Нутгийн иргэд нь хэдэн жилийн турш тэмцэл өрнүүлж, тусгай хамгаалалтад авахаар болсон Тост, Тосон бумбын нуруунд өнөөдөр ”Саус гоби коэл транс" олборлолт хийхээр, кэмпээ байгуулж, хөрс хуулалт хийж эхлээд байгаа. Уг нь дэлхийд ховорт тооцогдох байгалийн өвөрмөц тогтоц бүхий тус нурууны 896 527.44 га газрыг байгалийн нөөцөд бүртгэн тусгай хамгаалалтад авахаар болсон ч гуравдугаар сарын 15-нд баталсан Засгийн газрын тогтоолоор 153 мянган га газрыг хасч тогтоосон.
Яг энэ газарт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн 50 хувийг нь эзэмдэг компани олборлолт хийж эхлэн, орон нутгийнхан эсэргүүцэж байна. Сумын тамгын газраас тус компанийн ажилтай танилцаад байгаль орчны нөлөөлөл, орон нутгийн зөвшөөрөлгүй хэмээн үйл ажиллагааг нь 10 хоног түдгэлзүүлээд байгаа. Харин нутгийн иргэд бүр огтхон ч олборлолт хийлгэхгүй хэмээн эсэргүүцэж байна.
Энд олборлолт хийвэл Хөвх, Хуршуутын гол тасалдаж, баян бүрд устана гэж үзэж байгаа юм. Өнөөдөр /2017.03.23/ байдал ямар байгааг тодруулахад одоогоор ”Саус гоби коэл транс"-ын ажил түр зогссон. Бүр зогсоохыг шаардан, нутгийн иргэд гарын үсэг цуглуулж байгаа, удахгүй Засгийн газарт гардуулан, тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэлээ.
Харин яагаад нөөц газраас хасагдсан болон ”Саус гоби коэл транс" ажиллаж буй энэ газар нөөцөд хамаарах эсэхийг Байгаль, орчин,аялал жуучлалын яамнаас тодруулахад Засгийн газрын тогтоол, хил хязгаарыг зураг албан ёсоор тус яаманд ирээгүй байгаа, ирэнгүүт нь албаны хүмүүс хэвлэлийнхэнд тайлбар өгнө гэлээ.
Юу болсон бэ?
-2010.06.30 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг дахь 668912 га талбайг “Орон нутгийн хамгаалалтай газар” газар болгон батлав.
-2015.11. Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амь насаа алдав. Тэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг хамгаалж, улсын хамгаалалтад оруулахаар тэмцдэг байв. Тухайн үед Тостын нуруунд лиценз эзэмшдэг компаниудын нэр ил болж шуугиан тарьж байсан. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг (50 хувь) "Саус гоби коэл транс" компани.
-2016.03.29 УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар санаачлан хуулийн төсөл өргөн мэдүүлж, Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагийг 896 527.44 га-гаар тогтоосон хуулийг батлав.
-2017.03.10 "Саус гоби коэл транс" байгалийн нөөцөд оруулахаар санал болгосон Хуршуудын голд кэмп байгуулан нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлэв.
2017.03.15. Засгийн газар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га /153 000га-г хасч/ тогтоов.
2017.03.15. Сумын засаг захиргаанаас "Саус гоби коэл транс" –ийн үйл ажиллагааг түр зогсоов.
2017.03.18-"Саус гоби коэл транс" хөрс хуулалт хийх, шав тавих ёслол хийв.
Хэн юу хэлэв?
Болж буй үйл явцын талаар хэвлэлд ийн байр сууриа илэрхийлжээ
Гурвантэс сумын “Гайхамшигт говь” АЖХ-ны тэргүүн Х.Түмэндэлгэр:Тэд хөрсийг есөн км орчим хусчихсан. Тэгэхээр Говийн мод, бут сөөгийг яаж сүйтгэсэн байх вэ.
-“Гол мөрөн, хурын усаар тэжээгдэж байсан гүний усны цэг дээр Сангийн сайдын хувийн компани байрлачихаад байна. Тэд хөрсийг есөн км орчим хусчихсан. Тэгэхээр Говийн мод, бут сөөгийг яаж сүйтгэсэн байх вэ.
Би Сангийн сайд Б.Чойжилсүрэн талбайгаа хамгаалалтад оруулахгүй авч үлдсэн байна гэж хардаж байгаа. Яагаад гэхээр Засгийн газар хилийн заагийг тогтоохоос өмнө Б.Чойжилсүрэнгийн компани энд ирээд буучихсан байсан. Сангийн сайд хүн, үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа хүн, Засгийн газрын хурлаар хилийн заагийг тогтоох гэж байхад мэдэхгүй байна гэж үгүй
ЭХ СУРВАЛЖ:MEDEE.MN
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл:Засгийн газрын сайдын хувийн компанитай шууд холбоотой асуудал байгаа учраас АТГ анхаарлаа хандуулах ёстой.
-Тост, тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг санаачилсан хүний нэг нь та. Засгийн газар тогтоолын төсөлд тусгагдсан хэмжээнээс багасгаж, хилийн заагийг тогтоосныг та юу гэж үзэж байна вэ?
-УИХ-ын тогтоолыг анх 896527 га-аар оруулж ирсэн. Энэ тогтоолын дагуу Засгийн газар хилийн заагийг тогтоохдоо 153 мянган га-г хасаад тогтоосон байна. Миний таамаглаж байгаагаар 153 мянган га-г хамгаалалтаас гаргаж, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн компани уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжийг хангаж байна гэж харж байгаа. Тост, Тосон бумбын нуруу, Хөвдийн гол гэж булаг шандтай газар хоёрын дундах газрыг ухаад эхэлвэл уулын урдуур урсаж байгаа гол, ус байхгүй болно. Ийм газрыг тусгай хамгаалалтаас гаргачихаад байгаа юм.
-Засгийн газар УИХ-ын тогтоолын төслийг ингэж өөрчилж болдог юм уу?
-Засгийн газар УИХ-ын батлагдсан тогтоолд тусгагдсан хэмжээгээр хилийн заагийг тогтоох ёстой. Гэтэл 153 мянган га-гаар дутуу тогтоосон байна. Энэ асуудлыг Засгийн газар дээрээ дахиж ярих ёстой. Одоо Гурвантэс сумын Иргэдийн хурал, засаг захиргааныхан тооллогоо хийж үзэх хэрэгтэй. Орон нутаг ашиглалтын зөвшөөрлийг нь өгөхгүй байх эрхтэй шүү дээ. Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газар Сангийн сайдын хүчинд автаад байна уу гэдгийг олох, Засгийн газрын сайдын хувийн компанитай шууд холбоотой асуудал байгаа учраас АТГ анхаарлаа хандуулах ёстой. Энд маш том ашиг сонирхлын зөрчил явагдаж байна. ЭХ
СУРВАЛЖ:MEDEE.MN
Лизензийг цуцалбал 660 сая төгрөгийн нөхөн төлбөр олгоно
-Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр нь Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгасан гэх асуудал яригдаж байна. Хилийн заагийг тогтоохдоо орон нутгийнхны саналыг тусгаагүй юм уу?
-Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө Тост, Тосон бумбын нурууг аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байсан. Нийт 600 мянган га газар хамарч байсан.
Дараа нь улсын тусгай хамгаалалтад авах асуудал яригдсанаар Шинжлэх ухааны академийн Гео экологийн хүрээлэнгийн эрдэмтэд судалгааг эхлүүлсэн байдаг юм. Мөн энэ цаг үетэй давхацаад өмнөх УИХ-д ажиллаж байсан гишүүдэд нэмэлт газруудыг улсын тусгай хамгаалалтад хамруулах санал иргэдээс ирсэн байдаг юм билээ. Энэ саналаар Тост, Тосон бумбын нурууны хилийн заагийг тогтоохоор өргөн хүрээг хамарч, хэд, хэдэн лицензит газар хамрагдаж таарсан. Хэрвээ эдгээр лицензэт талбайг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргавал төр эзэмшигчдэд нь нөхөн төлбөр өгөх шаардлагатай болно. Нөхөн төлбөрийн хэмжээ 13 тэрбумаар яригдаж байсан. Гэхдээ эцсийн дүндээ эрдэмтдийн судалгаанд үндэслэн хилийн заагийг тогтоосон. Үүгээр долоон хайгуулын лицензэт талбай хамрагдсан. Нөхөн төлбөрт нь 660 орчим сая төгрөг төрөөс олгох чиглэлтэй байгаа.
-Уул уурхайн үйл ажиллагаа нь цоохор ирвэс амьдрах орчинд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа юм уу. Судалгааг яг хэн гардаж хийсэн юм бэ?
-Газар зүй, гео экологийн хүрээлэн судалгаа хийхдээ ирвэсний байршил, шилжилт хөдөлгөөн гээд олон зүйлийг нарийвчлан үзсэн байдаг.
Өнөөдрийн тогтоосон хэмжээнд хилийн заагийг батлахад боломжтой, сөрөг үр дагавар гарахгүй гэж дүгнэлт гарсан учраас тэр хэмжээгээр нь хилийн заагийг тогтоосон. Шинжлэх ухааны доктор н.Оюунгэрэл ахлан нарийвчилсан судалгааг газар дээр нь хийсэн.
Сэтгэгдэл бичигдээгүй байна