Монгол төрийн босго ямагт өндөр байх учиртай

2017/05/05
Төрийн сүлдэндээ залбирч, төрөө дээдлэн хүндэлдэг монголчууд сар гаруйн дараа долоо дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гэж байна. Ганц тойргоос бус орон даяар бүх сонгогчдын шалгуураар сонгогддог гэдэг утгаараа төрийн тэргүүнээ ямар хүн байх ёстойг сонгогчид дор бүрнээ дэнсэлж суугаа. Ямар шалгуур, ямар хэмжүүрээр хандах нь тухайн сонгогчийн бүрэн эрх.
 
Гэхдээ улс орон, ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн шалгуураас гадна хууль эрх зүйн талаас ч тавьдаг босго, шалгуурууд ч олон. Хувь хүний төлөвшил, боловсрол, мэдлэг чадвар, туршлага, туулсан замнал, ёс зүй зэрэг нийтлэг олон шалгуур, хэмжүүр бий. "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэсэн сургааль ч бий. Энэ утгаараа эдгээр бүхий л шинжийг шингээсэн хүн төрийн тэргүүн байгаасай гэсэн хүлээлт ард иргэдийн дунд байдаг. Тиймдээ ч монгол төрийн босго ямагт өндөр байх учиртайг байнга сануулсаар ирсэн ард түмэн. Нөгөө талаас төрийн тэргүүний өндөр сэнтий, албан тушаал бол монгол төрийн босго өндөр болохыг батлан харуулдаг хэмжүүр, шалгуур юм. Энэ өндөр босгоор хэн дуртай нь алхаад орчихдог ч юм биш. Хэн дуртай нь давчихдаг хялбар даваа ч биш. 
 
Төрийн тэргүүн бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Улс орон, ард олныхоо нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэгч, эв нэгдлийг уриалагч, эв нэгдлийг үлгэрлэн манлайлагч байх учиртай. Монголчууд нэг зорилго, нэгдмэл эвтэй байсан цагтаа л хүчирхэг байсан. Энэ цаг үе, ард олон төр засгаас зөвшилцөл ойлголцол, эв нэгдэл, тогтвортой байдлыг хүсч байна. Энэхүү зөвшилцөл, тогтвортой байдлыг дэмжин дэвжээх, ард иргэд, улс орны эрх ашгийг эрхэмлэн дээдлэх үүргийг төрийн тэргүүн хүлээдэг. Улс төрийн намууд эв зүйгээ олохгүй бол голчийг олж хэлдэг, эрх баригчид хөлөө олохгүй бүдэрвэл алдаа дутагдлыг нь сануулдаг, амжилт ололт гаргавал сайшаан дэлгэрүүлдэг, ард олныхоо талд тэргүүн эгнээнд зогсдог ийм л албан тушаалтан. 
 
Ийм ч учраас улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж байгаа энэ цаг үед сонгогчид нэр дэвшигчдийг лангуу дээрх "бараа" мэт сонжин сайн муу талуудыг нь нэрлэж үзэл бодлоо уралдуулж байна. Хөдөөгийн малчин Доржоос эхлээд хотын дугаар хорооны иргэн Должин эмээ хүртэлх сонгуулийн насны бүхий л хүмүүс дараагийн төрийн тэргүүн ямар хүн байх вэ гэдэг сэдвээр үзэл бодлоо илэрхийлж, санал бодлоо солилцож, маргалдаж мэтгэлцэж байна. Ингэхдээ гагцхүү  Ерөнхийлөгч гэж ямар албан тушаал вэ, ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ, ямар шалгуур, нөхцөл, босго хангасан хүн энэ албыг хаших ёстой вэ, Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг юу гэж тунхаглан заасан бэ, ямар мэдлэг туршлагатай хүн энэ эрх үүрэг, хариуцлагыг хариуцан авч явж чадах вэ гэх мэт олон хэмжүүрийг тунгаан бодох нь зүйтэй мэт санагдана. Монгол төрийн босго ямагт өндөр байх учиртай. Өндөр байлгах тэрхүү сонголтыг ард түмэн шийддэг. 
 
Р.Оюунгоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна