ХААН банк ногоон санхүүжилтийн туршлага, үр дүнгээ хуваалцлаа

Х.Есү
43 минутын өмнө

Европын сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын 20 жилийн ойн хүрээнд “Тогтвортой шилжилтийг дэмжих санхүүжилт: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйг санхүүжүүлэх нь” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж, Монголд хэрэгжүүлсэн ногоон эдийн засгийг дэмжих санхүүгийн үйлчилгээ буюу ГЕФФ хөтөлбөрийн үр дүн, туршлагыг хэлэлцэн, хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлтийг хийлээ. 

ЕСБХБ болон Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж буй “ГЕФФ-Монгол” хөтөлбөрийн түнш-хэрэгжүүлэгч банкаар ХААН банк 2022 оноос ажиллаж байна. 

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицоход иргэд аж ахуйн нэгжүүдийг дэмжин ногоон технологид хөрөнгө оруулах, санхүүжилтийг олгох зорилготой энэхүү тус хөтөлбөрийн хүрээнд 2026 оны эхний хагас жилийн байдлаар ХААН банкны 251 харилцагч 127.4 сая ам.долларын эх үүсвэрийг ногоон зээл хэлбэрээр авч, бизнесээ тогтвортой байгаль орчинд ээлтэй, зардлын хэмнэлттэй өргөжүүлээд буй. 

ГЕФФ хөтөлбөрийн нэг онцлог нь иргэд, бизнес эрхлэгчдэд ногоон технологи нэвтрүүлэх зээл олгоод зогсохгүй ЕСБХБ-наас зөвлөх үйлчилгээ санал болгож, бизнесээ тогтвортой, урт хугацаанд амжилттай эрхлэх мэдлэг чадавх сайжруулах сургалтад хамруулдаг.

ХААН банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр болон ногоон санхүүжилтийн ахлах менежер Б.Сувд нар “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйг санхүүжүүлэх нь” сэдэвт хуралд панелистээр оролцож, ногоон санхүүжилтийн чиглэлээр ажиллаж буй туршлага, харилцагчдад үзүүлж буй эерэг нөлөө, цаашдын зорилго чиглэлээ хуваалцлаа. ГЕФФ төслийн дараагийн шатны  санхүүжилтийг хүртээмжтэй үр дүнтэй төслүүдэд олгоход ХААН банк үргэлжлүүлэн ажиллах бөгөөд ирэх жилүүдэд залуу бизнес эрхлэгчдийг дэмжихээр 170 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг ЕСБХБ-тай байгуулаад байна. Мөн энэ үеэр ГЕФФ төслийн хүрээнд нийгэм, байгаль орчинд хэрэгцээтэй шинэлэг үр дүнтэй өөрчлөлтийг бий болгосон шилдэг санхүүгийн байгууллагаар ХААН банкийг, мөн шилдэг төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар ХААН банкны томоохон харилцагчид “Милко” ХХК, “Land&House” ХХК,  “Daek Wang” ХХК-ийг тус тус шалгаруулан өргөмжлөл гардуулсан юм.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев хэлэхдээ, “Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөрийн хоёр дахь үе шат нээлтээ хийж, таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Нийтдээ 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг ногоон технологи, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад зарцуулна. Ногоон технологи хэрэгжүүлэгч нарт дэмжлэг үзүүлж санхүүжилтийг нь ХААН банк, Хас банк, Голомт банк зэрэг найдвартай түнш байгууллагуудаараа дамжуулан олгох юм. Одоогоор “ХААН банкинд 80 сая ам.долларын зээлийг нийт 170 сая ам.долларын санхүүжилтийн багцын нэгээхэн хэсэг болгон олгоод байна” гэв.

                                             Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна