Дэлхийн банкны судалгаагаар Хөдөө орон нутагт СӨБ-ын чанарыг сайжруулах шаардлагатай гэв

2017/03/29
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дэлхийн Банкнаас 2015 онд хийсэн Сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/-ын хүртээмж, чанар, хүүхэд хөгжлийн үр дүнгийн талаар хийсэн судалгаагаар Хөдөө орон нутагт сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай хэмээн зөвлөжээ. 

Энэхүү судалгааны тайланг өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд олон нийтэд танилцууллаа.

Цэцэрлэгт хамарсан хүүхдүүдийн судалгаанаас харахад тэдний сургуульд бэлтгэгдсэн байдал ихээхэн зөрүүтэй байгаа нь илэрчээ. Малчин өрхийн хүүхдэд зориулсан гэр бүлд суурилсан тусгай сургалт, цэцэрлэгийн сургалтын материаллаг бааз болон үйл ажиллагааг сайжруулах нь энэхүү зөрүүг арилгахад тустай гэдгийг тайланд онцолжээ.

СӨБ-д хамарсан хүүхдийн тоо 2005-2015 онд хоёр дахин өсчээ. СӨБ-ын хамран сургалт ийнхүү нэмэгдсэн хэдий ч бага насны хүүхдийн боловсролд хамгийн их хамрах хэрэгцээтэй байгаа бүлэг буюу хөдөөгийн малчид болон амьдралын боломж доогуур өрхийн хүүхдүүд харьцангуй бага хамарч байна. Хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын ялгааг арилгах боломжтой юм.

Гэр бүлийн гишүүд гэртээ ном унших, дуу дуулах, хамтдаа тоглох зэргээр хүүхэдтэй цагийг хамт өнгөрүүлэх нь хүүхдийн сэтгэн бодох чадварт ихээхэн үр нөлөө үзүүлдэг байна. Энэ нь алслагдсан орон нутгийн хүүхдүүдийн сургуульд орох бэлтгэлийг хангахад гэр бүлд суурилсан боловсролын хөтөлбөр чухал нөлөөтэй болохыг харуулж байна хэмээн мэргэжилтнүүд хэллээ.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь: Монгол Улсын Засгийн газраас бага насны хүүхдийг хөгжүүлэхэд анхаарал тавьж, цэцэрлэгийн хүртээмж, чанарыг сайжруулах, СӨБ-д хамарч чадахгүй байгаа малчдын болон төв суурин газрын хүүхдэд тэгш хүртээмжтэй боловсрол олгох зорилт тавьж байгаа. Нийт СӨБ-д хамарвал зохих хүүхдийн 80 хувь нь хамраад байна. Энэ нь хот, хөдөөд харилцан адилгүй байгаа юм.

Хөдөө орон нутагт нүүдэллэж амьдарч байгаа малчны хүүхэд цэцэрлэгт хамрах боломж тааруу байдаг. Харин зуны улиралд малчдын хүүхдийг гэр цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатар хот, төв суурин газрын зарим хороонд цэцэрлэг хүртээмжгүй байгаа. Тиймээс Японы Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд цэцэрлэг барьж байгуулах ажилд анхаарал хандуулж байна.

Энэхүү судалгааны тайлан болон мэргэжилтнүүдийн гаргасан зөвлөмжийг боловсролын салбарын ажиллагсад, бодлого боловсруулагчид өөрийн орны онцлогт нийцсэн СӨБ-ын бодлогыг хэрэгжүүлэх, цаашид улам боловсронгуй болгох, чанартай үйлчилгээг хүүхэд бүрт хүргэх замаар хүүхдийг бүх талаас нь хөгжүүлэх үйл ажиллагаандаа ашиглах юм.

Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Г.Пагма: Нийт 160 гаруй цэцэрлэгийн хүүхдийн дунд бага насны хөгжлийн үр дүн болох суралцах үйл явц, нийгэм сэтгэл зүй, биеийн хөдөлгөөн, тоо тоолол, сэтгэн бодох ур чадварын үнэлгээг хийсэн.

Мөн судалгаанд хамарсан хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдын өрхийн нийгэм эдийн засгийн байдал нь тухайн хүүхдийн өсөлт хөгжлийн үр дүнд хэрхэн нөлөөлж буйг уялдаатай гаргаж ирэхийг зорьсон. Сургуулийн өмнөх боловсролын хувьд хүүхдийн хөгжлийн талаас нь тоо тоолол, математикийн орчны талаар илүү анхаарах шаардлагатай гэсэн дүр зураг гарсан.

Цаашид СӨБ-ын байгууллагуудыг чанартай сургалтын хэрэглэгдэхүүн, материалаар хангах, ялангуяа тоо тоолол, математикийн орчныг нь илүү сайн бүрдүүлж өгөх ёстой. Мөн алслагдсан хөдөө орон нутгийн малчдын хүүхдүүдэд олгох СӨБ-ын чанарыг сайжруулах шаардлагатай.

“Бага насны хүүхдийн боловсролд хөрөнгө оруулах нь алсдаа эдийн засаг болоод нийгмийн ихээхэн үр өгөөжийг авчирдаг. Аль болох бага байхад нь чанартай боловсрол олгох нь хүүхдийн цаашдын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, нийгмийн халамж үйлчилгээ бага шаардах, гэмт хэргийн хувь хэмжээ буурах, хөдөлмөрийн бүтээмж дээшлэх зэрэг үр нөлөөтэй.

Энэхүү тайланд Монголын ирээдүйг тодорхойлох боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах талаар олон чухал зөвлөмж багтсан” гэдгийг Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон онцлов.

Мөн СӨБ-д хамарч чадахгүй байгаа хот суурин газрын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах, хотын цэцэрлэгүүдийн ачааллыг багасгах үүднээс хот суурин газруудад цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тайланд онцолсон байна. Гэвч хүүхдүүдийн цэцэрлэгт явах хугацааг уртасгах, илүү бага наснаас цэцэрлэгт хамруулах нь сургуульд бэлтгэгдсэн байдлын ялгааг багасгахад хангалттай биш юм.

Иймээс цэцэрлэгийн санхүүжилтийг сайжруулах, илүү сайн сургалтын материалуудаар хангах болон ангид явуулах үйл ажиллагааны төрлийг нэмэгдүүлэх зэрэг цэцэрлэгийн чанарыг сайжруулахад чиглэсэн зорилтот хөрөнгө оруулалтуудыг уг тайланд зөвлөмж болгожээ. 

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна