд нүдээд, нэт хэсээд, AI сураад, аягүй бол код энэ тэр ойлгодог болчихвол л хүүхдүүдэд хэрэгтэй. Дэлхий тийм хэлтэй байхад. Тэгээд тэрэн дээрээ суурилаад гүүглийн лаборатори сургууль гээд бүр даамжрах юм байна. “Chromebook” нь өөрөө гүүглийнх. Болчихдог бол ч сайхан л байна л даа.
За тэр дотуур байр чухал шүү. Хүүхэд юм сурахад орчин, сэтгэл санаа хамгийн чухал байсныг хожуу ухаарлаа гэж, миний монголчууд. Булли энэ тэр гээд уг нь бас эрвийхээрээ хөдлөөд л байна. Орон даяар 4500 хүүхдийн дотуур байр баригдана 2027 онд. За тэр ногоон сургууль гээд уг нь бас хэрэгтэй л юм. Гэхдээ эхлээд яг “талх, боорцог”-оо базаачихаад, дараа нь тэр тансаг хэрэглээ рүү гээ ормоор санагдсан. Зардал мөнгө нь гайгүй бол ч яахав.
А.Бадрал
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна